Уран нугаралт бол хүсэлгүй хүний байх орчин биш
тоглолт хийдэг уг циркт ажиллаад гурван жил гаруй хугацааг ардаа үджээ. Коста-Рика, Панама, Венесуэль, Бразиль зэрэг өндөр хөгжилтэй оронд үндэсний урлагаа сурталчилж яваа монгол циркчдийн төлөөлөл болсон түүнтэй ярилцсанаа хүргэе.
Хамгийн анх өвдөлтийг биш гайхширлыг л мэдэрсэн
-Урлагт анх хөл тавьж байсан үеийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Цирктэй амьдралаа холбосон нь бүжгийн дугуйлангаас эхтэй. Манайх Ховдын айл. Аав минь одоо ч нутагтаа ажиллаж, амьдарч байгаа. 1998 онд дүүгийнхээ хамт сургуулийнхаа бүжгийн дугуйланд шалгуулсан юм. Гэтэл дүү маань бүжиг, би уран нугаралтын дугуйланд тэнцэж, хичээллэх болсон. Ингэж нугаралтын А үсэг заасан, Гантуяа багштайгаа танилцсан юм. Нугаралтын анхны хэдхэн элементийг сурч байтал хотоос эмээ манайд ирсэн. Сурсан зүйлээ эмээдээ үзүүлтэл Ийм авьяасыг хөгжүүлэх хэрэгтэй гээд намайг хотод дагуулж ирсэн.
Тэгээд л эмээгийнхээ гараас хөтөлсөн жаахан охин Улсын циркийн хаалгаар алхаж, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу багшид шалгуулж тэнцсэнээр урлагийн замд анх хөл тавьсан даа.
-Нугараачдын хувьд Цирк гэдэг их айлд хөл тавих нь гайхамшигтай гэдэг юм билээ?
-Тэгэлгүй яах вэ. Улсын циркийн том цэнхэр байшин хүүхэд насны минь мөрөөдлийн ертөнц байлаа.
Анх модон хаалгатай, дөрвөн номерын өрөөнд орж байснаа одоо ч их тод санадаг юм. Тайрмал үстэй, гоё биетэй, бэлтгэлийн өмдтэй багшийгаа тэнд анх хараад учиргүй сүрдэж, эмээж билээ. Тэр өрөөнд миний үеийн олон хөөрхөн охин байсан. Бүгдээрээ үсээ хоёр боочихсон. Урьд нь миний харж байгаагүй дасгал хөдөлгөөнүүдийг хийцгээж байсан. Тэднийг хараад, яагаад ч юм бэ, зүрх минь хурдан, хурдан цохилж билээ.
Тэгсэн багш намайг За, жаал аа, нааш ир. Юу чаддагаа үзүүл гэдэг юм байна. Миний чаддаг зүйл нь мост унаж, толгойдоо хөлөө хүргэх, А, В-гээр шбакат суух шүү дээ. Үзүүлээд дуустал багш намайг өмнөө зогсоогоод гар, хөл барьж үзсэнээ доош харуулж хэвтүүлээд, нуруунд хөлөө тулж байгаад, гарнаас татан, бөгс, толгой хоёрыг маань нийлүүлчихсэн.
-Өвдөөгүй юу?
-Айх, гайхах зэрэгцээд өвдөлтийг нь ч мэдрээгүй. Багш маань Тэнцмээр л юм байна. Даан ч гэр нь их хол юм. Сайн бодоод намар ирээрэй гэсэн. Тэр үед багшийн маань Жаал аа гэж дуудах нь их дотно санагдаж билээ. Тэндээс гарсныхаа дараа ч толгой маань бөгсөнд хүрчихсэн гэдэгт огт итгэхгүй байсан. Бас нуруу халуу оргиж байлаа. Гэвч би өвдөлтийг биш гайхширлыг л мэдэрсэн.
Одоо бол урлаг, тэр дундаа уран нугараач болсон нь миний амьдралын хамгийн анхны асар том, сайхан сонголт байж гэж боддог. Эмээгийнхээ гараас хөтөлж, Улсын циркийн хаалгаар анх алхсан есөн настай жаахан охин сайн багшийн ачаар урлагийн замд хөл тавьснаас хойш 14 жил өнгөрчээ. Цаг хугацаа ч хурдан юм аа.
-Тэр жилийн намар урьд урьдынхаас их өөр байсан байх. Тэр намрыг нүдэндээ хэрхэн зураглаж байв?
-Би хариад, аав, ээж хоёртоо тэнцсэнээ бас уран нугараач болохыг хүсч байгаагаа хэлсэн. Намрыг их л догдолж хүлээсэн дээ. Мэддэг хэдэн дасгалаа өдөржин хийж өнждөг байлаа. Намар жамаараа ирж, би явдгаараа явсан. Тэр намар их урт, улбар шар навчтай, миний мэдэхгүй өнгө, үнэртэй сайхан намар байсан.
Аав, бага дүү хоёроо их санана даа гэж бодсон ч үнэндээ ээжийгээ л их санасан. Гэвч энэ бол миний сонголт байсан учраас Би чадна аа. Заавал нугараач болно гэж өөрийгөө зоригжуулсан.
-Мөрөөдлийн ертөнц төсөөлж байснаас өөр байх нь их байдаг. Таны ертөнц ямар байсан бэ?
-Зөрүүтэй байгаагүй ээ. Уран нугаралт бол хүсэлгүй хүний байх орчин биш. Бид маш их өвдөлтийг мэдэрдэг. Тэр хэмжээгээр тэвчдэг. Гэвч миний ертөнц инээмсэглэл, гэрэл гэгээгээр дүүрэн байдаг. Тиймээс ч би одоо мөрөөдлийнхөө замаар аз жаргалтай алхаж явна.
-Ямар үед сонголтоо зөв гэдгийг мэдэрч, бахархдаг вэ?
-Үзэгчдийн алга ташилтыг сонсох бүртээ бахархдаг. Бас Монгол гэсэн нэрээр овоглож яваа нь миний хамгийн том бахархал.
-Хэдий хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн ч шантрах үе байсан л байлгүй?
-Өвдөлтийг хамгийн ихээр мэдэрсэн үедээ Яасан хэцүү юм бэ гэж боддог. Гэхдээ энэ бол түр зуурын л бодол.
Хамгийн их шантарсан үе гэвэл 15-18 нас байсан. Үеийнхэн хичээлээ тараад, кино үзнэ. Дэлгүүр хэснэ. Тэдэнтэй хамт явмаар санагдана. Гэтэл бидэнд чөлөөт цаг, зав байдаггүй. Гэхдээ шилжилтийн насны бүх л охидод хавар шиг ингэж гэгэлздэг үе тохиодог байх л даа.
-Шантрах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Нугарахгүй болохоор нэг л юм дутуу санагдаад байдаг юм. Тэгэхээр нугараач болох хүсэл минь намайг зоригжуулдаг бололтой. Мөн 14 жилийн турш урсгасан хөлс, зүтгэсэн зүтгэл, гаргасан тэвчээрээ талаар өнгөрөөж болохгүй гэсэн бодлоор өөрийгөө зоригжуулдаг.
Шувууд нутаг буцаагүй
-Ямар хувь тохиолоор гадаадад ажиллаж, амьдрах болсон юм бэ?
-2008 оны зун Буд багш маань надад энэ саналыг тавьсан. Ер нь ихэнх охид багшаараа дамжуулж гэрээгээ олоод, гадагшаа гардаг. Дэлхийн хэмжээний циркт ажиллаж, багшийнхаа зааж сургасан эрдмийг гайхуулж, эх орныхоо нэрийг дуурсгаж, чадлынхаа хэрээр мэрийн, амьдралын хэрэгцээгээ хангах цалинтай ажиллах энэ боломжийг би баяртай хүлээж авсан.
Бид бүгд амьдрал, зорилгынхоо төлөө өдөр бүр урагшаа тэмүүлж байдаг. Энэ хүсэл тэмүүллийнх нь хариуд хүн бүрт боломж ирдэг. Тэр боломжуудын нэг л надад тохиосон.
-Олон улсын TIHANY spectacular цирктэй хэдэн жилийн гэрээ байгуулсан бэ?
-2009 оны хоёрдугаар сараас хамтран ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш гурван жил гаруй хугацааг ардаа үджээ. Гэмтэж, бэртэх эрсдэл их байдаг учраас гэрээнд хугацаа заадаггүй. Тиймээс гэрээгээ сунгах эсэх нь биднээс л шалтгаална.
-Жилд хэдэн оронд тоглодог вэ?
-Бид долоо хоногт 12 тоглолттой байдаг. Нэг орны нэг хотод ойролцоогоор 1-2 сар тоглодог. Тиймээс тухайн орон хэр том, хэдэн хоттой байхаас шалтгаална. Манай цирк Бразилд ирээд жил гаруй болж байна. Нэг хотоос нөгөө рүү нүүгээд л амьдарч байна даа.
-Танай циркт хэдэн монгол хүн ажилладаг вэ?
-Манай цирк ойролцоогоор 150 орчим ажилтантай. 3000 үзэгчийн суудалтай. Маш олон орны циркчид ажилладаг. Надтай хамт нугардаг гурван монгол охин бий. Бид Сэлэнгэ эгчийн Могойн чуулган үзүүлбэрийг тоглодог. Дандаа монгол аян дээр нугардаг нь надад сайхан санагддаг. Бас хос тэнцвэрийн үзүүлбэр хийдэг хоёр ах бий. Тэд энэ циркт ажиллаад 10-аад жил болж байгаа.
Мөн өмнө нь нугардаг байсан нэг эгч бий. Хоёр хөөрхөн охины ээж болоод нугарахаа больж, бүжиглэдэг болсон юм билээ. Надтай хамт байгаа найман хүн миний хувьд их эрхэм нандин хүмүүс. Бид бие биедээ дэмтэй, нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй байж, хүний нутагт бусдынхаа сэтгэлийг дулаацуулж явахыг хичээдэг.
-Монгол циркчид гадныхнаас юугаараа давуу байна вэ?
-Цирк бол эр зориг, залуу нас, тэсвэр хатуужлын урлаг. Бид жилийн дөрвөн улиралтай оронд өсч, хүмүүжсэн болохоор илүү хатуужилтай байдаг.
-Амьдралынхаа ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл, цирк хоёрын аль нэгийг нь сонгох чухал сонголттой тулгарч байв уу?
-Ийм сонголт циркчин хүн бүрт ирдэг. Тийм үетэй тулгарч байсан ч би сонголтоо хийчихсэн. Тэгээд ч би Зүрх сэтгэл хаашаа тэмүүлнэ, тэнд л үлдэнэ гэж боддог. Би урлагтаа, цирктээ их хайртай.
Бид амьдралын хором бүрт ямар нэгэн алхам хийдэг. Энэ алхам бүр биднээс олон зүйлийг холдуулж, заримыг нь өөрчилж, хариуд нь олон шинэ зүйлийг өгдөг. Тиймээс би урлагийн төлөө хийсэн сонголтдоо ямагт сэтгэл хангалуун байдаг.
-Хүн нэг газраас нөгөө газар руу шилжихэд, ард нь түүнийг хүсэн хүлээх хүмүүс заавал үлддэг. Гэвч хүмүүс хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэдний сэтгэлийг шархлуулж оддог?
-Эх оронд минь намайг хүлээж байгаа хүн олон бий. Тэд маань миний сонголт, хүсэл мөрөөдлийг хүндэтгэдэг. Сэтгэлд нь намайг сайн яваа гэсэн итгэл бий. Би тэднийхээ итгэлийг унтраахгүйн төлөө хичээж явна.
Багштайгаа уулзалгүй таван жил болсон болохоор гомдож байгаа байх даа гэж л эмээх юм. Тиймээс танай сониноор дамжуулан багшаасаа уучлалт хүсье. Мөн Таны маш олон шавь заасан замаар тань аз жаргалтай алхаж яваа. Ачийг тань хэзээ ч мартахгүй. Чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Багш аа, та минь биеэ бодоорой гэж хэлье.
-Их дэврүүн, мөрөөдөмтгий хүн шиг санагдлаа. Таны мөрөөдлийн шувуухай яг одоо хаагуур нисч явна вэ?
-Аз жаргал, бас сайн сайхан гэж итгэсэн зүйл рүүгээ нисч яваа. Бид бүгд л агаарт нисч явдаг. Нэг л өдөр төрсөн газартаа эргээд буудаг. Яг үүнтэй адилхан олон нугараач охин миний адил хүний нутагт нүүдлийн шувуу шиг амьдарч байгаа. Гэвч бид нэг л өдөр эх орон, ижий, аавдаа эргээд очно. Би Шувууд нутаг буцаагүй гэж хэлэх дуртай. Учир нь, бид газар үзэж, нүд тайлж, сурсан бүхнээ цоо шинэ зүйлсээр баяжуулаад эх орон руугаа удахгүй ниснэ.
-Манайхан гадаадад л гарвал баян тансаг, алт мөнгөнд умбасан амьдралд хүрнэ гэж боддог. Гэвч бодит амьдрал дээр өөр байдаг гэлцдэг юм билээ?
-Гадаад хүний нүдээр харж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Циркчид бол дундаж л амьдралтай хүмүүс гэж би боддог. Угаасаа урлагийнхан гэдэг хэтэвч нимгэн ч сэтгэл дүүрэн хүмүүс байдаг шүү дээ.
-Гэхдээ та ч гэсэн мөнгөний төлөө хилийн чанадыг зориогүй гэж үү?
-Миний хувьд мөнгөний төлөө гэхээсээ сурч мэдэх, мэдлэг чадвараа хөгжүүлэхийн төлөө хилийн чанадыг зорьсон. Мэдээж мөнгө олон зүйлийг эрхшээлдээ оруулж болдог маш хүчтэй зүйл. Хүмүүс ч ихэвчлэн мөнгөний төлөө хилийн дээс алхдаг. Хамгийн гол нь мөнгийг зөв аргаар олж, зөв зүйлд зориулах хэрэгтэй.
-Зорилгодоо хүрч чадсан уу?
-Энгийн даруу хэрнээ сэтгэлээрээ хэн бүхнээс дулаахан амьдрах нь миний зорилго. Би зорилгынхоо яг дунд нь зогсож байна. Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүлээх, итгэх, хичээх ёстойгоо мэдэж байгаа. Тиймээс их олон жилийн дараа би энэ асуултад хариулж чадах байх аа.