Ардчиллын эцгээс Ардын баатар цол харамлахгүй байлгүй дээ

Харин 22 жилийн өмнө социалист үзэл суртлаас татгалзаж, ардчилсан Монгол Улсыг байгуулсан С.Зориг хүртсэн одон, медаль гэх юм огт үгүй. Үүнийг гэрэл зургийн хальсанд мөнхрөн үлдсэн 20 гаруй жилийн өмнөх энэ дөрвөн эрийн зураг нотлох биз.

Хэн юутай үлдэж, хэн хоосон хоцорсныг мэдэхийн тулд ширээ тойрон цайлж суугаа энэ эрхмүүдийг нэрлэхэд л хангалттай. Зүүн гар талаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Зориг, УИХ-ын гишүүн, Ардын баатар Э.Бат-Үүл, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатар нар. Зураг дээрх хувьсгалчид-ыг харвал С.Зоригоос бусад нь санасандаа хүрсэн албан тушаал, зөөлөн сэнтийд тухлан, дархлагдаж чаджээ.

Гэтэл энэ бүхний эхлэлийг тавьж, Монгол Улсад ардчилал хэмээх үнэт зүйлийг амь насаараа цогцлоон бүтээсэн С.Зоригт Ардчиллын эцэг гэх сэтгүүлчдийн хайрласан гуншин, Алтан өлгий болон нийслэлийн төвд босгосон цутгамал хөшөөнөөс өөр юу ч алга. Үхсэн хүн үг хэлэх биш гэдэг шиг С.Зориг таалал төгссөнөөрөө хохирч боломгүй санагдана. Тиймээс манай сонин ардчиллын эцэг С.Зориг агсанд Ардын баатар цол нэхэн олгох уриалгыг уламжилсаар байна.

Энэ жил түүний 50 насны ой тохиож буй билээ. Өнгөрсөн сарын 20-нд С.Зориг агсны төрсөн өдөр болж, монголчууд эх оронч хүүгээ эргэн дурссан. Энэ өдөр төр засаг эрэлхэг хүүгийнхээ эр зоригийг хэрхэн үнэлэх бол хэмээн Монголын ард түмэн харж, ямар нэгэн зүйлийг хүлээж байв. Харамсалтай нь урьдын л адил УИХ-ын хэдэн гишүүн цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлсэн болоод л буцсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч өө, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Санжаасүрэнгийн Зориг агсанд Ардын баатар цол нэхэн олгохыг та бүхэнд дахин дахин уриалж байна. Социалист үзэл суртлаар 70 жил амьсгалсан БНМАУ-д хувьсгал өрнүүлж, ардчилсан нийгмийг амь насаараа цогцлоосон С.Зориг агснаас арай ч Ардын баатар цолыг харамлахгүй байлгүй дээ.

Өнөөдөр бид ардчилсан Монгол Улсад амьдарч, тусгаар тогтносон орондоо хэний ч хараат бусаар амьдарч чадаж байна. Энэ гэгээлэг нийгэмд ирэхийн тулд ард түмнийг хэн уриалсан, хувьсгалыг хэн эхлүүлсэн билээ гэдгийг бодох л хэрэгтэй. Мэдээж С.Зориг ганцаараа энэ бүхнийг хийгээгүй ч, түүний эр зориг зүтгэл юугаар ч зүйрлэшгүй үнэтэй.

Тухайн үед түүнтэй Монголын ард түмэн, ардчиллыг эрэлхийлж, сэтгэл зүрх нэгдсэн нэгэн үеийн эрч хүчтэй залуус байсан. Тэд хамтын хүчээр ардчилсан Монгол Улсыг бий болгосон. Харин энэ бүхний эхлэлийг Санжаасүрэнгийн Зориг гэдэг филосифийн багш эхлүүлсэн гэдгийг монголчууд мартаагүй. Иймдээ ч 14 жилийн өмнө ардчиллын үнэт зүйлийг амиараа сольсон билээ.

Ардчиллын эцэг С.Зориг агсанд Ардын баатар цол нэхэн олгоё.

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button