ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын өмнөөс Э.Цасчихэрийг золигт гаргачихсан юм биш үү
Гэхдээ яалт ч үгүй албан тушаалын шахаанд орж, төрийн томчуудын халаасыг зузаалж, гар хөлийнх нь үзүүрт зарагдаж байсан нөхөд түүндээ ороогдон шоронд орсон тохиолдол бас байна. Тухайлбал, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг дурдаж болно. Сураг сонсвол Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг Увс нутгаас сонгогдсон төрийн түшээ Ч.Хүрэлбаатар золигт гаргасан гэх юм билээ. Нутгийн ах нарынхаа буянаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ТЭХ-ний сайд гээд улстөрийн томоохон албан тушаалд томилогдож явсан ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын хувьд Увсдаа хэдийнэ нөлөөгөө тэлсэн. Улстөрд нэгэнт хүчээ авсан түүнд аймгийнх нь Засаг дарга, орон нутгийн удирдлагууд захирагдахгүй гээд хаа холдох билээ. Үгээр нь явахгүй бол албан тушаалаас нь аваад хаячихна. Харин албан тушаалын хойноос үхэн хатан гүйдэг Э.Цасчихэр мэтийн нөхдийг ашиглан орон нутагтаа байр сууриа бэхжүүлж, цаашлаад халаасаа зузаалдаг нь төрийн томчуудын нийтлэг тогтолцоо. Иймээс ч ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Э.Цасчихэр нарыг ийм жишгээр хэрэглээд хаячихаж гэх шум дэгджээ. Ч.Хүрэлбаатар олон жил төрийн өндөр албан тушаал хашсан. Энэ хэрээрээ нэлээд хэл ам таталдаг нэгэн. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших Хотгор шанагын нүүрсний уурхайтай байнга нэр холбогддог. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тоонд орох боломжтой Хотгор шанагын ордыг Ч.Хүрэлбаатар эзэмшдэг гэх яриа бий. Олны үг ортой гэдэг. Энэ яриа ч эцэстээ батлагдсан гэхэд болно.
Харин Ч.Хүрэлбаатар энэ ордыг ашиглахын тулд солонгосчуудтай хамтарчээ. Ингэснээр Хотгор шанагын нүүрсний уурхайд Солонгосын Корэйн коал компани зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Тухайн үед энэ ордыг ашиглахаар орж ирсэн Корэйн коал ХХК-ийг Солонгосын төрийн өмчит компани хэмээн Засгийн газрын түвшинд тайлбарлаж байв. Энэ нь орон нутгийн иргэдэд итгэл төрүүлж, сум, аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн орон нутгийн удирдлагууд, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч хүч нэмж байлаа.
Харамсалтай нь Солонгос Монголын хамтарсан компани Хотгор шанагын орд газрыг ухаж эхэлсэн цагаасаа л байгаль орчныг сүйтгэж, орон нутагт үлэмж хэмжээний хохирол учруулжээ. Сүүлдээ Солонгосын төрийн өмчит компаниуд гадны улсад үйл ажиллагаа явуулахдаа орон нутагт нь ч хөрөнгө оруулалгүй, байгаль орчныг ингэж сүйтгэдэг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Үнэндээ Корэйн коал ХХК зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэх боловч сум, орон нутагт нь юу ч наалдаагүй. Бүр хөрөнгө оруулсан гэх мөнгөнийнх нь зарим хэсэг хаашаа, юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй алга болсон ч гэлцдэг.
Иймээс Бөхмөрөн сумын аргаа барсан иргэд энэ оны эхээр эсэргүүцэл хийж, суулт зарласан. Сонгууль дөхөөд ч тэр үү нутгийн иргэдийн эсэргүүцлийн чимээнээр ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, МХЕГ-ын эрх бүхий хүмүүсийг дагуулан дуулгавартай гэгч нь Бөхмөрөн сумыг зорьсон байдаг. Улмаар иргэдийн хүсэлтээр Бөхмөрөн сумыг сүйтгэж байсан өөрийнхөө компанийн үйл ажиллагааг нь зогсоож, олныг гайхашруулсан билээ.
Хотгор шанагын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд оруулах асуудлыг судлуулахаар 2007 онд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 27 дугаар тоот тогтоол УИХ-ын дарга Ц.Нямдорж баталсан байдаг. Гэвч Ч.Хүрэлбаатар нар Хотгор шанагын ордыг стратегийн ордод оруулахыг эсэргүүцэн авч үлдэж чадсан гэнэ. Энэ асуудлыг шалгуулахаар УИХ-ын гишүүн Х.Баттулга АТГ, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаж байсан билээ.
Хотгор шанагын ордыг солонгосчууд сүйтгэж байхад аймгийн Засаг дарга Э.Цасчихэр Болж байна, бүтэж байна, сайн компани хэмээн магтдаг байв. Э.Цасчихэр АТГ-т шалгагдаж байх үедээ буюу энэ оны эхээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хүссэн ч эс хүссэн ч уул уурхайн салбарыг хөгжүүлэхээс өөр арга зам байхгүй. Манай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хотгор шанага-ын нүүрсний уурхайд Солонгосын Корэйн коал компани зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хэт ирээдүй нь нүүрсийг коксжуулах, нүүрснээс өөр бусад бүтээгдэхүүн гаргаж авах, нүүрсийг экспортлох асуудал юм. Тус үйлдвэрийг түшиглээд эрчим хүчний үйлдвэр баригдах асуудал яригдаж байгаа хэмээжээ.
Харин Хотгор шанагын ордын нууц эзэн болох Ч.Хүрэлбаатарын талаар Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ТЭХ-ний сайд гээд голлох салбаруудад ажиллаж байсан, одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Энэ хүнд үнэхээр их боломж, нөөц ирээдүй байгаа. Хариуцлагатай, ажлын дадлага туршлагатай хүмүүстэйгээ хамтран ажиллаж, ахин дахин сонгох нь аймаг орон нутгийн хөгжилд бодитой хөдөлгөгч хүч болдог юм байна гэдгийг амьдрал харуулж байна гэсэн байх аж. Энэ бол Ч.Хүрэлбаатар аймгийнхаа Засаг даргыг хэрхэн атгадгийн тод жишээ.
Ч.Хүрэлбаатарын гар хөлийн үзүүрт Э.Цасчихэр, Д.Батсайхан нараас гадна Увс аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Ганболд, Чимэддорж гэх мэтийн олон хүн бий гэсэн. Ч.Ганболд нь Ч.Хүрэлбаатарын төрсөн ах бол Чимэддорж нь бие төлөөлөгч ажээ. Мэдээж Ч.Хүрэлбаатар буруудлаа гэхэд бие төлөөлөгч, төрсөн ах хоёроо яаж ийгээд аваад үлдэх нь ойлгомжтой. Иймээс нохойд барьдаг мод шиг, хэрэглэж ирсэн Э.Цасчихэр, Д.Батсайхан хоёроор тахил өргөсөн нь энэ аж. Ингэхдээ гүүр, барилгын тендер будлиантуулсан, хувийн компанидаа давуу эрх олгосон гэдэг үл ялигхан шалтгаанаар ял оноосон байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Хүрэлбаатар өмнөөс заавал хэн нэгэн шоронд орох шаардлагатай байсан тул Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр нь золиослогдсон гэнэ.
Б.Даваахүү