Засгийн газраас таван тэрбум төгрөгийн бонд гаргана гэв
Тэд ирэх 2013 оны төвийн тухай хууль, Хүний хөгжил сан болон Нийгмийн даатгалын тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ.
Мөн улс орны эдийн засгийн хөгжлийг хангах, ард иргэдийг ажлын байртай болгох талаар тусгасан бүтээн байгуулалтын шинжтэй ажлуудыг эрчимжүүлж, санхүүгийн ямар арга механизмыг ашиглах зэрэг асуудлаар бүлгийн гишүүд санал солилцсон байна.
Бүлгийн хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Бид бүлгийнхээ хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээллийг сонссон. Засгийн газрын бондыг гаргах нь өнөөгийн дэлхийн эдийн засгийн хямрал болон улс орны ирээдүйд төлөвлөж байгаа хөгжлийн гарцын тэнцвэрийг зөв хангахад зайлшгүй хийгдэх ёстой юм. Тиймээс дунд хугацааны бонд болох таван тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргахыг бүлгийн гишүүд дэмжлээ.
Эхний удаа 1.5 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргаж, шинэчлэлийн Засгийн газрын их бүтээн байгуулалтад зориулахаар боллоо. Харин бондын зарцуулалтыг ямар ч байсан урьдын жишгээр халамж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээс татгалзах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс бондын зарцуулалт хувийн секторыг дэмжих, арилжааны банкны зээлийн хүүг бууруулахад чиглэгдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэв.
Мөн бүлгийн хуралдаанаар ирэх 2013 оны төсвийг ярилцсан тухайгаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолж байлаа. Түүний тайлбарлаж буйгаар ирэх оны төсөвт төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй байхаар тусгагдсан гэнэ. Тухайлбал, 2013 оны төсвийн алдагдлыг 360 тэрбумаас хэтрүүлэхгүй байхаар тогтжээ. Харин улсын нийт төвсийн есөн хувийг эзэлж байсан орон нутгийн төсөв ирэх жилээс 20,7 хувь болж байгаа аж.
Тиймээс энэ удаагийн бүлгийн хуралдаанаар хяналт, хариуцлагыг нь сайжруулах талаар ч ярилцжээ. Мөн 2013 оны төсөвт бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах бодлого барьж байгаагаа хурлын үеэр онцолж байсан юм.