Монгол улс 30 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ

компани зохион байгуулж Тус чуулганыг хоёр дахь жилдээ Коалтранс Конфренсес компани зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын 30 гаруй төлөөлөгчид оролцож байгаа аж. Энэ үеэр Монгол Улсын нүүрсний зах зээлийн талаархи сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг солилцоод зогсохгүй, дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа тодорхойлох юм байна.

Чуулганы эхэнд Монголын Гадаад худалдаа, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Баасанхүү Монгол Улс ирээдүйн нүүрс олборлогчдын хувьд боломж бололцоогоор дүүрэн улс хэвээр байна. Тухайлбал, манай улс өнгөрсөн онд Хятад улсад хамгийн их нүүрс экспортолсон орон болсон нь юу хийж, бүтээж чаддагаа харуулсан нотолгоо боллоо. Хэдийгээр ийнхүү амжилттай ажилласан боловч нүүрсний олборлолт, экспортын өсөлт нь хялбар бий болоогүй юм.

Улс орны хөгжилд бүхэлд нь нэмэр болохуйц тогтвортой уул уурхайн салбарыг бий болгох нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилго болоод байгаа төдийгүй хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асуудал анхаарал татсан хэвээр байна гэсэн юм.

Мөн энэ үеэрЭрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Граем Ханкок Тавантолгойг олон улсын зах зээлд танилцуулсан бөгөөд Баруун, Зүүн цанхийн үйл ажиллагааны талаар илтгэлдээ дурьдсан. Тухайлбал, Зүүн Цанхи жилд ойролцоогоор 20 сая тонн түүхий нүүрс олборлохоор зорьж байгаа аж. Түүнээс 13-15 сая тонн борлуулах нүүрс олборлох зорилт тавьсан байна. Баруун Цанхийн нүүрсний ордыг ашиглах тал дээр сонирхож буй гадны тэргүүлэх байгууллагуудтай хамтарч ажиллах талаар судалж байгаа юм байна.

Түүнчлэн Зүүн Цанхиас баруун тийш 65 км зайд байрлах Балгасын Улаан нуурын гүний усыг хэрэглэх зөвшөөрлийг Засгийн газраас өгсөн бөгөөд угаах үйлдвэрийн усны хэрэглээ 200л/секунд байх гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Цаашид ЭрдэнэсТавантолгой ХК Зүүн Цанхийн нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж, 300 мВт-ын ДЦС барьж, Баруун Цанхийн нүүрсний угаах үйлдвэр барьснаар нэмүү өртөг шингэсэн өндөр үнэтэй боловсруулсан бүтээгдэхүүн борлуулах боломжтой болох юм.

Одоогоор Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх хатуу хучилттай автозам барихаар төлөвлөж байгаа төдийгүй ирэх жилүүдэд төмөр замын асуудал шийдэгдвэл том ололт болох тухай Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Граем Ханкок онцолж байв.

Түүнээс гадна Пийбоди Энержи, Ухаа худаг зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Тухайлбал, Ухаа худаг 2009 онд 1.8 сая тонн, 2010 онд 39 сая тонн нүүрс экспортолсон бол өнгөрсөн онд 7.9 сая тонн нүүрс тус тус олборложээ. Түүнчлэн энэ жил 10 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд Монголд анх удаа нойтон аргаар нүүрс боловсруулж байгаагаараа онцлогтой аж.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн тэн хагасыг нүүрс хангажээ. Нүүрс нь хурдтай өсч буй БНХАУ-д нийлүүлсэн нүүрсээрээ Монгол Улс Австралийг ардаа орхисон бөгөөд 2035 он гэхэд энэ хэрэгцээ даруй 15 хувиар өсөх тооцоо гарсан байна. Улмаар Пибоди Энержи компани Монгол Улсыг эрчим хучний диваажинд хүрэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Бехтел Ази компанийн захирал Стивен Кацман Сайншандын Аж үйлдвэрийн Паркын ажлын явцын талаар танилцууллаа.

Сайншандын Аж үйлдвэрийн Парк баригдсанаар жилдээ хоёр сая тонн коксжсон нүүрс, 300 мянган тонн зэсийн катод, 4.5 сая тонн үрлэн төмөр, нэг сая тонн цемент үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн энэхүү Аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор үйлдвэрүүдийг төвлөрүүлж, нэг байрлал дахь дэд бүтцийг хуваан ашиглах төдийгүй урт хугацааны, томоохон бүтээн босголт болох нь эдийн засгийн хувьд ч өндөр ач холбогдолтой болохыг онцолсон юм.

Одоогийн байдлаар САҮП-ын техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн хийгдэж дууссан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа гэнэ. Олон улсад жилдээ 70 сая тонн нүүрс экспортлох зах зээл байгаа бөгөөд Япон, Тайвань, БНХАУ зэрэг экспортоороо тэргүүлэгч таван орны тоонд Монгол багтсан нь сайхан ирээдүй харагдаж байгаагийн илрэл хэмээн хуралд оролцогчид онцолж байв.

Түүнчлэн Хятадын ган үйлдвэрлэл жил ирэх бүр эрчимтэй нэмэгдэж байгааг дагаад коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ өсч байгаа аж. Харин манай улсын хувьд цаашид боомтуудынхаа хүчин чадалыг яаралтай нэмэгдүүлж, нүүрсний экспортын гарцыг тусад нь гаргаж өгөх шаардлагатай байгаа юм байна.

Мөн мэдээллийг богино хугацаанд яаралтай солилцож, банк санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Олон улсын жишигт нийцэхүйц, төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Харин эмх замбараагүй байсан уул уурхайн салбар цэгцэрсэн төдийгүй төрөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгааг доктор н.Батцэнгэл сайшаасан.

Түүнээс гадна нүүрсээ түүхийгээр нь экспортолсон тохиолдолд татвар нь өндөр байх, харин боловсруулж экспортолбол татварын хөнгөлөлт үзүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлжээ.

Энэ онд манай улс 30 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа аж. Гагцхүү одоогийн төмөр замын хүчин чадал 30 сая тонн нүүрс тээвэрлэхэд хүрэлцэхгүй бөгөөд тээврийн асуудал тулгамдсан хэвээр байтаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд 150 мянган тонн нүүрс Замын-Үүд Эрээнээр дамжсан байна.

Мөн ус, төмөр зам, эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгамдаад байна. Гэвч нүүрс нь хөгжиж буй орнуудын дотоодын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй экспортоос гадаад валютын орлого бүрдэх учиртай.

Х.Өнөржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button