Мария Шарапова Ролан Гаррос-т түрүүлж, домогт гэж хэлэгдэх эрхтэй болов

Италийн теннисчин Сара Эрраниг ердөө 1 цаг 29-хөн минутын дотор 6-3, 6-2 оор буулгаж авчээ. Ингэснээр орос бүсгүй энэ жилийн гурав дахь тэмцээндээ түрүүллээ. Мария мэргэжлийн теннисчин болсноосоо хойш 27 тэмцээнд ялалт байгуулаад байна. Ролан Гаррос-ын түрүү түүнийг бас нэгэн агуу амжилтын эзэн болгосон. Эмэгтэй теннисний түүхэнд Их дуулга цувралын дөрвөн тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн дөрөвхөн тоглогч /Штеффи Граф, Крис Эверт, Мартина Навратилова, эгч Уильяамс/ байдаг аж. Тэгвэл Мария энэ жагсаалтад нэгдэн орж дээрх агуу тамирчидтай эн зэрэгцэх боллоо. 17 настайдаа Уимблдонд түрүүлэн олны танил болж байсан тэрбээр дараа нь АНУ болон Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлээд байжээ.
Мария мөн дэлхийн эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж, дэлхийн №1 теннисчин алдрыг Беларусийн Виктория Азаренкагаас булаах нь ойлгомжтой болоод байна.
Х.Сайхан