Нефтээ бараагаар сольж байна

Үүнийг барууны шинжээчид АНУ, Европын орнууд тус улсад эдийн засгийн хориг тогтоосонтой холбож байгаа. Олон улсын хориг авсан биш Иранд харин шинэ боломж олгож байгаа аж. Юу гэвэл Иран нь Хятад, Энэтхэгт нефть нийлүүлэхдээ дээрх хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгт юань болон рупигээр борлуулалтаа хийж, тэр мөнгөөр нь эргээд Хятадаас хувцас хунар, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ авч, Энэтхэгээс цай, цагаан будаа, эм, химийн бодис, үйлдвэрлэлийн бусад тоног төхөөрөмж импортлож байгааг нэг ёсондоо барааг бараагаар солилцож байгаатай ялгаагүй зүйл болж байгааг шинжээчид тэмдэглэсээр. Нэгэнтээ олборлосон хар алтныхаа илүүдэл орж болзошгүй байгаа Иран нефтээ ийнхүү ашигтай наймаалж байгааг сүүлийн үед олон улсад Иран овсгоо гэх болжээ.

Эдийн засгийн харилцаа юу, улстөрийн алхам уу

Иран Төв Азийн цэвэр усны нөөцийн гуравны хоёр нь оршдог, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикстанаас жил бүр нэг тэрбум куб.м ундны ус авахаар болж байгаагаас гадна Афганистанаар дамжуулан Тегеран-Душанбе-г холбосон автозам тавих гэж байгааг олон улсын ажиглагчид ингэж сэжиглэж байна. Автозам барих санамж бичигт гурван улсын төлөөлөгчид өнгөрсөн хавар Душанбе хотноо гарын үсэг зурсан юм. Энэ зам ашиглалтад орвол нефть, хий, усыг зөвхөн Иран, Афганистанд бус мөн Персийн булангийн хэд хэдэн оронд нийлүүлж ашиг тусаа өгөх нь ойлгомжтой. Өнөөдөр БНХАУ Иранаас жил бүр 30 тэрбум ам.долларын нефть авч байна. Энэтхэг 8.2 тэрбум ам.долларын худалдаа хийсний дийлэнхийг нефть, хий эзэлж байна. Ингээд зогсохгүй Иран Энэтхэгийн компаниудыг эх орондоо нутагшуулах замаар томоохон төслүүддээ татан оролцуулж ашиглах гэж байна. Жишээ нь, энд Иран-Пакистан-Энэтхэгийн хий дамжуулах хоолойн төсөл, Ираны Фарси муж дахь нефть, хийн орд, Чабар боомтыг шинэчлэх, Чабар-Заранж төмөр зам барих төсөл зэргийг хэлж болно. Үүнийг Тегеран олон улсын хориг арга хэмжээнээс гарах арга зам хайж байна гэж хэлж болох уу хэмээн гадаадын шинжээчид бичжээ.

Бодлого хэзээ уярах бол…

Энэ хооронд Ираны цөмийн хөтөлбөр юу болж байна вэ. Тус улс олон улсын хоригийг үл тоон ураны баяжуулалтаа нэмэгдүүлсээр байгаа. Ираны Гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр, хэрэв АНУ, Европын орнууд тус улсын эерэг авсан эдийн засгийн хоригоо цуцалвал цөмийн хөтөлбөрийнхөө талаар уян хатан бодлого барина гэж байгаа боловч Ираны Атомын эрчим хүчний байгууллагын дарга нь Бидэнд уран баяжуулалтаа зогсоох үндэслэл алга хэмээн эерэгээр хэлээд байгаа. Олон улсын зуучлагчид тус улсыг ураны баяжуулалтаа 20 хувь хүртэл бууруулахыг шаардаад байгаа билээ…. Энэ хооронд Тегеран хоригт нэгдээгүй орнуудтай наймаа хийсээр, тэр нь Иранд ашигтай туссаар байна. Эндээс эдийн засгийн ашиг гаргахгүй бол иранчууд нефтээ улс төрийн ногдол ашиг болгон хувиргахыг эрмэлзэж байна хэмээн тоймчид бичиж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button