Тиранозаурус Батаар хэний гараар дамжиж, харьд хэрхэн хөл тавив

Манай улс Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 1972 оны конвенци болон Соёлын эд зүйлсийг хууль бусаар импортлох, экспортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх тухай 1970 оны конвенцид 1990 онд нэгдэн оржээ. Тиймээс АНУ-ын Нью-Йорк хот дахь Хэритэж Аокшн байгууллагын мэдэлд очсон Тиранозаурус батаар үлэг гүрвэлийн араг ясыг буцаан авах боломжтой. Учир нь АНУ-д ажиллаж буй олон улсын эрдэмтдийн баг дуудлага худалдаагаар оруулахаар зарласан Тиранозаурус батаар үлэг гүрвэлийн олдвор Монголынх болохыг нотлоод байна. Энэ нь уг олдвор хэний гараар дамжиж, хэрхэн Америкт хүргэгдэв гэх асуултыг тавихад хүргэж буй. Соёлын өвийн хулгайчид эхлээд хууль бусаар малтлага хийсэн болж таарах нь. Хүслээ биелүүлэхийн тулд тухайн орон нутгийн удирдлагуудтай хуйвалдсан гэх хардлага төрж байна. Хардлага ч улам лавширч олдворыг хил, гаалиар гаргахад хэн тусалсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. Манай улсын хууль тогтоомжоор бол аливаа олдворыг гадагш гарган судлахдаа юуны түрүүнд БСШУЯ-наас палеонтологийн малтлага хийх зөвшөөрөл авах ёстой. Дараа нь БСШУЯ- ны дэргэдэх Палеонтологийн эрдэмтдийн зөвлөлийн хурлаар оруулж гаргах эсэх асуудал шийдэгдэнэ.
Үүний дараа мэдээж хил, гаалийн байгууллагад бүртгүүлнэ. Хуулийн дагуу ийм олон шат дамжлагыг туулж байж олдворыг гадагш гаргаж судлуулах эрхтэй болно. Энэхүү олон шат дамжлагаас дүгнэвэл хил, гаалийнхан хийгээд хэн нэг эрх мэдэлтэн оролцсон нь тодорхой байна.
Гэвч өдгөө Америкт байгаа Тиранозаурус батаар үлэг гүрвэлийн араг ясыг хэн, хэзээ, яах гэж авч явсан нь оньсого хэвээр байна. Дуудлага худалдаа болохоос 24 цагийн өмнө Монголын талаас дуудлага худалдааг эсэргүүцэн АНУ-д шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Тиранозаурус батаарыг худалдаж авахаар өргөдлөө өгсөн 60 гаруй хүн дуудлага худалдаанд оролцохоос татгалзжээ. Тэд хулгайнх байж болзошгүй зүйлд мөнгөө үрэхийг хүсээгүйдээ нэрээ татсан байх. Дуудлага худалдаа явуулахаар зэхсэн Хэритэж Аокшн байгууллага 10 сая ам.долларын ашиг олно хэмээн төлөвлөж байжээ. Гэхдээ л нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч олдворыг 1.5 сая ам.доллараар авсан. АНУ-ын Далласын шүүхээс дуудлагаар худалдахыг хориглосоор байтал Хэритэж Аокшн байгууллага Тиранозаурус батаарыг худалдсан учраас тус байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Харин манайд үйл явдал хэрхэн өрнөж байна вэ? Хэргийн учгийг тайлахаар ЭЦГ-аас ажлын хэсэг томилогдсон. Эх сурвалжийн мэдээлснээр Тиранозаурус батаар үлэг гүрвэлийн олдворыг Англид хадгалж байгаад дараа нь Америкт авчирч угсарсан гэнэ. Манайд хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 175-д эл хэргийг зүйлчлэхдээ Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс болон байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн заалтаас харахад шийтгэл нь дэндүү хөнгөн санагдаж байна. Тиймээс Монголын ард түмний дахин давтагдашгүй үнэт өв болох палеонтологийн олдворыг олноор нь хулгайлж, үрэгдүүлсэн этгээдэд ногдуулах ялыг чангатгая.
Тухайлбал, Эрүүгийн хуульд эртний амьтан ургамлын, нэн ялангуяа хууль бус малтлагад хамгийн ихээр өртөж байгаа үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яс, археологийн олдворыг сүйтгэсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусад нь нэмэлт зүйл болгон оруулъя. Мөн эртний булш хиргисүүр, бунхан, хот, сүм хийдийн туурь ухаж тоносон, музейн үзвэр хулгайлсан, түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил гаргасан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах шийтгэлийг чангатган Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн тусгай бүлэг нэмж оруулах саналтай байна.
Д.Мягмаржаргал