Өмнөговьчуудын ганц сонголт хэн байх вэ

Эрдэнэсийн авдар болсон нутгаас УИХ-д суучих юм бол нэг үгээр хэлэхэд тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Тийм ч учраас өрсөлдөөн их. Гэтэл Сонгуулийн тухай шинэ хуулиар ганц мандаттай болсон. 50 мянга орчим хүн амтай, Монголын хамгийн том газар нутагтай, газрынх нь судал бүрээр эрдэнэс алагласан энэ нутгаас ганцхан хүн УИХ-д сууна. Гэтэл өнөөдрийн байдлаар арваад хүн нэр дэвшихээр горилж явна.

Х.БАДАМСҮРЭНГ Б.ДОЛГОРООР СОЛИХ УУ

Өмнөговьд Монгол Ардын намаас нэр дэвшихээр дөрвөн хүний нэр олны дунд явна. Өнгөрсөн сонгуулиар Х.Бадамсүрэнг өмнөговьчууд УИХ-д илгээсэн. Х.Бадамсүрэн гишүүн бол өнөөгийн парламентад хорхойд хоргүй нэгэн гэсэн нэр томьёонд орж явдаг. Гэхдээ өмнө нь албан тушаалаа урвуулан ашиглаж шүүхийн хаалга татаж явсныг нь монголчууд мартаагүй. Харин эцэст нь нэр цэвэр үлдсэн улстөрч. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрбум төгрөгийн буянд нутагтаа чамгүй зүйл хийсэн гэж ойр тойрныхон ярьдаг юм билээ. Улс төрийн тайзны жүжигт гол дүрд тоглодоггүй ч туслах дүрийг гайгүйхэн гүйцэтгэж чадах хүн. Телевиз, сонины сэтгүүлчдийн хараанд өртөөд байдаггүй. Энэ удаа тэрбээр нутагтаа дахин үзэхийг бодож суугаа. Харин мандат олдоно гэдэг нь асуудалтай. Яагаад гэвэл түүний өмнө Б.Долгор гэж хатуу учраа бий.

Сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн 20 хувь нь хүүхнүүд байна гээд заачихсан. МАН-аас улс төрд хат суусан эмэгтэйчүүдийн нэг нь Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор. МАН-аас нэр дэвших хүүхнүүдийн тэргүүн эгнээнд тэр орно. Мандат гуйгаад байх ч шаардлагагүй. Эмэгтэй хүн болж төрснийхөө ачаар энэ удаа Х.Бадамсүрэнг мөргөж мэдэх юм. Тэгээд ч МАН Б.Долгорыг нутгаасаа суудал чирээд ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Төрд хатан ухаан үгүйлэгдэж байна гэсэн үзэл хүчээ авсан энэ цагт Б.Долгор ногоон гэрлээр УИХ-д сууж мэдэх юм. Өмнө нь УИХ-д сууж байсан туршлагатай улстөрч, сайн ч хуульч. Өмнөговьчуудыг төлөөлж парламентад сууж байхдаа бүх сумдыг цахилгаантай болгосон гээд дурьдаад байх юм бол хэлэх үгтэй хүн. Нам Б.Долгорыг ирэх сонгуульд сойх нь тодорхой байх. Б.Долгорын хувьд Өмнөговьд л нэр дэвшинэ.

Өмнийн говиос сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүсийн нэг бол аймгийн МАН-ын хороон дарга Л.Энхболд юм. Мөн дэд дарга Ж.Отгонбаяр аз таарвал УИХ-д суучих сонирхол нууцхан өвөрлөж яваа. Энэ хоёрын хажуугаар Сити группийн ерөнхийлөгч А.Сүхбаатар, МАХН-д элссэн Тэмээн поло спортын холбооны тэргүүн Ц.Оюунбаатар нар нэр дэвших хүсэлтэй яваа. Харин тэд өмнө нь ялагдаж байсан болохоор найдахгүй л болов уу.

Ц.БАЯРСАЙХАНЫ ОРОНД АЖНАЙ-Н Д.БАТ-ЭРДЭНЭ ОЧИХ УУ

Ардчилсан намаас Өмнөговьд нэр дэвших магадлалтай гурав дөрвөн ч хүн байна. Хэнийг нь ч сойж болохоор шаанстай нөхөд гэсэн үг. Тэднийг Ажнай-н Д.Бат-Эрдэнэ ноёлно. Д.Бат-Эрдэнэ бол Монголын толгой бизнесмэнүүдийн нэг. Тэр ч бүү уул уурхайн салбарт эрхэлсэн бизнесээрээ олон улсын тавцанд Монголын нэрийг гаргаж яваа хүн. Гадаадад тансаг харштай, хувьдаа нисэх онгоц, усан онгоцтой гээд хөрөнгө хогшлынх нь талаар амтай болгон л цуурдаг.

Мөнгөтэй хүн болохоор Өмнөговьд бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлэх боломжтой гэсэн үг. Тэр 2008 онд Өмнөговьд хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг байсан. Нүүрсний бизнес эрхэлж нутгийн зон олондоо чамгүй их хувь хүртээсэн. Таван толгой компанийн томоохон хувь эзэмшигч болохоор өмнөговьчууд Д.Бат-Эрдэнийг ирэх сонгуульд гаргахад болохгүй нь юу байхав гэцгээдэг аж. Тэрбээр Говь шанхын хурд уралдааныг нутагтаа тогтмол зохион байгуулж ирснээрээ өөрийнхөө нэрийг нэлээд өргөөд авсан. Өнгөрсөн сонгуулиас хойш нүүрс зөөж Өмнөговьд чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тийм ч учраас ирэх сонгуульд Д.Бат-Эрдэнэ гараад ирэх боломжтой. Түүний гол өрсөлдөгч нь Ц.Баярсайхан.

Ц.Баярсайхан бол гурван удаа сонгогдсон даян аварга. Ямар ч хүчтэй өрсөлдөгч ирсэн Ц.Баярсайханыг өмнөговьчууд сонгоод л явуулдаг. Ард түмнийхээ итгэлийг хэр зэрэг даасан гишүүн болохыг гурван удаа сонгогдсон нь батлах биз. Нэр хүндтэй улстөрч гэж нутгийнхан үнэлнэ. Харин олны дунд бол тийм их танил биш. Гэхдээ гурван парламентын нүүр элээсэн хүн ямар тактикаар улс төрийн тоглоомд оролцохоо мэддэг л байх. Өмнөговь ганцхан мандаттай учир тэр Д.Бат-Эрдэнэтэй тулалдах болно. Магадгүй гурван удаа парламентад суусан учраас намын нэрээр явах 28 хүний жагсаалтад орж болох юм. Эсхүл Д.Бат-Эрдэнийг 28-д багтааж замаа цэвэрлэх байх. Гэтэл дахин нэг том өрсөлдөгч гараад ирсэн. Тэр нь аймгийн Засаг дарга Б.Бадраа.

Б.Бадраа Засаг дарга болохоор аймагтаа нэр хүндтэй. Төсвийн ч бай, хувийн ч бай мөнгөөр нэлээд их бүтээн байгуулалт хийсэн. Хэний ч мөнгө байж болно. Хамгийн гол нь Б.Бадраа засаг ноён байх хугацаандаа бүтээн байгуулалтад голлон анхаарсан. Аймагтаа бол бас намаа атгасан хүн. Тэр Ц.Баярсайхан гишүүн Ажнай-н Д.Бат-Эрдэнэ хоёрт хамгийн том шаантаг. Гэхдээ хөрвөөлөө хөрвөөлөө гээд хөрсөө эргүүлдэггүй шиг хүсэл байсан ч энэ удаа Б.Бадраа сонирхлоо дарах байх.

Мөн аймгийн Ардчилсан намд өөрийн гэсэн нөлөөг тогтоосон Д.Чинзориг ч хүч үзэхээр зэхэж байгаа бололтой. Тэрбээр ҮЗХ-д сонгогдоогүй. Мөн намдаа хандивын 50 сая төгрөгөө өгсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Л.Цэрэнжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button