Гадаадад байгаа 2005 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ
эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийв. Хэвлэлийн бага хуралд Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Комиссын нарийн бичгийн дарга, ГХЯ-ны ТЗУГ-ийн захирал Б.Баярсайхан, ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг нар оролцлоо.
Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комиссоос хийсэн мэдээллийг танилцуулбал
Гадаадад байгаа иргэдээс санал авах ажлын явцын тухай
Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд өөрийн оршин суугаа оронд байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газарт 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 07-20 цагт биечлэн очиж, УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөр болсныг өмнө нь мэдээлсэн.
Үүний дагуу Гадаад харилцааны яамны дэргэдэх Комисс болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комиссууд санал авах ажиллагааны бэлтгэл ажлыг хангахаар идэвхтэй ажиллаж байна.
Тухайлбал, Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт ДТГ-уудад 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 09-18 цагийн хооронд сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа явагдаж байна.
Өнөөдрийн байдлаар 39 ДТГ-т нийт 2005 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Холбогдох журамд өөрчлөлт оруулсаны дагуу иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж бүртгүүлэхээс гадна шуудан, цахим шуудан, факс ашиглан УИХ-ын сонгуульд саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх боломжтой боллоо. Ингэснээр иргэдийн бүртгэл нэмэгдэх болов уу гэж найдаж байна.
Иргэд бүртгүүлснээр тухайн Салбар комисст санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт гарах бөгөөд тухайн иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэн иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгана.
Хилийн чанад дахь Салбар комиссууд нь нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох юм.
Түүнчлэн, гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг гардан зохион байгуулах Салбар комиссын гишүүдэд холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, бэлтгэл ажлыг хэрхэн хангах, санал авах ажиллагааг зохион байгуулах явцад анхаарах зарим асуудлын талаар зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор УИХ-ын Тамгын газар, ГХЯ болон УБЕГ-аас хамтран нийт 11 ДТГ /Бангкок, Вашингтон, Сан Франциско, Бээжин, Сөүл, Токио, Москва, Парис, Берлин, Кувейт, Астана/-т бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 39 ДТГ-уудын Салбар комиссын гишүүд хамрагдсан байна.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Салбар комиссын гишүүд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахдаа хуулийг нэг мөр ойлгож, чанад сахихыг зааварлаж, тулгарч буй асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэсэн.
Салбар комиссууд нь сонгогчдын бүртгэлийг зохион байгуулахаас гадна санал авах байр, саналын хайрцаг, бүхээгийг бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж, ажлын явцын талаар Комисст тогтмол мэдээлж байна.
Гадаад харилцааны яам болон хилийн чанадад суугаа ДТГ-ууд нь гадаадад байгаа иргэдийн сонгуульд оролцохтой холбоотой санал, хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.
Л.Тамир
olloo.mn