10 настай хүүг дайрсан Ш.Алтанхуяг шинжилгээ өгөөд дахин хоригджээ

Гэтэл түүний биеийн байдал муудсаны улмаас батлан даалтад гаргасан гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад Ш.Алтанхуягийг тавдугаар сарын 29-нд шинжилгээ өгөхөөр түр хугацаагаар Цагдан хорих 461 дүгээр ангиас гарсан. Шинжилгээ өгсний дараа тэр өдөрт нь хорих ангид буцааж хорьсон гэсэн юм.

Ш.Алтанхуяг дөрөвдү­гээр сарын 23-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Баянгол дүүргийн ҮI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замын гарцаар гарч явсан 10 настай хүүг дайрч, хөнөөсөн юм. УНИ 09-66 улсын дугаартай Toyota Land Cruiser маркийн автомашин дотор гурван хүүхэнтэй согтуурч явсан тэрбээр хүүг дайраад 15 метр газар чирсэн байдаг. Ослын дараа машинд хамт явж байсан согтуу эмэгтэйчүүдийн нэг нь гарч ирээд хүүгийн цогцсыг өшиглөж байжээ.

Ш.Алтанхуяг нь Мон дулаан трейд компанийн охин компани болох Хишигтэн нүүдэлчин компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрбээр осол гаргах үедээ 70 хувийн согтолттой байсан бөгөөд өмнө нь 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.

Сэжигтэн Ш.Алтан­хуягийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн 215.3-т зааснаар ял шийтгүүлнэ. 215.3-т Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button