1997 онд алуулсан гадаадын иргэний хэрэгт Дамирангийн Энхбатыг сэжиглэж байжээ
хүн үзэхээрээ хүүхдүүд хүртэл дагаж гүйдэг байсан цаг. Хоёр орны найрамдалт харилцааг сэвтээх шахсан уг хэргийг хэн үйлдэв гэдгийг өнөөг хүртэл илрүүлээгүй л байна. Учир нь алуурчин этгээд тун нарийн зохион байгуулалттай ажиллажээ.
Болсон явдлыг тодруулбал, 1990-ээд оны дундуур Монгол Улс гадныхны буцалтгүй тусламж, бага хүүтэй зээлээр эдийн засгаа дөнгөж торгоодог байв. Хөдөө аж ахуйгаас өөр хөрөнгө оруулах олигтой амжилт бүхий салбар байгаагүй тул хөрөнгө оруулагчдын сураг ч байдаггүй тэр үед олон улсын банк, буяны байгууллагууд л ганц нэгээрээ ажлаа эхлүүлдэг байсан юм.
Дээрх хэргээс хойш эдгээр байгууллага Монгол дахь ажилтнууддаа онцгой анхаарч, өндөржүүлсэн хамгаалалтад байлгахыг шаардсан гэдэг. Учир нь учир битүүлгээр амиа алдсан Тим Жармен Азийн хөгжлийн банкны ХАА-н бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох төслийн багийн удирдагч байсан аж. Олныг сэрдхийлгэсэн уг хэрэг Монголоос хальж, олон улсын түвшинд хэлэлцэгдэх болсон нь бас л анхаарал татам шалтгаантай.
Тим Жармены хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчдийн тэмдэглэлээс үзвэл алуурчин этгээд галт зэвсэг хэрэглэсэн. Хэрэглэх, хэрэглэхдээ бүр хохирогчийн амин газрыг алдалгүй оносон байжээ. Өөрөөр хэлбэл Тим Жармены тархийг зад буудсан тул газар дээрээ нас барсан гэх Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Тиймээс тухайн үед хэргийг захиалгат аллага байж болзошгүй, мэргэжлийн хүн үйлдсэн байна гэх мэт таамгуудыг дэвшүүлж байв.
Хэрэг гардаг орой Тим Жармен Омен Марк, Портер Кристи, Лейтон Крофт нарын хамтран ажиллагсадтайгаа Топ Тен бааранд оржээ. Тухайн үед бааранд байсан монголчууд гадныхныг сонирхож, бас ч үгүй агсамнах маяг гаргасан болохоор Тим согтууруулах ундаа хэрэглээгүй гэж гэрчүүд мэдүүлсэн байна.
Тэгээд бааранд бусадтай маргалдаж, муудалцаагүй тэгсхийгээд гарч, эхлээд Тимийг хүргэж өгөхөөр явжээ. Хохирогчийн гэрч Лейтоны мэдүүлснээр Тимийн байрны гадаа ирэхэд том өрөө нь бүдэг гэрэлтэй байсан аж. Тэгэхэд Тим Би гэрлээ унтраагаагүй юм байх даа. Хачин юм. Би цахилгаан хэрэгсэлтэй маш болгоомжтой, бас нухацтай ханддаг. За, за би мартсан юм байлгүй гэж хэлсэн байна.
Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийхэд хохирогчийн биед тэмцэлдсэний ул мөр илрээгүй учраас алуурчин нуугдаж байгаад гэнэт гарч ирж буудсан. Эсвэл тэр хоёр бие биеэ таньдаг байх магадлалтай. Юутай ч хэргийг санаатай үйлдсэн нь илэрхий. Алуурчин этгээд хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн мэт харагдуулахын тулд Хитачи маркийн видео тоглуулагч, Олимпус зургийн аппарат авч явсан ч хохирогчийн мөнгөнөөс аваагүй байжээ. Тиймээс тухайн үед Английн Элчин сайдын яамнаас энэ хэргийг улстөрийн зорилгоор, зохион байгуулалттай үйлдсэн гэж үзсэн байна.
Гэхдээ Тим Жармен өөрөө яггүй хөдөлгөөнтэй нөхөр байсан нь тогтоогдсон. Учир нь түүнд байраа хөлслүүлж байсан С.Мөнхбат Манайх илүү байраа Тимд сарын 400 ам.доллараар хөлслүүлдэг байсан. Долоо хоногт нэг удаа их цэвэрлэгээ хийж өгдөг. Тэгэхэд Тим гэртээ биеэ үнэлэгч авч ирсэнтэй хэд хэдэн удаа таарсан юм. Бас нэг монгол эмэгтэй эхнэр нь юм шиг л салдаггүй байсан. Бүр хоорондоо маргалдаж, хашгиралдахыг нь ч сонссон гэж мэдүүлжээ. Тиймээс хэрэг авгай, нөхрийн хэрүүлээс үүдсэн байж ч болно. Гэхдээ галт зэвсэг чадмаг ашиглаж үйлдсэн учраас арай нарийн зохион байгуулалттай гэж үзэх үндэс байв.
Цагдаа нар зохих мэдүүлгүүдийг авсны дараа хэд хэдэн хүнийг сэжигтнээр татсан байна. Тухайн үед эдгээр сэжигтний талаарх мэдээлэл онцын сонирхол татахааргүй байсан. Сонирхол татахааргүй гэж тодруулсан учир нь сэжигтнүүдийн дунд байсан нэг хүн одоо монголчуудын анхаарлыг зүй ёсоор татах учиртай. Тодруулбал, энэхүү сэжигтнийг С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэн Францаас баривчлуулсан, мөн түүнийг баривчилсан хэргээр Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг Европт саатуулж, хорьсон зэрэг түүнтэй холбоотой асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн их сенсацийг дагуулсан юм.
Энэ хүн бол Д.Энхбат агсан. Түүнийг Дамирангийн Энхбат гэх бүтэн нэрээр нь монголчууд андахгүй. Тим Жармен алуулсан жил эрүүл мэндийн шалтгааны улмаас шоронгоос суллагдаад байжээ. Албан ёсны баримтад дурдсанаар Д.Энхбат Эрүүл мэндийн шалтгаанаар ял хойшлуулсан хэмээн бичсэн байх юм. Яг энэ үеэс л талийгаачийн биеийн байдал хүндэрч, хатуу тавилантай өвчнийх нь эхний шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байдаг. Тухайлбал, элэг нь хатуурч, устан амьсгал бачууран ярьж чадахгүйд хүрээд байсныг гэрчлэх хүн цөөнгүй байдаг.
Тиймээс Д.Энхбат ямар сэжмээр АХБ-ны ажилтантай холбогдож, түүний үхлийн буруутнаар шалгагдаж байгааг тодорхойлох нэгэн байсангүй. Учир нь энэ хэргийг нууцалж, мэдээллийг нь гадагш гаргаагүй юм байх. Сонин хэвлэлүүдээр ч энэ талаар тодорхой, тоймтой зүйл дурдаагүйг үзвэл яах аргагүй анхаарал татахуйц хэрэг байж таарна. Английн ЭСЯ-наас хэргийг илрүүлж өгөхийг удаа дараа хүссэн ч нэг их удалгүй хэргийг хаасан бөгөөд өдгөө УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх хэлтсийн архивт хавтаст хэргийг хадгалсаар байгаа аж.
/ИЛРЭЭГҮЙ ХАВТАСТ ХЭРЭГ-3/
Р.Саруул