Хорих ангийн төрөл дэглэмийг өөр тогтолцоонд шилжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын явц, үр дүнг жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг сайд Ц.Нямдоржид даалгав. Мөн шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, санхүүгийн бусад эх үүсвэрийг ашиглан санхүүжүүлж байхаар болжээ.

Нээлттэй хорих ангид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг анх удаа үйлдэж ял шийтгүүлсэн насанд хүрсэн эрэгтэй, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд болон эмэгтэй ялтны ялыг эдлүүлэх юм. Гэхдээ өмнө нь хорих ял эдэлж байсан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй ялтан, хүнд, онц хүнд хэрэг үйлдсэн, онц аюултай хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтны ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангийн хаалттай хэсэгт эдлүүлэх юм байна. Түүнчлэн санамсар болгоомжгүйгээр болон бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүн нээлттэй дэглэмтэй хорих ангид ялаа эдлэх нь.

Харин хаалттай хорих ангид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсвэл урьд нь хорих ял эдэлж байсан буюу онц аюултай хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны ялыг эдлүүлэх юм байна. Нээлттэй дэглэм нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц, боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлалгүй, тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлдэг. Тэгвэл хаалттай дэглэмийн онцлог нь тухайн ялтныг хорих ангийн хамгаалалтын бүсэд, нарийн хяналтан дор, ялтны зорчих хөдөлгөөн, бусадтай харилцах боломжийг нь хязгаарласан нөхцөлд байлгадаг. Мөн нийгэм, сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамруулдаг байна.

Улсын хэмжээнд жирийн дэглэмтэй 10, насанд хүрээгүйчүүд болон эмэгтэйчүүд, баривчлах ял эдлүүлэх, дамжин өнгөрүүлэх, эмчилгээний тус бүр 1, чанга дэглэмтэй 7, онцгой дэглэмтэй 1, гяндан 1 байдаг юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button