Хүний хөгжил биш ээ, хүмүүсийн л түгжрэл

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тодруулбал Хүний хөгжил хэмээх тодотголтой мөнгө иргэдийн гар дээр их бага хэмжээгээр өгч эхэлсэнээс хойш амьдрал нь дээшилсэн, хүмүүс нь хөгжсөн юм байна уу. Яг үнэндээ гадаа гараад захын хорооллын гудамжинд алхаж яваа хүнээс энэ асуултыг асуувал хэлэх хариулт нь энгийн бас тодорхой. Дэлгүүр ороод гарахын хооронд, хэтэвчиндээ хийгээд авахын хоорондох л үнэ цэнэгүй, үр бүтээлгүй л зүйл байна гэх биз. Ямар сайндаа хувьцаа хэлбэрээр иргэдийнхээ гар дээр ирээдүйг нь өгнө гэж төрийн томчууд нь ярихаар өнөөхийг нь ойлгохгүй хүн зөндөө байх вэ дээ. Ингэж хэлэхэд нь онгирох нэгэн бол бид хувьцаатай болчихлоо, одоо Монголын баялаг ард түмний гарт байна гэж бусдынхаа дунд ухаантай гэдгээ харуулах гэж байгаа мэт тэнэг мулгуу хүмүүс зөндөө байх юмаа. Яс юман дээрээ өнөөдөр ч тэр хувьцааний учрыг нь олоогүй, дансаа ч яаж нээлгэхээ мэдэхгүй хүмүүс монголын хүн амын талаас илүү хувь нь байгаад байна…

Учрыг нь олоод тэр үү, олоогүй ч тэр үү ямартаа ч 2,7 сая хүн амтай гээд байгаа манай улсын 500 мянга гаруй нь буюу нийт хүн амын 20 хүрэхгүй хувь нь чүү ай данстай болжээ. Гэтэл өнөөдөр ард иргэд дансны учраа олоо ч үгүй байхад бэлэн мөнгөний тараалтууд тасрахгүй байгаа нь иргэдийг одоо байгаа бодит мөнгөн дээр нь төвлөрүүлэхээс өөр яах ч билээ. Өгсөнийг нь дуугүй авья, өгөх гэж байгааг нь өгч эхлэхээр нь л итгэе гэсэн байр сууринаас хандаж байгаа Монголчуудын өнөөгийн байдлыг яг одоо, Банкинд бүтэн өдөр дугаарлаж байгаа хүмүүсийн дүр зураг тайлбаргүйгээр илтгэж байна. Ядаж байхад нөгөө сүр дуулиант бэлнээр олгогдоно гээд байсан нэг сая төгрөгийн тараалт нь эхэлж байгаа сураг дуулдлаа. Тэр сургаар нь нэгэн банкны үүд хэдэн тэтгэврийн хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүслэлтэд ороод байна. Бас болоогүй ээ, сая саяар нь цацаж саваагүйтэхгүй гээд гурав хувааж иргэддээ өгөх шийдвэрийг гаргачихсан нь цөөнгүй хүмүүсийн дургүйцлийг хүргээд амжсаан. Яахав дээ, шалтаг мундах биш, муу нэртэй луу данстайгаар нь ЭДИЙН ЗАСАГ-ИНФЛЯЦИ хэмээх найзуудаараа түрий бариад хүмүүсийн амыг таг хаачихаж байгаа юм даа. Чадаж байгаа юманд арга байхгүй ээ гэж…

Голсон юм голд, шилсэн зүйл шилэнд гарнаа гэдгийн үлгэрээр тэр сая төгрөгийг үнэндээ гурав битгий хэл гуч хуваасан ч Монголчууд авч л таараа. Гэхдээ нэг их МОНГОЛ ХҮН нь хөгжсөндөө авч байгаа юм биш л дээ, хүмүүст мөнгө хэрэгтэй байгаа болохоор л үнэгүй зүйлийг нугасаа тасдчихгээд л улайран гараа сунгаж байхгүй юу. Нэг их тоодоггүй шүү дээ гэж төрийн мөнгөнөөс татгалздаг хүн шиг том ярих хүн байдаг л байх. Угтаа бол жаахан нэрэлхүү, эсвэл мөнгөжүү гэж өөрийгөө хэлүүлмээр байгаа гэсэн үг л дээ. Цагаа тулахаар сард буудаг 21 мянгаа таван сарын дараа 105 мянга болохоор дугаарлаж байгаад л аягүй бол авна даа. Энэ тэгээд хүн нь хөгжиж байгаа хэрэг үү таминь ээ.

Ер нь тэгээд элдэв мөнгөн хэлбэрийн зүйл бүрийг л ХҮНИЙ ХӨГЖИЛ сангаар дамжуулах юм. Бэлэн мөнгө л өгөх гэж байгаа юм бол тэр сайхан ХҮНИЙ ХӨГЖИЛ гээд байгаа сангаа зүгээр бидний хэлдгээр АТМ болгочихооч дээ. Санд чинь сайн үйлсийн төлөө, аливаа үйл хэргийн төлөө мөнгө цугларч, ямарваа нэг үйл хэрэг бүтээдэг болохоос үйлчилгээний төвүүдээр хэсч дуртай юм аа ав аа гээд мөнгө тараадаг баймааргүй л байна шүү.

Улс төрийн намууд нь бас их мөрөөдөмтгий гэж. Ядаж байхад сонгууль дөхөж байгааг ч хэлэх үү өнөөх хэдэн хэнээчид нь элдэв зүйлийг зөгнөөд ирээдүйн Монголыг төсөөлөөд, төсөл нэртэй төвөгтэй олон хуудас материалаар түмний толгойг угааж явахыг нь яана. Ардчилсан намын МОНГОЛ ХҮН 2020 гэнэ үү. Тэр онд Монгол Улс, Монгол хүн ямар ч гэнэ вэ их сайхан зүйл ярьж байна билээ. Тэгтэл Ардын нам араас нь давж заалдах дуртай юм болохоороо 2030 оныг хүртэлх бас хөгжлийн хөтөлбөр гээчийг боловсруулчих нь билээ.

Улстөрийн хоёр том нам гээд байгаа дээрх намууд ирэх сонгуулиар урдаа барих гол хөтөлбөрөө тус хоёр хөтөлбөрийгөө нэрлээд байгаа юм байх аа. Бас нэг жаргадаггүй үлгэрийн эхлэл тавигдах нь дээ.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button