МАН, АН-ын төвөргөөн…
хурлууд өчигдөр өдөржин дуншиж өнжлөө. Ардын намын хурал өглөө эртлэн эхэлсэн ч өдөр тийшээгээ Удирдах зөвлөл хуралдаж байна гэх чимээтэй хамт гацаж орхисон. Энэ удаагийн сонгуулиар тойрогт нэр дэвших квот олдохгүй бол жагсаалтад орно гэсэн нэг сайхан гарцтай болчихоод байсан билээ. Мэдээж хэрэг жагсаалтын эхний хэдэн байрыг намын дарга, генсек, нарийн бичгийн дарга, бүлгийн дарга энэ тэр гээд эзлэх юм. Харин эдгээрийн араас тойроггүй үлдэгсэд дээр доороо орон жагсана. Гэхдээ жагсаалтын эхний аравт л ядаж орохгүй бол УИХ-ын гишүүн болох шанс байхгүй гэхэд хилсдэхгүй.
Ардын намын тухайд одоо УИХ-д сууж байгаа гишүүдээс хэд хэдэн хүн тойроггүй үлдэж магадгүй байдал үүсчихээд байгаа тухай яриа цагаан ордных нь эргэн тойронд өрнөж байлаа. Мөн анхан шатны намаас нэр нь ирсэн хүмүүсээс гадна заалнаас нэр дэвших хүсэлтэй хүмүүс ч гарч ирсэн байна. Иймээс тус намын бага хурлын хэлэлцэх асуудал бас нэгээр нэмэгджээ.
Тус намын Төв аймгийн тойргоос Д.Дондог дахин дэвшихгүй нь тодорхой байсан бол Булган аймаг хамгийн халуун тулааныг өрнүүлж байна гэв. Булганд одоогийн гишүүн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир дээр нэмэх нь ЭБЭХ-ний дэд сайд Д.Гарамжав, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Засаг дарга М.Оюунбат нар үзэлцэж байгаа юм. Ц.Цэнгэлийг бууж өгсөн гэх яриа гарч байсан ч тэрбээр яг сунгаа болоход тахимаа өгөөгүй ажээ. Ингэхээр Булган бужигнаан үүсгэжээ. Мөн Архангайн тойрогт ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нэр дэвшихээр орж ирсэн ч орос шиг л бай л даа гэдэг шиг Залуустаа боломж олгоно оо гэснээр нэрээ татсан байна. Говь-Алтай аймгийн тухайд БХ-ын сайд Ж.Энхбаяр, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж хоёр өрөлт авчихаад байлаа. Ж.Энхбаяр Санал яаж гарахыг л харъя. Ц.Дашдорж сайд гараад ирвэл би түүний сонгуулийн менежерээр ажиллана. Харин намайг ялаад гараад ирвэл Дашка сайд миний кампанит ажилд ажиллах байх аа гэж явсан. Ховд аймгийн тухайд ч хүн нь олдож, квот нь цөөдөөд хэцүүхэн байгаа гэсэн. Ерөөс аймаг бүрт л ил далд тулаан өрнөсөн бол хамгийн жаргалтай нөхдөөр Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ хоёр тодорсон. Учир нь Хэнтий аймаг хоёр квоттой, Д.Арвин Баянзүрх дүүргийг сонгоод байгаа болохоор эл хоёр гишүүн нам дотроо өрсөлдөгчгүй ногоон гэрлээр нэр дэвших эрх авахаар болж байгаа юм. Ардын намын тухайд иймэрхүү тулаан өрнөн одоогийн УИХ-ын гишүүдээс ганц хоёр хүн эвгүйтсэнээр хэлэлцэх асуудал нь сунжирч цаг сунгасаар байсан.
Харин Ардчилсан намын тухайд мөн л фракцуудын дундах тохироо явагдаж, Гүйцэтгэх зөвлөл нь хуралдан тойроггүй үлдсэн нөхдийн асуудлыг хэлэлцэн цаг авсаар байв. Дорнодоос П.Алтангэрэл, Дархан-Уулаас Л.Гансүх, Баянгол дүүргээс Х.Тэмүүжин, Чингэлтэй дүүргээс Г.Баярсайхан нар анхан шатны намаасаа гарч чадаагүй бол эртнээс 2012 оныг онилоод байсан нэр дэвших сонирхолтой хүмүүс хоосон хоцрох дээрээ тулан тэвдэцгээн намынхаа удирдлагын толгойг гашилгахад хүргээд байв. Ерөөсөө УИХ-ын гурван гишүүн хийгээд бусад хоосон хоцорсон горилогчид намын нэрээр гарах жагсаалтын эхний долоод бичигдэхгүй бол бие даах гэнэ гэсэн шумыг дээшээ хүргэх зорилгоор тараан бяцхан сүрдүүлэг явуулаад авсан.
Дорнод аймгийн намын хорооны хуралдаанаар эхний санал хураалтын хуудсуудаа шатааж дахин санал хураалт явуулсан хөгтэй хэрэг гарчээ. Эхний санал хураалтаар Глобал удирдагч сангийн тэргүүн Д.Отгонбат унасан учраас саналын хуудсыг шатаасан юм байх. Ингээд намын хорооны гишүүдээ гурван сая төгрөгөөр хахуулдан өөртөө санал өгүүлсэн тухай эх сурвалж мэдээлсэн. Ийнхүү будлиан үүсгэсний үр дүнд Д.Отгонбат, Д.Мөнхцэцэг нар гаран П.Алтангэрэл гишүүн жийгдсэн байна.
Дархан-Уул аймгийн тухайд ҮЗХ-ны гишүүн Г.Гантулга, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа нар нууц санал хураалтаар ялалт байгуулж, Л.Гансүх хамгийн бага саналаар унасан аж. Мөн энэ үеэр Дархан-Уулын намын гишүүн, үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Мөнхтөр гомдлоо барьж дийлэлгүй намын батлахаа өгч, бие даан нэр дэвшихээ илэрхийлээд гарсан байна.
Мөн Г.Баярсайханыг намын удирдлагынх нь зүгээс жагсаалтын дээгүүр оруулъя гэсэн санал тавьсан ч тэрбээр өөрөө хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн сураг дуулдсан. Х.Тэмүүжин, Л.Гансүхийн хувьд ч жагсаалтад хэрхэн бичигдсэнээс ямар алхам хийхээ шийдэхээр хүлээж байв.
Энэ мэтчилэн бужигнасан хоёр том намын бага хурал хийгээд үндэсний зөвлөлдөх хорооны хурал шөнө дөлөөр явагдах нь дугаар шилжих мөчид тодорхой болсон юм.
М.Мөнхчимэг