Д.Зоригт банк дампууруулах хоббитой

газраа зарлаж тунхагладаг. Харин Д.Зоригт бол үгүй шүү. Тэр бүү хэл түүнийг Монгол шуудан банкны дампууралд буруутгаж, хохирогчид, хувьцаа эзэмшигчид нь бараг өлсгөлөн зарлаж байхад хэн ч, юу ч хэлээгүй. Тэгэхээр энэ их нууцлаг бас нууцтай хүн байх нь.
Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооны газрын дарга болтол дэвшиж, дараа нь УИХ-ын гишүүн болсон түүний хөрөнгийг 30 тэрбумаар үнэлдэг юм билээ. Хийсэн, бүтээсэн олигтой зүйл үгүй, хашиж байсан дорвитой албан тушаалаас өөр нэр нь барагтай гардаггүй байсан тэрбээр энэ их хөрөнгийг хаанаас цуглуулсан нь бас л сонин.
Д.Зоригт УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш нэг асуултад хариулт өгөхөөс татгалзаж ирсэн. Тэр нь банкны тухай яриа юм. Тэрбээр үүнийгээ Ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээр тайлбарладаг. Д.Зоригт УИХ-ын гишүүн болсон даруйдаа Монгол шуудан банкаа зарсан. Ингэхдээ жижиг хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэлгүй шууд дур мэдэн борлуулснаар барахгүй Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй нь тухайн үед нотлогдсон. Гэхдээ хариуцлага хүлээгээгүй. Бүр шүүхийн дүгнэлт гарчхаад байхад тэр шүү дээ.
Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх энэхүү гэм бурууг нь баталж дараах шийдвэрийг гаргасан байдаг. Монгол шуудан банкны хувь нийлүүлэгчдийн 2009 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр хурлын тогтоол хүчин төгөлдөр бус буюу Монгол шуудан банк ХХК-ийг Хадгаламж банк ХХК-тай нэгдэхийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 99.6552 хувийн саналаар зөвшөөрснийг болон мөн өдрийн Компани нэгдэх ажиллагааг хэрэгжүүлж ажиллах талаар 22 дугаар тогтоолын нэг дэх ажиллагаатай холбоотой 1, 2, 3, 4 дэх заалтыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна гэсэн энэ шийдвэр нь өөрөө Д.Зоригт гишүүн эхнэр Д.Оюунсүрэн, төрсөн дүү Д.Оюунжаргал нарынхаа хамтаар хувьцаа эзэмшигчдийн ирцийг хуурамчаар бүртгэж, хурлын шийдвэрийг өөрсдийн дураар зохиосныг нь баталсан гэж болно.. Харамсалтай нь, тэрбээр Дээд шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөсөр орхисон түүхтэй. Болсон явдлыг нэхэн сануулъя. Монгол шуудан банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригт, гүйцэтгэх захирал Д.Оюунжаргал /төрсөн дүү нь/, Одод компанийн захирал Д.Оюунсүрэн, Дархан-Алт компанийн захирал Ж.Мөнхтөр, Т.Гэрэлтуяа нар 14.3 тэрбум төгрөгийн хувьцаагаа бусад хувь нийлүүлэгчдэд мэдэгдэлгүйгээр Хадгаламж банк-нд 34.2 тэрбум төгрөгөөр заржээ.
Энэ нь Компанийн тухай хуулийн 5.4 заалтыг шууд зөрчсөн үйлдэл. Хамгийн гол нь байгуулагдсан цагаасаа амжилттай ажиллаж, 2008 оны эцэст 351.6 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 1.1 тэрбумын хуримтлагдсан ашигтай гарч байжээ. Гэтэл 2009 онд 6.9 тэрбумын алдагдалтай гарсан байна. Тиймээс Монгол шуудан банкны хувьцаа эзэмшигчид энэ үйлдлийг санхүүгийн тайланг нуун дарагдуулсан гэж үзсэн, энэ нь ч хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон юм. Гэтэл Д.Зоригтын дархан эрх мөн л үйлчилж, тэрбээр ял зэм хүлээлгүй өнгөрсөн. Мөн тэрбээр Банкны тухай хуулийн Банкны хувь нийлүүлэгч нь өөрийн дүрмийн санд оруулсан хөрөнгөө Монголбанкны зөвшөөрлөөр худалдах, өв залгамжлах, гэрээслэхээс өөрөөр буцааж авахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 1998 оны гуравдугаар сард Д.Зоригтын тушаалаар 35 хүний хувьцааг Магнай Трейд-д худалдсан, үүнийг хууль бус үйлдэл гэж үзсэн учраас хохирсон хүмүүсийн эрхийг сэргээсэн байна. Гэтэл тухайн үед эдгээрийн хувьцаа эзэмших эрхийг сэргээсэн гэж байсан ч үнэндээ 30 хүн өнөөдрийг хүртэл эрхээ сэргээлгэж чадаагүй аж.
Түүнээс гадна хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авч чадалгүй үлдэх, тохиолдол олон гардаг байжээ. Дээр дурдсан хохирогчид анх банк байгуулагдахад өөрсдийн мөнгөөр хувьцаа авсан ч нэг ч удаа ногдол ашиг авч байгаагүй тухай өөрсдөө ярьж байв.
Ийнхүү Монгол шуудан банкны нэрээр хувьцаа эзэмшигчдийг луйвардаж, өөрийнхөө хөрөнгийг 30 тэрбум болтол өсгөж чадсан энэхүү эрхэм өнөөдөр улстөрийг орхих бодолгүй байгаагаа нотолж УИХ-ын сонгуульд өрсөлдөж байна. Гэтэл хууль бусаар банк худалдаж, олон 10 тэрбумын ашиг олсон хэрнээ улсад төлөх 2.9 тэрбум төгрөгийн татвараас сохор зоос ч төлөөгүй ийм хүнд нэр дэвших эрх өгсөн нь ямар учиртай юм бол.
Тэрбээр 1993 онд Монгол шуудан банкийг 34 хувь нийлүүлэгчтэй, 63.3 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулах үед Д.Зоригт таван сая төгрөг нийлүүлж, 7.9 хувийг эзэмшиж байжээ. Гэвч нэг их удалгүй мань хүн дүрмийн сангийн 74.9 хувийг эзэмших болов. Мөн л хууль бус үйлдэл. Учир нь Монгол шуудан банкны үүсгэн байгуулагчдын гэрээнд дүрмийн санд нэг гишүүний оруулах хувь 49-өөс хэтэрч болохгүй гэж заасан байсныг шууд зөрчсөн байна.
Эдгээр баримтаас харахад Монгол шуудан банкны дампуурал Д.Зоригттой шууд холбоотой нь тодорхой аж. Монголын санхүүгийн системийн 95 хувийг банк бүрдүүлдэг. Тиймээс ганц банк дампуурахад эдийн засаг ганхана гэж эдийн засагчид үздэг. Гэтэл бүхэл бүтэн банк, бүр амжилттай ажиллаж байсан, томоохон банкийг үгүй хийчхээд гэмгүй царайлж, бас улстөрөөс салахгүй гэж зууралдах түүнийг найгаа алдсан гэж дүгнэхээс өөр яах вэ. Түүний энэ булхай, луйвраас болж дан ганц хувьцаа эзэмшигчид биш, олон мянган хадгаламж эзэмшигч хохирсон.
Тэрнээс гадна Д.Зоригтын нэр ганц Монгол шуудан-тай ч холбогддоггүй. Анод банкны дампууралтай холбоотойгоор өмгөөлөгч П.Отгонболд УИХ-ын нэр бүхий гишүүд хувьцааны луйвар хийсэн гэдэг мэдээлэл хийж байсан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт Гермес центр хувьцаат компанийн эзэн. Энэ компани хувьцаа гаргахдаа Дарханд 2.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж байсан. Үүнд нь итгэж найдаад хүмүүс хувьцааг нь худалдаж авсан.
Гэтэл 2009 онд Санхүүгийн зохицуулах хороо шалгалт хийгээд ямар ч газаргүй болохыг нь тогтоосон юм. Гэхдээ энэ компанийн эздэд хариуцлага тооцоогүй. Том эзэнтэй учраас арга хэмжээ авч чаддаггүй юм байлгүй. Ер нь Монголд хувьцаат компани байгуулах замаар луйвар хийх боломжийг төр өөрөө бүрдүүлж өгөөд байна. Үнэт цаасны тухай болон бусад хуулийг илт зөрчсөн компаниудад хариуцлага тооцохгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ гэж тайлбарласан байдаг.
Түүнчлэн Гермес центр-ийн хувьцааны ханш өнгөрсөн хугацаанд байж боломгүй хурдтай өссөн бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигчид Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх тасагт гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн.
Өөрийгөө УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэж дуу дуулах дуртай мань хүн өнөөдөр Өвөрхангайн гэх тодотгол нэмж байгаа аж. Нутаг нугадаа хайртай, жинхэнэ цөлх эр болж харагдах гэсэн тэрбээр Монголын эдийн засгийг сөхрүүлэхэд гар бие оролцогсдын нэг аж. Бас банк байгуулж, дампууруулах хоббитой бололтой. Ийм хүнийг төрийн түшээгээр сонговол Чононд мах хадгалуулах-ын үлгэр болно биз ээ.
Р.Саруул