Төсвөөс мөнгө цохиж сурсан Л.Гүндалай хоёр жил хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ

Тодруулбал, хөрөнгө орлогоо нуун дарагдуулж, худалд мэдүүлсэн УИХ-ын гишүүн Л.Гүндалай нууж дарж байсан компаниудаа мартчихсан байсан хэмээн тайлбарлажээ.

Тэрбээр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханд хандаж гаргасан тайлбартаа УИХ- ын Ёс зүйн дэд хороонд АТГ-аас тавдугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн албан бичигт дурдсан нэр бүхий компаниуд нь ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, орлого, ашиг олдоггүй, нэг ч удаа хувьцаа гаргаагүй, ногдол ашиг хуваарилаагүй, санхүү, татварын байгууллагад X тайлан гаргаж өгсөөр ирсэн тул ерөнхийдөө мартагдсан компаниуд юм. УИХ-ын 2007 оны 09 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ХОМ-ийн маягтыг бөглөх зааварчилгаа-нд ийм компанийг мэдүүлэгт хэрхэх талаар тодорхой тусгаагүй болно. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 663 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь амины орон сууцны газар нь Төрийн өмч юм.

АТГ миний 2010, 2011 оны ХОМ-ийг цаг тухай бүрт нь хүлээж авсан атлаа зөрүүтэй мэдүүлсэн гэж УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөхөн 2012 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол ирүүлсэнд нэг талаар гайхаж байгаа боловч энэхүү тайлбарыг өгч байна гэжээ.

Түүний бичсэн энэхүү тайлбараас үзэхэд УИХ-ын гишүүн Л.Гүндалай АТГ-ынхныг илтэд доромжилж, төрийн хууль дүрмийг үл хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ. АТГ гэдэг бол төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр шалгаж байх үүрэгтэй. Энэ байгууллага үүргийнхээ дагуу хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Л.Гүндалайг шалгаж, нэг бус нэлээд хэдэн компаниа нуусан болохыг тогтоожээ.

Л.Гүндалай гишүүн өөрийн гаргасан тайлбартаа АТГ миний 2010, 2011 оны ХОМ-ийг цаг тухай бүрт нь хүлээж авсан атлаа зөрүүтэй мэдүүлсэн гэж УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөхөн 2012 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол ирүүлсэнд нэг талаар гайхаж байгаа боловч энэхүү тайлбарыг өгч байна хэмээсэн.

Тэгэхээр УИХ-ын ги­шүүн Л.Гүндалай 2010, 2011 онд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж, АТГ-т өгөхдөө дээрх нэр бүхий компаниудаа мөн л нуун далдалж, худал мэдүүлсэн болж таарч байна. Тухайн үед үүнийг нь АТГ-ынхан ч олж тогтоож чадаагүй аж. Харин энэ жил АТГ-ын бүтэц бүрэлдэхүүнд маш том өөрчлөлт орсноор УИХ-ын гишүүн Л.Гүндалай зэрэг хөрөнгөө нуудаг гишүүдийг илрүүлсэн байна.

Хууль бүх хүнд тэгш үйлчлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Л.Гүндалай 2010, 2011 онд хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрчээ. Тиймээс хоёр жил хөрөнгө орлогоо нууж, худал мэдүүлсэн УИХ-ын гишүүн Л.Гүндалайд АТГ-аас энэ жил хатуухан банга хүртээх биз ээ.

УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хувьд байнга АТГ-т шалгагдаж байдаг нэгэн. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж Улсын Ерөнхий прокурор асан М.Алтанхуяг УИХ-д хандсан боловч амжилт олоогүй. Харин АТГ Л.Гүндалайд холбогдох хэргийг шалгаж, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Тайванийн Тайпэй хотын яаралтай түргэн тусламжийн төвөөс манай улсын эрүүл мэндийн байгууллагад тусламж болгон өгсөн 10 ширхэг түргэн тусламжийн машиныг Эрүүл мэндийн үйлчилгээний яа­ралтай тусламжийн төвүүдэд хуваарилах нэрийдлээр завшсан болохыг тогтоосон.

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Оюунчимэгтэй бүлэглэн ХӨСҮТ-ийн засварын ажлыг хийгээгүй байж гүйцэтгэлийг хангасан тухай актуудыг хуурамчаар үйлдэн 98 сая гаруй төгрөг завшсан, Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээнд тоног төхөөрөмж худалдан авах тендерийг будлиантуулж, өөрийн төрсөн ах Л.Баяндалайгийн эхнэр С.Нэргүйн хувийн компани болох Булгат-Овоо компанид давуу эрх олгож, улсад 630 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнийг АТГ-ын мөрдөн байцаагчид шалгаж тогтоосон юм.

ХӨСҮТ-ийн данстай Ланд круйзер маркийн машиныг Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халд­варт өвчин судлалын албанд шилжүүлэх тушаал гаргаад өөрийн ах Л.Доржид эзэмшүүлж байсныг АТГ-ын мөрдөн байцаагчид хураан авсан билээ. Л.Гүндалай, Ц.Оюунчимэг нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 150, 263 дугаар зүйлээр сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтыг явуулан яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байдаг.

Харамсалтай нь Л.Гүндалайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гараагүй юм. Энэ асуудал УИХ-д хэд хэдэн удаа очсон боловч намын хамгаалалтаар тэсч үлдсээр байсан билээ. Харин өдгөө Л.Гүндалай хувийн компаниудаа нууж хөрөнгөө мэдүүлсэн нь тогтоогдоод байна. Тэ­гэхээр УИХ-д дахин нэрээ дэвшүүлчихээд байгаа Л.Гүндалайг албан тушаалаа ашиглан удаа дараа төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, хөрөнгө орлогын мэдүүлгээ хоёр жил нуун дарагдуулж, худал мэдүүлсэн гэх зэрэг давхар давхар үндэслэлээр шалгах нөхцөл бүрдчихээд байгаа юм.

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button