Мартагдсан Майн баяр

Энэ өдрийн талаар хөгшчүүл тов тодорхой ярьж өгнө. Социализмын үед монголчууд тавдугаар сарын эхний өдрийг Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр хэмээн тунхаглаж баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг байж.

Харин өдгөө энэ баярыг мартсан ч дэлхийн бусад хөдөлмөрчид эрх ашгаа хамгаалахаар эвлэлдэн нэгддэг хэвээр байна. Өнөөдөр л гэхэд БНХАУ, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг орнууд энэ баярыг тэмдэглэж байна. 1989 оноос өмнө энэ өдөр нийслэлчүүд Сүхбаатарын талбайд цуглан Майн нэгэн мандтугай гээд л уриа, туг, лоозон барин жагсдаг байсан гэх.

Угаас Монголчууд жагсах дуртай улс гэдэг. Энэ нь ч үнэн бололтой. Өнөөдөр Сүхбаатарын талбайд уриа лоозон барин жагсаж, зарим нэг нь морь мал авчиран гэр барин суулт хийх нь энгийн нэг үзэгдэл болсон шүү дээ. Гэвч өдөр болгон шахуу л хэн дуртай нь байнга цуглаан өрнүүлсээр жагсаал цуглаан гэдэг нь хол явахгүй үйл ажиллагаа болон хувирчээ.

1990 онд Монгол Улс нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжин нийгмийн томоохон хувьсгалыг хийсэн. Ингэхдээ бүх нийтээрээ нэгэн дуу хоолойгоор эв санаа нэгдэн жагсаж байсан түүхтэй. Үүнээс хойш цалингаа нэмүүлэх, шударга бус явдлыг таслан зогсоох зорилго бүхий багш, эмч гэх мэтчилэн нийгмийн тодорхой хэсэг бүлэг эвлэлдэн нэгдэж жагсдаг болсон. Үүнийг Майн баярын үргэлжлэл гэж ярих хүн цөөнгүй. Гэхдээ Майн баяр нь одоогийн жагсаал цуглааныг бодвол хамаагүй өргөн хүрээг хамардаг байсан юм.

Майн баярын түүхийг сөхвөл 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан байна. 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ. Ажилчдын баяр буюу Майн баяр-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж Майн баяр-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байсан байна.

Харин Монголчууд 1922 оноос Майн баяр-ыг анх тэмдэглэдэг болсон тухай баримт ҮГА-ын сан хөмрөгт хадгалагдан үлджээ. Түүнчлэн Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн З-р дүгээр тушаалд тусгажээ.

Нэгдүгээр зүйл. Европын таван сарын шинийн нэгэнд дэлхий дахины бүх хөдөлмөрчид ба тариачид өөрийн ажил үйлдвэрийн их баярын сайн өдөр болох бөгөөд энэ өдөр ажил үйлдвэрийн хүмүүс хүчнээ дахин бүртгэж, газар бүрийн матар, загас мэт шунахай, ховдог, капитал хөрөнгөтөнд дарлан боолчлогдох зэрэг гашуун зовлонгоос мултран гарч, дэлхий дахины эзэн болж чадахаа илэрхийлнэ…

Хоёрдугаар зүйл. Европын таван сарын шинийн нэгний их баярын сайн өдөр нийслэл Хүрээг хамгаалах бүх цэргүүд ёслолын жагсаал үйлдэх бөгөөд Засгийн газрын олон яамны албан хаагчид ба эвлэл, нам зэрэг газрын гишүүд мөн нэгэн адил ёслон жагсана. Ёслолын жагсаалыг гурван зуун зургаадугаар хорооны даргаар эрхлэн захируулна.

Гуравдугаар зүйл. Ёслолын жагсаалыг үйлдэхдээ Монгол цэргийн ангиудын өмсөх хувцас нь тэргүүн ба хоёрдугаар хорооны цэргүүд тэрлэг дээл, их бууны хороо, пулемётын сумангийн цэргүүд цэргийн цамц өмсөж гарахаас гадна даргын сургуулийн цэргүүд арьсан хувцас өмсөж бүрэн зэвсэгтэй гарвал зохино…

1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан байна.

Чикаго хотод тэмцэгчдийн дундаас зургаан хүн амь үрэгдэж, жагсаалыг зогсоох гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчдын дараа дараагийн тэмцэл улам ширүүсч, бөмбөг тэсэлснээс найман цагдаа амиа алджээ. Бөмбөг дэлбэлж, олон цагдаагийн аминд хүрч, олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан хэргээр энгийн дөрвөн ажилчныг баривчлан цаазалсан байна.

1990 оны тавдугаар сарын 1-нд Зөвлөлт Холбоот Улсын удирдагчид, Коммунист Намын дарга нар сүүлийн удаа Майн баяр-ын арга хэмжээнд оролцож, үүнээс хойш 1992 онд уг баярыг хаврын бас хөдөлмөрийн баяр болгон өөрчилсөн байна. Германд жил бүрийн тавдугаар сарын 1-нд хэт зүүний үзэлтнүүд, нацистуудын хооронд ширүүн мөргөлдөөн болдог байж. Өнөөг хүртэл БНХАУ, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг орнууд энэ баярыг тэмдэглэж байна.

1990 он гарсаар анх удаагаа 2008 оны тавдугаар сард Майн баяр-ын үйл ажиллагаа нийслэлд болов. Гэвч Майн баярын бус Иргэний холбооны баярын өдөр, иргэн таны баярын өдөр гэсэн уриа лоозон харагдсан юм. Өмнөх өдөр нь Иргэний холбооны удирдлагууд энэ өдөр талбай дээр олон хүн цуглуулахыг зорихгүй, зөвхөн гишүүд дэмжигчид нь оролцоно хэмээн мэдэгдэж байсан боловч туг дарцаг, уриа лоозон барьсан олон хүн цугласан байв.

Энэхүү баярын хамгийн гол үйл ажиллагаа нь Монголын Иргэний холбооноос санаачилсан М-ПАКТ-д энэ өдөр 100 хүн гарын үсэг зурах бөгөөд гарын үсэг зурах ажил бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд М-ПАКТ гэдэг нь Mongolian Pact on Anti-Corrution and Transparency буюу Монголын нийгэм дэх авлигыг хязгаарлахад иргэн, улстөрчид,бизнес эрхлэгчдийн гурван талын хүлээх үүргийг тодорхойлж, нэгдэх боломжийг олгосон гэрээ ажээ. М-ПАКТ нь олон нийтийг хамарсан гурван үе шаттай гэнэ.

Эхний шат нь иргэний нийгмийг төлөөлсөн 100 иргэн Авлигын эсрэг иргэдийн эв нэгдлийн гэрээнд нэгдэн гарын үсэг зурж Иргэний мандат олон нийтийн үйл ажиллагааг нээж буй нь энэ. Дараагийн шатанд улстөрчид.төрийн албаны ажилтнууд, бизнес эрхлэгчдийг гэрээнд нэгдэх санаачилгыг өрнүүлж Иргэний комисс байгуулжээ. Төгсгөлд нь буюу гуравдугаар шатанд М-ПАКТ-ын үр дүнг 2008 оны хоёрдугаар сард болох Иргэний их хурал-аар дүгнэх гэнэ.

Энэхүү гэрээнд иргэд авлигад нэр холбогддог, ил тод биш улстөрчийг дэмжихгүй байх үүрэг хүлээх бол улс төрч, төрийн албан хаагчид орлогоо ил тод болгох, авлигад холбоотой хардлага гарвал өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээх ажээ. Бизнес эрхлэгчдийн хувьд аливаа нам, улстөрчдөд дэмжлэг үзүүлж байгаа бол түүнийгээ ил тод болгох үүрэг хүлээх гэнэ.

Энэ өдрөөс хойш сонин унших, зурагт үзэх, гудамжаар алхаж явахад М-ПАКТ гэсэн үг байнга дайралдах болно хэмээн чанга яригчаар цуурайтуулснаар баярын өдөр өндөрлөж байсан. Гэвч энэ өдрөөс хойш Майн баярын арга хэмжээ дахин болоогүй бөгөөд Майн баяр хөгшчүүлийн дурсамжид л үлдсэн байна.

Энэ баярын талаар ахмадууд ийн ярьж байна.

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Х.Зориг

Улаанбаатар хотод Дэлхийн эв санааны нэгдлийн өдөр хэмээн тэмдэглэдэг байсан. Энэ өдрөөр энгийн ард иргэд уриа лоозон барин жагсаж Сүхбаатарын талбайгаар Майн нэгэн мандтугай хэмээн лоозон барин их сүртэй жагсдаг байсан. Энэ бол хөдөлмөрчдийн маш том, сайхан баяр байж билээ. Одоо энэ баяр үндсэндээ мартагдсан байна. Энэ баяраар бүх нийтээрээ амардаг байсан ч бүх хүмүүс баярт идэвхтэй оролцдог байв. Майн баяр бол тэр үеийн хамгийн гэгээлэг бас чөлөөтэй баяр байсан. Төр засгийнхан нь ард иргэдийнхээ үгийг сонсоно. Хөдөлмөрчид нам засагтаа баярлаж талархах зүйл, болж бүтэхгүй зүйл гээд төр засаг хөдөлмөрчид хоорондын үзэл бодлоо солилцох бас нэгэн завшаан байсан даа. Харин өнөөдөр энэ байдал шал өөр болсон байна.

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны оршин суугч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Баатар

Майн баярыг маш өндөр хэмжээнд тэмдэглэдэг байсан юм. Майн баяраар тэр үеийн хөгшин залуу гэлтгүй бүх хүмүүс догдлон нойргүй шахам хонодог байлаа. Майн баярын өмнөх өдөр бүх нийтээрээ жагсаалын бэлтгэл ажил буюу уриа лоозон, чимэглэлээ хийдэг.

Энэ өдөр бүх албан байгууллагууд уриа лоозон, реклам чимэглэлээ барин сүртэй гэгч нь жагсдаг байв. Майн баярыг эрх чөлөөний өдөр хэмээн тэмдэглэдэг байсан түүхтэй. Төрийнхөө удирдлагуудын зургийг бариад жагсдаг. Хөдөө хотгүй тэмдэглэдэг байсан. Мөн төлөвлөгөөний биелэлт, цаашдын хийх ажлаа тайлагнадаг байсан. 1989 оноос буюу Ардчилал гарснаас хойш Майн баярыг тэмдэглэхээ больсон. Харин өнөөдөр жагсаал цуглаан гэж хэн нэгний турхиралтаар ямар нэгэн зорилго агуулан жагсдаг болж. Хэрэв Майн баяр өнөөдөр болдог байсан бол хэзээ ч өнөөгийнх шиг хэн нэгний турхиралтаар хэрэлдэж зодолдож долоодугаар сарын нэгэн шиг зүйл болохгүй байх байсан.

С.Мөнх-Од

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button