Хотын гэрэлтүүлгийг орчин үеийн хэмжээнд хүргэхэд 30 тэрбум төгрөг шаардлагатай

Үнэхээр ч хөрөнгө мөнгө нэмэгдэхийн хэрээр орчин үеийн шинэлэг технологи, лед гэрлийг ашиглаж эхэлсэн. Энэ жил гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ болон шинээр тавихад зориулан нийслэлийн төсвөөс есөн тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хөрөнгөөр хаана ямар ажил хийгдэх болон гэрэлтүүлгийн ажлын бусад асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Улаанбаатар хотын гэрэлтүүлэгт тодорхой ажлууд хийгддэг ч ахиц дэвшил төдийлөн харагдахгүй байна. Өнгөрсөн жилийн хийсэн гэрэлтүүлэг энэ жил асахгүй байх жишээтэй. Тэгэхээр гэрэлтүүлгийг сайжруулахын тулд яах ёстой вэ?

-2012 онд хотын гэрэлтүүлгийг сайжруулах чиглэлээр тодор­хой ажлуудыг хийх гэж байна. Нэгдүгээрт хөрөнгө оруулалтын ажлууд бий. Хоёрдугаарт Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний чанарыг сайж­руулах ажлыг дүүргүүд, холбогдох байгууллагуудтай хамтраад зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд оны эхнээс хоёр сард нэг удаа дүүргүүд дээр Чанар манай зорилт гэсэн ажил хэргийг уулзалтыг зохион байгуулж байна. Нэгдүгээр сард Захирагчийн Ажлын Алба зохион байгуулсан. Юуны өмнө хотын гэрэлтүүлэгт үүсээд байгаа асуудлуудыг хамтын хүчээр шийдэх зорилгыг тавьсан. Ингэхдээ менежментийн чиглэлээр өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Нөгөө талаас ажил хэргийн чанартайгаар юу хийхийг ярилцсан байгаа. Нэгдүгээр сард гарсан санал шүүмжлэлийн хүрээнд хийгдсэн ажлууд саяхан дууслаа. Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа тоолууруудын бичилт зөв хийгдэж байгаа эсэх, гэрлийн самбар бусад тоног төхөөрөмж аюулгүй байдлыг хангаж байна уу гэдэгт УБЦТС компанитай хамтраад дүүрэг бүрт шалгалт хийгээд дууслаа.

Шалгалтын эхний дүнгээс харахад Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн тоолуурын бичилт буруу хийгдсэн, цагийг нь буруу тохируулсан, тоолуурыг буруу байрлуулсан зэрэг зөрчил гарсан. Тиймээс шалгалтаар илэрсэн дутагдлыг хэрхэн арилгах, ямар хэмжээний хөрөнгө зарцуулах талаар төв комисс дээр ярилцахаар болсон. Ер нь хотын гэрэлтүүлэгт хийгдэж байгаа ажлын чанарыг сайжруулах нь гол анхаарах асуудал байна. Ингэхдээ төсөвлөсөн хөрөнгийг үр ашигтайгаар зарцуулах шаардлага байна. Мөнгийг тодорхой бус байдлаар зарцуулснаар ажлын чанар мууддаг. Нөгөө талаар төлөвлөлтийг зөв хийсэн эсэхэд хяналт тавих хэрэгтэй гэдэг нь бидний хийсэн удаа дараагийн уулзалтаас харагдаж байгаа юм.

Эхлээд бид ажил хариуцсан бүх хүн, байгууллагын саналыг сонсъё. Үүнийхээ үндсэн дээр ажлынхаа чиглэлийг тодорхойлох байр суурийг баримталж байгаа. Гэхдээ бүх ажил сайн сайхан яваа гэж хэлж чадахгүй. Зөрчил байна, хяналт шаардлага зохих түвшинд хүрэхгүй байна. Цаашдаа ч менежментийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Дүүргүүдийн ажил хариуцагч байгууллагуудын ажил сайн байгаа ч зарим төлөвлөгөөт ажлыг хийхгүй байна. Гэрэлтүүлгийн шон, гэрэлтүүлэгчийг жил бүр будах ёстой.

Гэрэлтүүлгийн шон дээр холбоо мэдээллийн шугам тавьчихаад байхад буулгуулах талаар ямар ч шаардлага тавьдаггүй зэрэг дутагдлууд гарч байгаа. Гудамж талбайн гэрэлтүүлгийн шон дээгүүр татсан кабелиудыг буулгахаар холбогдох байгууллагуудад шаардлага өгсөн байгаа. Гэсэн ч энэ ажил эхлээгүй байна.

Тиймээс тодорхой хариуцлага тооцох ёстой гэж бид үзэж байгаа.

-Хот нийт хичнээн гэрэлтүүлэгтэй вэ? Энэ жил хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар тодруулахгүй юу?

-2011 онд тавьсан гэрэлтүүлэгтээ нийлээд 20 мянга орчим гэрэлтэй болж байгаа. Энэ жил тавны нэг дахин нэмэгдэнэ. Дүүргүүдээс ирсэн саналыг газар дээр нь явж үзсэний дагуу хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлтийг хийж байна. Эхний ээлжинд огт гэрэлтүүлэггүй нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хороололд гэрэлтүүлэг тавина. Энэ чиглэлд нийт 4600 орчим гэрэл шинээр тавихаар төлөвлөсөн. Хотын гэрэлтүүлгийг шинээр тавьж байгаа ч хуучин гэрэлтүүлэг маань тодорхой хугацааны дараа муудаж, ашиглах аргагүй болдог. Журмаараа бол таван жил тутамд шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх ёстой. Тиймээс гэрэлтүүлгийн кабель шугамын шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Хамгийн сайн чанартай кабель 25 жил болоод ашиглалтаас гардаг.

Үүнээс гадна хуучин гэрэлтүүлэгчүүдийг солих ажил бий. Хотын төвийн гол гудамжнуудын гэрэлтүүлгийг Эрчим хүчний хэмнэлттэй лед гэрлээр солих ажлыг энэ жил хийнэ. Лед гэрлийг өмнө нь тавьсан газруудад эрчим хүчийг 1.5-2 дахин бага хэрэглэж байгаа. Үүнээс гадна хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай. Бас нэг хийгдэх ажил нь гэрэлтүүлгийн чанарыг сайжруулах, ялангуяа гэр хороололд. Агаарын бохирдолттой холбоотойгоор өвлийн улиралд гэр хороололд гэрэлтүүлэгт хүчдэлийн уналт үүсээд, гэрэл бүүдийдэг. Тиймээс зөвхөн гэрэлтүүлгийг хангах под станцуудыг тавих ажил хийгдэж байна. Сүхбаатарт найм, Чингэлтэйд тав, Баянголд дөрвөн ширхэг под станц тавина.

Ингэхээр гэрэлтүүлгийг найдвартай эрчим хүчээр хангах ажлын эхлэл гэж болно. Энэ бүхнээс гадна хотын гэрэлтүүлгийн менежментийн чиглэлээр зарим өөрчлөлтийг хийхээр болсон. Энэ хүрээнд 2012 онд ойролцоогоор 950 айлын хашаанд гэрэлтүүлэг тавина. Өөрөөр хэлбэл иргэдийн саналын дагуу айлын хашаанд бага чадлын лед гэрлэн прожукторуудыг тавьж өгнө. Прожукторууд нь хүн явахаар өөрөө асч, 30 секундын дараа унтардаг мэдрэгчтэй, 10-15 метр газрыг гэрэлтүүлэх хүчин чадалтай байх юм. Харин иргэд хороо. дүүрэгтэйгээ итгэлцлийн үндсэн дээр тавина.

-Гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын ажил хэзээнээс эхлэх вэ?

Төвлөрсөн удирдлагад шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Одоо байгаа гэрэлтүүлгүүдийг төвлөрсөн удирдлагад шилжүүлэх ажил нэгдүгээрт хийгдэнэ. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 177 орчим самбарыг төвлөрсөн удирдлагад шилжүүлнэ. Хоёрдугаарт шинээр хийгдэх бүх ажил төвлөрсөн удирдлагын шкафанд хийгдэнэ.

-Гэрэлтүүлэгт тавигдаж байгаа хөрөнгө хэр хангалттай байдаг вэ?

-2006 оноос хойш хөрөнгө тодорхой хэмжээгээр өссөн. Социализмын үед хотын гэрэлтүүлгийн хөрөнгө хоёр чиглэлээр төлөвлөгдөж байсан. Ингэхдээ их засвар, шинээр хийх хөрөнгө оруулалтын ажил гэсэн чиглэлээр явж байсан. Их засварыг зайлшгүй хийх ёстой. Энэ жил их засварт 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хотын гэрэлтүүлгийн мастер төлөвлөгөөгөөр бол Улаанбаатарын гэрэлтүүлгийг орчин үеийн хэмжээнд бүрэн хүргэхэд 30-аад тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Хотын гэрэлтүүлгийн мөнгө хангалттай биш. Ялангуяа төсвийн байгууллагуудын гадна орчин, хөшөө дурсгал, ногоон байгууламж, орон сууцны хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж сайжруулахад маш их хөрөнгө шаардлагатай байгаа. Хөрөнгө мөнгө тодорхой хэмжээгээр өсч байж технологийн шинэчлэл хийгдэнэ.

-Төвийн зургаан дүүргийн гэрэлтүүлгийг нэг нэг байгууллага хариуцдаг юм байна. Тэгвэл шинээр хийх ажлуудыг ч энэ байгууллага гүйцэтгэх үү?

-Хуулиараа бол шинээр хийж байгаа гэрэлтүүлгийн ажлыг тендерээр шалгаруулж байгаа. Тендерт энэ компаниуд орох эрхтэй. Харин төрийн өмчийн, захиалагчтай шууд хамааралтай байгууллагууд оролцох эрхгүй.

-Өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөн дээр нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг өмчид бүртгэгдэхгүй байна гэж байсан. Эндээс үүдээд хотын гэрэлтүүлэг эээнгүйдээд байна уу гэсэн бодол төрж байлаа?

-Бид гуравдугаар сард Өмчийн харилцааны газарт хамтарсан шалгалт хийе гэсэн саналаа албан бичгээр хүргүүлсэн. Өнгөрсөн жил дүүргүүд дээр энэ ажил хангалтгуй явагдсан учраас гэрэлтүүлэгтэй холбоотой бүх өмчид шалгалт хийе гэсэн. Энэ жилийн бидний анхаарах нэг зүйл нь өмч. Эхлээд өмчийн бүртгэл тооцоо нь ямар байна, дараа нь шинэчлэгдсэн хуучин эд зүйлсээ яах уу гэдэг асуудлаа Өмчийн харилцааны газартай ярилцаад шийднэ. Өмчийн газрыг оролцуулахгүйгээр хүлээж авсан обьект байхгүй.

В.Бат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button