Засгийн газар огцорвол иргэдэд л сайн шүү дээ

Амжилт бүтээлээр дүүрэн жилүүд байв уу? Ард түмнээ хорлосон жилүүд байв уу?

Энэ засгийн газар ажилдаа орсноос хойш чухам юуг амжилттай хийсэн бэ?

Тавантолгойг ашиглалтанд оруулах гэж зүтгэж байна, Оюутолгойн гэрээг байгуулсан, лиценз нэрээр Халх голын сав газрын үржил шимт 280000 га газрыг Солонгосчуудад зарсан, олон тооны хятад ажилчдыг оруулж ирэх гэрээ байгууллаа, цөмийн хаягдлыг монголдоо хаяулахыг идэвхийлэн зүтгэж байна.

Энэ бүхнээс харахад энэ Засгийн газар огцрох шаардлагатай гэдэг нь ямар ч тэнэг хүнд эрх биш харагдаж байна. Ямар ч гавъяа байгуулаагүй мөртлөө ард түмэндээ гай болсон арчаагүй Засгийн газартаа яасан ч их хайртай юм. Амь нь гарчих гээд л өмгөөлж, хамгаалцгаах юм. Үүний учир юунд байна? Засгийн газраа хамгаалсан олон олон УИХ-ын гишүүн, сайд нарын олиггүй өчлүүдээс хоёрхоныг дурьдая

УИХ-ын гишүүн С.Баяр Засгийн газрыг огцруулж байдаг цаг биш гэж ерөнхий сайд болчихсон юм шиг хэлж ярих юм. С.Баяр танд Ерөнхий сайд миний өмнөөс хэлчих гэсэн хэрэг үү. Эсвэл үс засуулахад сайн цаг гэдэг шиг Засгийн газар огцроход сайн цаг гэж бас байдаг хэрэг үү? С.Баяр гишүүний хувьд Засгийн газар огцроход сайн цаг гэж байдаг бололтой. Яасан том мухар сүсэг бэ? Ажлаа хийж чадахгүй байгаа бол хэзээ ч хамаагүй огцрох нь зүйн хэрэг л баймаар юм даа.

Засгийн газар огцорвол иргэдэд л муу гэсэн сэдэвтэй ярилцлагыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг 2011 оны 10-р сарын 25-ны Өдрийн сонин-д өгсөн байх юм. Энэ хүний дүгнэснээр бол Монгол улс Сингапураас илүү ардчилалтай, бид ардчилалаас том том ололтуудыг авчирсан гэжээ. Мөн та 1989 онд жагссан хүмүүсийн ганц хүсэл нь боломжийн сайхан амьдрах байсан гэж ярилцлагандаа дурьджээ. Бид ардчиллаас тэгээд ямар ямар том ололтуудыг олчихоод байгаа юм бэ? Овойж оцойсон тэр ололт нь харагдахгүй, мэдэгдэхгүй л байна. Ямар ч л байсан хүн амынх нь 70 гаруй хувь нь ядуу, бичиг үсэггүй хүмүүс нь 36 мянгад хүрчихсэн, ардчиллын ачаар явуулсан бодлогын үр дүнд нь 19 мянган монгол охид нь янхан болчихсон, архичин, траншейнийхэн, ажилгүйчүүд гээд дурьдвал барагдахааргүй их тоо баримтууд байна. Үүнийг тэгээд Монголын ардчиллын аймаар том ололт гэх гээд байгаа юм уу Н.Алтанхуяг сайд аа? Социолизмын үед ямар ч л байсан хүн бүр ажилтай, амьдралд нь хүрэлцсэн цалинтай боломжийн амьдарч байсан. Үүнээс илүү ямар боломжийн амьдралыг хүсээд байгаа юм? Ядуучууд, янханууд, архичид, гуйлгачид, траншейнийхан гэсэн ангилал 20 жилийн өмнө лав байгаагүй санагдаж байна.

Мөн Шадар сайд та ярилцлагандаа Тавантолгой руу гадныхныг оруулах шаардлагатай, хэрвээ ингэж чадвал бид Хятад нутгаар нүүрсээ хөнгөлөлттэй тээвэрлэх боломж олдох магадлалтай. Түүнчлэн олон орны ашиг сонирхол орсон учраас гэнэтхэн шийдээд, гэрээ хэлэлцээр хийж болохгүй байна гэсэн байх юм. Шадар сайд та яагаад Тавантолгойд Монголчуудаа оруулахгүй шахаад байгаа юм? Байгаа түүхий баялагаа хурдхан л гадагш нь ямар нэгэн нэмэлт баяжуулалт хийлгүйгээр зөөгөөд дуусгахыг хүсээд байгаа юм уу? Ингэж түүхий нүүрсээ гадагш нь хямд үнээр зөөх нь тэгээд хэнд ашигтай болоод та ингэж улайран зүтгээд байгаа юм?

Олон орны ашиг сонирхол орсон гэнэ үү? Би андуураагүй бол Тэргүүн шадар сайд та Монгол улсын л ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж ажиллах ёстой шүү дээ. Та чинь Монгол улсын иргэн уугуул Монгол хүн мөн биздээ?

Засгийн газрыг огцруулах тухай асуусан асуултанд Шадар сайд та Үнэхээр буруу зөрүү юм хийж байгаа бол тарж бутрах нь зөв. Та нар тэгвэл муу гэдгийг нь нотлох хэрэгтэй гэсэн хариулт өгсөн байх юм. Заавал нотлуулж ичих нүүрээ элгэндээ наахыг та хүсээд байгаа юм уу? Тийм бол танд би хэдхэнийг нь тоочоод өгье. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүйгээр байгуулсан, Тавантолгойн 20%-ийг нь луйвраар хувийн компанид өгчихсөн, хамгийн ашиггүй хувилбараар гэрээний төслөө бэлдэж байгаа, Монголын нийт хүн амын 70 гаруй хувь нь ядуу, 36 мянга гаруй бичиг үсэггүй хүнтэй, 19 мянган монгол охидоо янхан болгочихсон, Халх голын сав газрын үржил шимт 280000 га газрыг Солонгосчуудад зарчихсан гэх мэтээр урт жагсаалт үүсгэнэ. Энэ хэдхэнээс харахад үнэхээр л буруу зөрүү юм хийсэн гэдэг нь батлагдчихлаа шүү дээ.

Шадар сайд та эр хүн л юм бол засгийн газар буруу юм хийсэн бол огцрох нь зүйтэй гэсэн үгэндээ хүрч бусад сайдуудаа уриал.

Ярилцлагынхаа төгсгөлд та Би өнөөдрөөрөө амьдрардаг гэсэн байх юм. Өчигдөргүй, маргаашгүй амьдардаг хүн гэхээр ямар их аюултай хүн бэ? Өчигдөр юу хэлсэн, хийсэн нь түүнд хамаагүй, бүгдийг нь мартана, яагаад гэвэл би өнөөдрөөрөө амьдардаг хүн. Зөвхөн өнөөдөр л би болж байвал өчигдөр юу хийсэн, маргааш юу болж хэний хүү хог дээр гаран өлсөж үхэх, хэний насанд хүрээгүй охин янхан болох нь хамаагүй. Ямар хүн өнөөдрөөрөө амьдардаг гэдгийг мэдэх үү? Маргаашдаа итгэлгүй, маргаашийг авч явах мэдлэггүй хүн л өнөөдрөөрөө амьдардаг юм. Зөвхөн адгуус л өнөөдрөөрөө амьдардаг. Ямар ч адгуус өчигдөр тэр ууланд бэлчсэн дэмий юм байна лээ маргааш өөр уулруу бэлчээрлэнэ гэж төлөвлөдөггүй. Монгол улсын тэргүүн шадар сайд хүн өнөөдрөөрөө амьдардаг гэхээр адгуустай адилхан болчихлоо. Монгол улсын тэргүүн шадар сайд нь адгуус болчихоор Монгол улс маань яаж хөгжих билээ дээ. Хүн төрөлхтөн өчигдрөөс сургамж авч, ирээдүйгээ төлөвлөсөөр ирсэн нь өнөөгийн энэ их үсрэнгүй хөгжилд хүргэсэн гэдгийг хүн бүр л мэддэг баймаар юм. Анх Тэргүүн шадар сайд таныг баруун, зүүн гэсэн улстөрийн цагаан толгойг мэдэхгүй гэдгийг сонсоод ямар ч улстөрийн мэдлэггүй гэдгийг мэдсэн, харин зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг гэснийг чинь сонсоод үнэхээр их гутарлаа. Ард түмэн чинь таныг сонгосондоо үнэхээр их харамсаж байна.

Эцэст нь Шадар сайд та дээр дурьдагдсан бүх бусармаг үйлдлээ хамгаалж, үргэлжлүүлэн явуулахын тулд стандартын бусаар байгуулагдсан стандартын бус Засгийн газраа өмөөрөөд Засгийн газар огцрох нь иргэдэд л муу гэж худлаа хэлж хөөрхий иргэдийн толгойг угааж байгаа юм байна? Монголчууд таны ганц хоёр ярилцлаганд хууртчихдаг, тийм ч амархан толгойгоо угаалгачихдаг хүмүүс биш гэдгийг эрхэм сайд болон бусад стандартын бус Засгийн газрын улаан хамгаалагч нар мэдэх хэрэгтэй. Таныг сонгосон Монголчууд өнөөдөр өөрчлөгдсөн шүү.

Муу засгийн газар байх нь иргэдэд муу. Муу засгийн газрыг удаан байлгах нь бүр ч муу.

Философийн магистрант Б.Үнэнбат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button