Сонгуулийн дуулиантай зэрэгцэн махны үнэ тэнгэрт хадлаа

Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар үүнээс болж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци өсөх магадлалтай байгаа ажээ.

Махны үнэ 10 мянга хүрэх нь. Ийм яриа зуны эхэн сарын бороо, хуртай сайхан өдрүүдийн илчийг даран тархав. Өвлийнхөө үүцийг хавар дууссан зарим нь долоо хоногт гурван удаа цагаан хоол идэж байгаа сурагтай. Түүнээс гадна толгой, цувдай од болж, махны үнэ өссөнийг сайн талаас нь харвал монголчууд эрүүл хооллож байна. Гэхдээ л махчин монголчууд цагаан хоолоор төдийлөн удахгүй. Дээр нь махны үнэ өссөнөөс болж бусад хүнсний ханш ч дээшилж, бүр явсаар инфляци нэмэгдсэн шалтгаан болж хувирдаг. Ер нь юунаас болж мах магнат болсон юм бол. Сураг сонсох нь ээ өнгөрсөн хавар Монгол мал хөтөлбөрийн дагуу бүх малыг эрүүлжүүлэхийн тулд вакцинжуулснаас болж бой хийхийг хориглосон гэнэ. Энэ нь ч үнэн аж. Учир нь малд шүлхий, бруцеллёз, шимэгч, боом зэрэг онц халдвартай өвчний вакцин хийсэн бөгөөд урьдчилан сэргийлэх тарилгын тун, хүч хамгийн багадаа хоёр cap үйлчилдэг юм байна.

Тиймээс вакцин хийлгэсэн малыг нядлахыг хориглосон нь ийм байдалд хүргэжээ. Гэхдээ малд вакцин хийж, мах ховордлоо гээд үнэ өсгөх нь зүй бус явдал. Махны үнийг ийн хөөрөгдөж буйг тодруулахаар Хүчит Шонхор захыг зорилоо. Үдээс хойш 1500 цагийн үед очиход энд хөл хөдөлгөөн их байв. Уг нь ажлын цагаар ийм байдаггүйсэн. Харин махны лангуу тун ч сийрэг харагдах аж. Учрыг нь асуухад Хөөе сурвалжлагч биш биз. Махны үнийг ченжүүд хөөрөгдөөд байна гээд телевизийнхэн салахаа байсан гэв. Энэхүү худалдагчид үнэн учраа хэлэхэд учиргүй уурлаж, бараг л хөөж туух нь тэр.

Үнэндээ худалдан авагчид бидний талд орж, өмөөрөөгүй бол зодуулах ч багадахаар байлаа. Харин тус захын зохион байгуулагч Ч.Дуламсүрэн Ойрд мах ирэх нь ховор байгаа. Уг нь өглөө бүр зуу, зуун тонн мах ирдэг байсан. Хөдөөгүүр бой хийлгэхгүй байгаа гэж байсан. Тэгээд ч махны үнэ өссөн байх. Авч ирж байгаа мах нь үнэтэй болохоор аргагүй ээ гэх юм. Биднийг тэнд явж байхад бүхээгтэй Бонго машинаар мах авч ирсэн юм. Вакцины тухай сонссон учраас гүйцэд сэврээгээгүй улаан мах тийм ч таатай харагдсангүй. Хамгийн гол нь мяндсан шуудайнд талыг нь шургуулсан махыг захын шороон дээр шууд шидлэх аж. Шороо, тоос болсон махыг даг болсон хувцастай ачигч нар мөрөн дээрээ тохон гүйлдэх бөгөөд энд мэргэжлийн хяналтын байцаагч, захын байцаагч нар ажилладаг гэх ч тоож байгаа хүн алга.

Энэ үеэр нэрээ нууцлахыг хүссэн нэг худалдан авагч Би энд амьдардаг юм. Яг үнэндээ хөдөөнөөс ирж байгаа махыг бараг хоёр нугалсан үнээр зарж байгаа. Худлаа гэвэл өглөө 0600-0730 цагийн хооронд ирж үзээрэй. Үхрийн гуяны мах энэ зах дээр одоо 9300 төгрөгийн үнэтэй. Гэтэл өглөө зургаан мянгаар л авдаг. Бас хятадууд ирж мах авдаг. Тэд нар зүгээр нэг хэрэглээний мах авдаггүй байх. Ихэвчлэн микротой ирдэг юм. Захынхан хятадуудтай бараг зодолддог. Гэхдээ хөдөөнөөс мах авч ирж байгаа хүмүүс арай илүү үнэ хэлдгээр нь хятадуудад өгчихдөг гэв.

Өчигдрийн байдлаар Хүчит Шонхор захад худалдаалагдаж байсан махны ханшийг танилцуулъя.

Үхрийн мах /ястай/7600 төг, /цул/ 8900-9100 төг, / гуяны мах/ 9300 төг

Хонины мах /ястай/ 6200 төг, /цул/ 6800 төг

Ямааны мах /ястай/ 5800 төг, /цул/ 6100 төг

Адууны мах /ястай/ 5500 төг, /цул/ 6000 төг

Энэ бол махны ханш хамгийн хямд байдаг захын үнэ. Нарантуул, Баянзүрх, Барс захад үүнээс 300-400 төгрөгөөр илүү үнэтэй байгаа Харин Далай ээж захад үхрийн цул мах кг нь 13 мянган төгрөгт хүрчээ. Өнгөрсөн өвөл махны үнэ 6000 төгрөгт хүрэхэд монголчууд халаглаж, бууруулах арга саам эрэлхийлж, бүр Засгийн газрын түвшинд авч хэлэлцэж байсан. Гэтэл одоо сонгуулийн дуулианаас болж үүнийг анзаарах сөхөөтэй дарга байхгүй болжээ.

Мах үнэд орсноос болж нөөцийн мах зарж буй дэлгүүрүүдэд 1990 оны картын барааны үеийг санагдуулам дугаар үүсэх болов. Бүр худалдагч нар нь танил талдаа мах авч үлдэх гэж байгаад баригдсан нь ч бий. Гэтэл нөөцийн гэгдэх энэ махнаас авсан хүмүүс өнгө зүс муутай, шөл гардаггүй, хатчихсан байна гэж гомдоллох боллоо. Дээр нь махны ихэнх жинг яс дарчихдаг гэх яриа ч гардаг. Нийслэлийн хэмжээнд энэ жил 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэж, шинэ он гарсны дараа зах зээлд нийлүүлж эхэлсэн. Оны эхэнд гарсан шийдвэрийн дагуу нөөцийн махыг 2600-3700 төгрөгөөр худалдаалж байсан. Гэвч мах бэлтгэгч компаниуд алдагдал хүлээж байна гэж гомдоллосны дагуу үнийг нь нэмсэн юм.

Тиймээс одоо нөөцийн мах зарж буй дэлгүүрүүдэд ямааны мах 4100 төгрөг, үхрийн мах 5500 төгрөг, хонины махыг 5100 төгрөгийн үнэтэй байна. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нөөцийн махыг ирэх сарын нэгэн хүртэл худалдаалахаар болсон.

Одоо тэгэхээр манай дарга нар улстөрийн хажуугаар идэж байгаа хоол ундаа анхаарах шаардлагатай болж байх шиг.

Г.Амартүвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button