Явган зорчигч зам тээврийн осолд өртөж буй байдалд хийсэн судалгаа

1923 онд Хятадын пүүсийн жолооч Бронштейн гэгч согтуугаар автомашин жолоодож яваад цэрэг Дамчааг дайрч амь насыг нь бүрэлгэсэн, 1925 онд Хятад пүүсийн жолооч Ты Юань Күй Маймаа хотын зүүн өмнө гудамжинд хашааны гадна тоглож байсан П.Долгорсүрэн гэгч охиныг дайрч амь насыг хохироосон. И.М.Майскийн бичиж үлдээснээр XIX зууны сүүлчээр нийслэл хот Өргөөний гудамжинд хүндээр морь харж байсан монгол эмэгтэйг Оросын консулын сүйх тэрэг дайрсан тухай тэмдэглэн үлдээжээ. Дээрхи түүхэн баримтуудаас харахад анхны зам тээврийн ослын хохирогч нь явган зорчигч болж байжээ.

Улсын хэмжээнд сүүлийн 15 жилд явган зорчигч зам тээврийн осолд өртөж буй нөхцөл байдлын талаар статистик мэдээнд тулгуурлан дүн шинжилгээ хийлээ. Улсын хэмжээнд 1997-2011 онд зам тээврийн осолд өртсөн хүмүүсийг замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл зам тээврийн ослын улмаас нас барсан хүний 57,4 хувийг явган зорчигч, 22,1 хувийг тээврийн хэрэгслээр зорчигч, 20,5 хувийг жолооч тус тус эзэлж байгаа бол зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний 58,6 хувийг явган зорчигч, 26,9 хувийг тээврийн хэрэгслээр зорчигч, 14,0 хувийг жолооч, 0,5 хувийг дугуйгаар зорчигч эзэлсэн тоон үзүүлэлт гарсан.

Дээрхи тоо баримтуудаас үзэхэд гэмт хэргийн шинжтэй зам тээврийн ослын хохирогчид нь замын хөдөлгөөнд оролцогч-явган зорчигч байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн осолд хамгийн өртөмтгий замын хөдөлгөөнд оролцогч бол явган зорчигч байгаа юм.

Зам тээврийн ослын улмаас хохирсон хүмүүсийн замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийн 1997-2011 оны үзүүлэлтийг үечилсэн байдлаар авч үзвэл 1997-2001 онд 1053 явган зорчигч нас барж, 4750 явган зорчигч гэмтсэн бол 2002-2006 онд 1182 явган зорчигч нас барж, 3866 явган зорчигч гэмтсэн, 2007-2011 онд 657 явган зорчигч нас барж, 2397 явган зорчигч гэмтжээ.

Дээрх үзүүлэлтээс харахад зам тээврийн осолд явган зорчигч өртсөн жилийн дундаж түвшин буурсан үзүүлэлт гарч байгаа ч зам тээврийн осолд өртөж буй замын хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх хувийг явган зорчигч эзэлсээр байна.

Зам тээврийн осол гарч буй хэлбэрийг явган зорчигчийг мөргөх, автомашин хоорондоо мөргөлдөх, дугуйтай хүнийг автомашинаар мөргөх, үл хөдлөх зүйл мөргөх, онхолдох гэсэн хэлбэрээр гэж ангилан авч үздэг.

Харин явган зорчигч зам тээврийн осолд өртөхөд явган зорчигчийг мөргөх буюу явган зорчигч автомашинд дайрагдах хэлбэрээр бүртгэгддэг байна.

Явган зорчигч тээврийн хэрэгслийн урдуур буюу зэрэгцээ явж байх үед гарсан зам тээврийн осол улсын хэмжээнд 33381 буюу 32,5 хувь, тээврийн хэрэгсэл онхолдох хэлбэр нь 5534 буюу 5,4 хувь, тээврийн хэрэгслээр үл хөдлөх зүйл мөргөх 2561 буюу 2,5 хувь, зорчигч унагах 844 буюу 0,8 хувь, тээврийн хэрэгсэл дугуйтай хүн мөргөх 304 буюу 0,3 хувь, мал амьтан дайрах нь 216 буюу 0,2 хувь, бусад хэлбэрээр 482 буюу 0,5 хувийг тус тус эзэлж байна.

Тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх хэлбэрээр зам тээврийн осол гаргасан үед жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч амь нас эрүүл мэндээрээ хохирдог бол тээврийн хэрэгслээр явган зорчигч мөргөх хэлбэрээр гарсан зам тээврийн осолд ихэнхи тохиолдолд явган зорчигч гэмтэж амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Тээврийн хэрэгслээр үл хөдлөх зүйл мөргөхөд жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, хашаа гэр дайрсан тохиолдолд гэрт байсан хүмүүс хохирогч болдог юм. Онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн осолд жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч хамгийн их хохирдог байна.

Улсын хэмжээнд 1997-2011 онд бүртгэгдсэн 102835 зам тээврийн ослын шалтгааныг нэгтгэн үзвэл жолоочийн буруутай үйлдлээс 86108 буюу 83,8 хувь нь гарсан байхад явган зорчигчийн буруутай үйлдлээс 16171 буюу 15,7 хувь, техникийн гэмтлээс 244 буюу 0,2 хувь, замын нөхцөлөөс 312 буюу 0,3 хувь нь тус тус бүртгэгдсэн.

Явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан зам тээврийн осол нь улсын хэмжээнд гарсан нийт ослын 15,7 хувийг, нийслэлийн хэмжээнд гарсан зам тээврийн ослын 18,3 хувийг эзэлж байна.

1997-2011 оны байдлаар 20940 хэргийн улмаас 2892 явган зорчигч нас барж, 11013 явган зорчигч хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон байна

Зам тээврийн осолд өртсөн явган зорчигчдын биеийн гэмтэл авсан хэсгүүдийг авч үзвэл толгой, хүзүүндээ 35,1 хувь, бүх биедээ18,0 хувь, хөл 17,8 хувь, гар, нуруундаа 16,9 хувь, биеийн бусад хэсэгт 12,2 хувь нь ихээхэн гэмтэл авдаг бөгөөд зам тээврийн осолд өртөж гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь толгой хүзүүндээ гэмтэл авч байна.

Явган зорчигч автомашинд урд, ард, хажуу талаар мөргөгдсөн үед ямар гэмтэл авдаг талаар Оросын холбооны улсад тусгайлсан маягт бүртгэлийн дагуу судалгаа хийгддэг ба судалгаанаас харахад явган зорчигч нь автомашинд урд талаараа мөргөгдсөн бол автомашины гупер, капутанд цохигдон автомашины капут дээр унаж урд салхины шилийг мөргөж гэмтэл авах магадлал нь өндөр байхад явган зорчигч хажуу талаараа автомашинд мөргөгдсөн тохиолдолд ихэвчлэн /уг автомашин нь ямар төрлийн автомашин байгаагаас тодорхой хэмжээгээр шалтгаалдаг/ дагзаараа автомашины капут дээр савж гэмтэл авдаг байна.

Явган зорчигч өртсөн зам тээврийн осол үйлдэгдэж буй цаг хугацаагаар нь авч үзвэл

Замын цагдаагийн газраас гаргасан тоо баримтаас намрын улиралд буюу 8 сарын сүүл ба 9, 10 дугаар саруудад явган зорчигч өртсөн зам тээврийн осол ихээхэн гарч байгаа нь нэг талаар хичээлийн шинэ жил эхлэх, оюутан залуусын хот суурин газар шилжин суурьших хөдөлгөөн ихсэхтэй холбоотойгоор төв, орон нутгийн замын хөдөлгөөн ихсэх хандлага байдагтай холбон үзэх боломжтой юм. Зам тээврийн осолд өртсөн явган зорчигчдоос авсан социологийн судалгаанаас үзэхэд явган зорчигчид ихэвчлэн өглөө орой хичээл сургууль, ажил эхлэх тарах цагаар хөдөлгөөн ихтэй газруудад зам тээврийн осолд түгээмэл өртдөг байна.

Явган зорчигчдод учрах хор уршиг Сүүлийн 15 жилийн байдлаар зам тээврийн ослын /хэргийн/ улмаас 2892 явган зорчигч амь насаа алдаж, 11013 явган зорчигч гэмтэж бэртсэн тоон үзүүлэлт гарав.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас гэмтсэн явган зорчигчдын гэмтлийн зэргээс харахад нийт гэмтэл авсан хүний 54,0 хувь нь хүндэвтэр, 25,0 хувь нь хүнд, 21,0 хувь нь хөнгөн гэмтэл авчээ. Үүнээс харахад зам тээврийн осолд өртөж байгаа явган зорчигчид нь хүнд, хүндэвтэр гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирч эдгээр гэмтсэн хүмүүсийн 10-25 хувь нь тахир дутуу, хөдөлмөрийн чадваргүй нэгэн болж байна.

Замын цагдаагийн газрын Мэдээлэл, судалгааны ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэчимэг

www.stop.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button