Төрийн албаны зөвлөлийн дарга Ч.Зүмбэрэллхам гадаадад сургууль төгсөгчидтэй уулзалт хийв

Уулзалт зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөлийн дарга Ч.Зүмбэрэллхам хүндэт зочноор уригдан оролцож, гадаадад сургууль төгссөн, ажиллаж амьдарч байгаад ирсэн Монгол Улсын иргэд Төрийн албаны шалгалтад хэрхэн яаж бэлтгэх, өгөх улмаар төрийн албанд орж ажиллах, түүнчлэн хилийн чанадаас онлайнаар сургалт авах болон шалгалт өгөх боломжийн талаар залуустай нээлттэй ярилцаж, тодорхой мэдээлэл өгч санал солилцлоо.

Мөн тус зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаяр, референт н.Сосорбарам нар оролцож залуусын асуултад хариулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн дэд захирал доктор, профессор Ш.Батсүх, удирдлагын сэтгэл зүйн доктор Ч.Санжмятав нар оролцож, удаан хугацаагаар гадаадад амьдарсан иргэд эх орондоо эргэн ирж дасан зохицохтой холбогдсон зарим асуудлын талаар илтгэл тавьж, ярилцлага хийв.

Төрийн албаны зөвлөлийн дарга Ч.Зүмбэрэллхам залуусын асуултад хариулахдаа төрийн албаны шалгалт өгөх, нөөцөд бүртгэгдэх улмаар төрийн албанд орж ажиллах боломж бүх хүнд ижил, нээлттэй. Гадаадад сургууль төгсөөд ирсэн гэж давуу эрх байхгүй, харин хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн цаг завыг хэмнэхийн тулд онлайн сургалт зохион байгуулах, онлайн гарын авлага бэлтгэх, зөвлөгөө ѳгѳх талаар цаашид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой. Түүнчлэн төрийн албанд ажиллаж байгаад төрийн зардлаар сураад ирсэн иргэн тухайн ажлын байранд нь өөр хүн орсон эсвэл бүтцийн өөрчлөлтөд орсон зэрэг шууд ажилдаа эргэн орох боломжгүй байгаа тохиолдолд дахин шалгалт өгөх шаардлагагүй, төрийн албаны нөөцөд шууд бүртгэгдэх бөгөөд ийм асуудалтай иргэд ТАЗ-д хандвал тухайн мэргэжлийн чиглэлээр ажлын байраар хангах тал дээр анхаарч ажиллах болно. Одоо зарлагдаж буй ихэнх ажлын байрууд гадаад хэлний өндөр мэдлэг шаарддаг болсон байна. Энэ бол мэдээж та бүхэнд давуу тал болно, гэхдээ нөгөө талаар Та бүхэн монгол хэлнийхээ мэдлэгийг сайжруулах ялангуяа албан бичгийн найруулга, зөв бичгийн дүрмээ анхаарах хэрэгтэйг захиж хэлэв.

Төрийн алба бол ажилласан жил, зэрэг дэв, карьер, ажлын үр дүнгээр цалингийн шатлалтай байдаг тул шууд өндөр цалинтай, зэрэг дэвтэй ажил эрхлэх боломж хомс байдаг, төрийн албаны шалгалтыг одоо онлайнаар авдаг болсон тул танил тал гэх мэт хувь хүний оролцоо огт байхгүй, хэн тестээ зөв бөглөж шалгалтаа сайн өгч нэгээр гарч ирсэн хүнийг шууд уг ажлын байранд санал болгодог болсон зэрэг залуусын сонирхсон асуултаар нээлттэй санал бодлоо хуваалцлаа.

Ийнхүү уулзалт ярилцлагын үр дүнд зөвлөлдөх уулзалтад оролцогсод Төрийн албаны талаарх нэгдсэн ойлголтод хүрч хилийн чанадад өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол иргэдийг төрийн албаны шалгалтанд хамруулах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрийн албыг бэхжүүлэхэд анхаарах, тэдний санал, хэрэгцээнд тулгуурлан хөтөлбөр боловсруулж онлайн сургалт зохион байгуулах ажлыг Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлтэй хамтран судалж, хэрэгжүүлэхээр болов.

Уулзалт ярилцлагад Герман, Солонгос, Австрали, Америк, Орос, Япон зэрэг орнуудад боловсрол эзэмшин эх орондоо эргэн ирж ажиллаж буй болон ажил хайж буй нийт 140 гаруй залуусын төлөөлөл оролцов.

Энэ удаагийн уулзалт зөвлөгөөний онцлог нь тодорхой нэг сэдвийн дор ярилцаж өөрсдийн байр суурь, ойлголцлоо нэгтгэж, шийдвэрлэх арга замын талаар хамтран хэлэлцэж, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болов. Дараагийн уулзалт зөвлөгөөнөө мөн тодорхой сэдвээр цуврал болгон явуулбал илүү үр дүнтэй байгаа талаар оролцогсод саналаа хэлж байв.

Ийнхүү эх орондоо эргэн ирж ажиллаж буй болон ажил хайж буй залуусын ажил хэргийн болон анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх, тэдний тулгамдаж буй хэрэгцээт мэдээллээр холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, ажил олгогчидтой уулзуулах, санал бодлоо солилцох, нэгдсэн нэг ойлголтод хүрэх боломжийг бүрдүүлэх, гарсан санал санаачлагыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж ажил хэрэг болгоход төр, хувийн хэвшил, иргэний түншлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий энэ удаагийн Tөрийн албаны зөвлөлийнхэнтэй хийсэн уулзалт зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button