Хүүхдийн баярыг угтаж цэцэрлэгийн багачууд Бяцхан номын сан-тай боллоо
ирээдүйд ном уншигч соёлтой, боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд ном гэгч эрхэм эрдэнийн үр шим төсөөлшгүй их. Тэгвэл Болор- Алтан Эрдэнэ ТББ- ын санаачилгаар нийслэлийн алслагдсан дүүргийн нэгэн цэцэрлэгийн багачууд бяцхан номын сантай боллоо. Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд орших 171 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд бяцхан номын санг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон юм. 171 дүгээр цэцэрлэг нь өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон бөгөөд тус цэцэрлэгт 2-5 насны 130 гаруй хүүхэд хүмүүжиж байна.
Тус дүүргийн 16 дугаар хороонд оршдог ганцхан цэцэрлэг нь эднийх бөгөөд байгуулагдаад нэг жил ч болоогүй байгаа учраас ном сурах бичиг бусад материаллаг бааз дутмаг байдаг гэдгийг цэцэрлэгийн удирдлагууд ч хэлж байлаа. Харин Болор-Алтан Эрдэнэ төрийн бус байгууллагын санаачилсан Бяцхан номын сан төслийг Капитал банк дэмжин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү багачуудыг сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүдийн нас насны ангилалд тохирсон зурагт, танин мэдэхүйн, үлгэрийн товхимлууд бүхий бяцхан номын санг хүлээлгэн өглөө.
Болор-Алтан Эрдэнэ-ийн санаачилсан Бяцхан номын сан төсөл өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээндээ дэмжин ажилласан хамгийн анхны бизнесийн байгууллага нь Капитал банк болсон байна.
Цэцэрлэгийн багачуудыг сурч боловсроход нь дэм болох үүднээс хэрэгжүүлж буй ном болон материаллаг баазаар хангах уг ажлыг тус төрийн бус байгууллагаас цаашид ч үргэлжлэн зохион байгуулах бөгөөд энэ үйлсэд хамтарч ажиллахыг бизнесийн бусад байгууллагуудад уриалсан юм. Эх үрсийн баярыг угтан хэрэгжүүлсэн уг ажил 171 дүгээр цэцэрлэгийн 130 гаруй багачуудын магнайг тэнийлгэсэн сайхан үйлс боллоо хэмээн цэцэрлэгийн удирдлагууд талархсан сэтгэлээ манай сониноор дамжуулан илэрхийлсэн юм.
Цэцэрлэгүүдийн хувьд сонгууль дөхөхөөр улс төрийн нам эвсэл сонгуулийн пиар хийж бага сага зүйл цэцэрлэгт гардуулдгийг эс тооцвол багачуудын сурч боловсрох орчинд санаа тавьдаг хүн гэж бараг үгүй гэнэ. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд л гэхэд өнгөрсөн оныг хүртэл ганц ч цэцэрлэг байхгүй байсан нь эндхийн оршин суугчдад хүндрэлтэй байсан байна.
Харин энэ удаа будаг нь ханхалсан шинэхэн цэцэрлэг нийгмийн хариуцлагаа ухамсарладаг байгууллагуудын ачаар нүүр бардам номын сантай боллоо. Болор-Алтан Эрдэнэ төрийн бус байгууллага цаашид Бяцхан номын сан-гаа нийслэлийн цэцэрлэгүүд болон хөдөө орон нутгийн цэцэрлэгүүдийн анги бүрт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа хэмээн тэргүүн Т.Ууганбаяр ярьсан юм.