Сонгуулийн туршлагыг мэргэжилтнүүд Монголд зааж эхэллээ

өнөөдөр Гадаад харилцааны яаман дээр эхлэв.
Энэ арга хэмжээг манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн дарга орны хувиар Ардчилал, сонгуулийн туслалцааны Олон улсын хүрээлэн /АСТОУХ/-тэй хамтран зохион байгуулж байна. Семинарын зорилго нь Монгол болон ардчилсан шилжилтийн үедээ яваа Ази, Арабын орнууд сонгуулийн үйл явцыг гүнзгийрүүлэн төлөвшүүлэх талаар сайн туршлага, олж авсан сургамжаа хуваалцахад оршино.
Семинарыг нээж Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд үг хэлэхдээ, Монгол Улсад байнгын ажиллагаатай, анхны ардчилсан парламент үүсч байгуулагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд бид парламентын сонгуулийг 6 удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг 5 удаа зохион байгуулаад байна.
Ард түмний сонголтын дүнд Засгийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөөд тайван замаар шилжих явдал Монгол Улсын хувьд парламентын соёл, нийгэмд хэвшсэн үйл явц болон төлөвшиж байна. Ийнхүү мэргэжлийн парламент болон төлөвших явцад бид багагүй сургамж авсан.
Ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох асуудал нь АОХН-ийн дарга орны хувьд тэргүүлэх ач холбогдол өгч буй чиглэлүүдийн нэг бөгөөд энэ хүрээнд бид бусад орноос суралцах, өөрсдийн хуримтлуулсан туршлага, авсан сургамжаа хуваалцахыг эрхэмлэж байна гэж онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр Монгол Улс АОХН-ийг тэргүүлэхдээ ардчиллын боловсролын асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа гээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Олон улсын ардчиллын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ, ардчиллын боловсролыг ардчилсан үйл явц урт удаан хугацаанд оршин тогтнох амин сүнс гэж онцолсныг тэмдэглэн хэлэв. Түүнчлэн манай улсын ардчилсан өөрчлөлтийн он жилүүдийн нэгэн чухал ололт нь иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил, төлөвшил бөгөөд тэдний оролцоогүйгээр ардчилсан нийгмийг төсөөлөх аргагүй.
Өнөөдөр манай иргэний нийгмийнхэн төрөөс ил тод, шударга, нээлттэй байдлыг шаардаж чаддаг болсон. Төрийн зүгээс иргэний үгийг сонсдог, тэдэнд шуурхай үйлчилдэг, ажлаа ил тод, нээлттэй явуулдаг байлгахын төлөө ажиллаж байна гэв.
Семинарын ажиллагаа сонгуулийн менежментийн бие даасан байдлыг хангах, төлөөллийн засаглалыг бий болгох сонгуулийн тогтолцоо болон улс төрийн намуудын зохицуулалт, улс төрийн санхүүгийн зохицуулалт, сонгуулийн үйл явцад хүн бүрийн оролцоог бий болгоход иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг, сонгуулийн холбогдолтой эмх замбараагүй байдлаас зайлсхийх, холбогдох бодлого, практик алхмууд гэсэн 5 үндсэн сэдвийн хүрээнд явагдана.
Семинарт Балба, Бутан, Индонези, Кыргызстан, Мьянмар, Филиппин, Өмнөд Солонгос, Тимор Лесте, Тунис, Энэтхэг зэрэг 10 орны 30 шахам төлөөлөгч, түүнчлэн Египет, Йордан, Ливи, Малайз, Морокко, Тайланд болон Семинарыг хамтран зохион байгуулагч АСТОУХ-ийн мэргэжилтнүүд оролцож байна.
Манай талаас ЕТГ, ЗГХЭГ, УИХ-ын гишүүд, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэд, судлаачид, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ болон олон улсын бусад байгууллагын өргөн төлөөлөл мөн уригдаж оролцож байна.
Семинар 10 дугаар сарын 11-нийг дуустал үргэлжилнэ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээллээ.