Моргейжийн зээл баячуудыг дэмжих бодлого болжээ
Бодоод байхад яах аргагүй үнэн үг болж таарлаа.
Манайд моргейж буюу эзэмшигч нь барьцаа болж буй өмч, хүүгээ хамгаалалттайгаар барьцаа болгон, урт хугацааны зээл авах ерөнхий утгатай зээл сонгодгоор хөгжих цаг дэндүү алс гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гэхдээ бусад төрлийн зээлийг бодвол иргэн хүн бодит өмчтэй байх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, авах гэж буй байр нь барьцаа болдог зээл. Чухам яг энэ шалтгааны улмаас америкчууд, эсвэл барууны өндөр хөгжилтэй орны иргэд өрөнд баригдах дуртай байдаг.
Гагцхүү ингэж зээл авснаар иргэн хожиж, нийгэмд хүчтэй дундаж давхаргынхан дийлэнх үйлдвэрлэлийг хийдэг учраас барууны орон хөгжиж чадсан аж. Ер нь улс хөгжих гол үндэс нь иргэдийн олонх нь хүчтэй, дундаж давхаргынхан байж чадах явдал гэдгийг эдийн засгийн онолын хичээл үзсэн хэнбугай ч хэлнэ.
Харин манайд зээл авах гэж тамаа цайгсад нь дундаж давхаргынхан болдог. Түүнээс доош зиндааныхан банкны үүдээр ч эргэлдэх хэрэггүй. Гэтэл дундчууд үйлээ үзэж, бүх зүйлээ барьцаанд тавьсан ч зээл тэр бүр олддоггүй нь харамсмаар. Ингээд бодит өмчтэй, дансандаа мөнгөтэй дунджаас арай дээгүүр, эсвэл бүр дээд давхаргынханд банкны зээл олддог нь нууц биш.
Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг Засгийн газраас баталж, даруй хоёр дахь онтойгоо золгох гэж байна. Хөгжлийн банк болон Төрийн банк-ны дунд түүчээлсэн зээл монголчуудад ховор тохиох боломж болон хувирсан ч энэ нь зохих эзнээ олж чадахгүй байгаа. Засгийн газрын тогтоосон шалгуурыг харахад бага болон дундаж давхаргынханд тун өгөөжтэй, тэгээд ч олдох боломж нь өндөр мэт байсан. Харин бодит байдал дээр манай засаг буруу тооцоо гаргасан уу, эсвэл моргейж хэмээх зээл өнөөгийн Монголд хэтэрхий эрсдэл өндөртэй ажил болсон уу, бүү мэд.
Ямартай ч санхүүжүүлэгч банк бүх эрсдэлийг хүлээхээр болсон учраас зээлийн шалгуур хэр өндөр вэ гэдгийг 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс горилогчид бүгд мэднэ. Үүнд банкийг буруутгах арга үнэндээ байхгүй. Нэгэнт арилжааны үйл ажиллагаа явуулж буй учраас моргейжийн зээлийн үндсэн шалгуураар ажиллах боломжгүй.
Тиймээс жилд зургаан хувийн хүү төлөх журмаас бусдаар яг л арилжааны банкуудын орон сууцны зээлийн шалгуурыг тавина. Ингээд энэ хөтөлбөрөөс зээл хүсэгчид цалингийн доод хэмжээ, хамтран зээлдэгчийн шалгуур, ажилласан хугацааны баримт гээд багагүй зүйлийг дунджаас дээгүүр давхаргынхантай адил бүрдүүлэх шаардлагатай болсон.
Хамгийн гол нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдахыг хүсэгч сард доод тал нь 650 мянган төгрөгийн цалинтай байх ёстой ба хамтран зээлдэгч нь ч тэр хэмжээний бодит орлоготой байх ёстой. Гэтэл Монголд цалингийн доод хэмжээ 140 мянга 400 төгрөг байх жишээтэй. Энэ утгаар монголчууд бага орлоготой иргэн гэдэг нь цалингийн доод хэмжээгээр ажлынхаа хөлсийг бодуулдаг хүн юм гэж ойлгодог. Тэгэхээр хамтран зээлдэгчтэйгээ нийлээд сард 1.3 саяас доошгүй цалин авдаг хүн лав бага болон дундаж орлоготон байж таарахгүй.
Урт хугацааны зээлээр орон сууцтай болох асуудал Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2003 онд хэрэгжиж эхэлсэн. 2006 оноос хойш энэ хуулийн талаар хэлэлцэж, судалсан. Тэгээд 2009 онд баталсан. Ингэж их судалсан юм чинь одоо амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжих ёстой, гэтэл үгүй.
Хууль батлагдсан нь эрх зүйн боломжийг тодорхой хэмжээгээр нээж өглөө. Харин бүрэн боломжтой гэж хэлэх хараахан болоогүй байна. Учир нь аливаа хуулийг биелүүлэхэд түүнийг хэрэгжүүлэх механизм хамгийн чухал байдаг. Тэр нь мэдээж төрийн бодлого.
Моргейжийн зээл нүдээ ололгүй, явцуурсан нь манай төрийн бодлоготой шууд холбоотой. Тухайлбал, одоогоос 30-40 жилийн өмнө Америк мөрөөдөл хэмээн олон улсад нэрлэгдсэн ажил АНУ-д өрнөсөн нь бага хүүтэй, урт хугацааны зээлээр нийт иргэдээ орон сууцтай болгох хөтөлбөр байлаа. Одоо Америк мөрөөдөл биеллээ олсон. Энэ амжилтын цаана төрийн маш нарийн тооцоотой, эдийн засгийн онолд тулгуурласан бодлого бий.
Түүнчлэн Канадын Засгийн газраас иргэдэд 40 мянган ам.долларын зээлийг бага хүүтэйгээр өгч, өдгөө канад хаус олон улсын жишиг болж чадлаа. Мөн эдийн засгийн чадал, улстөрийн байр суурь нь яг манайхтай ижил, нэгэн цагт, нэгэн зэрэг гараанаас гарсан Зүүн Европын орнууд айл бүрийг байртай болгохоор шаргуу хөөцөлдсөний дүнд пост коммунистууд манайхаас хол тасархай хөгжлөө. Эдийн засаг нь ч тэр, иргэний хөгжил нь ч тэр.
Ингээд бодохоор манай моргейжийн систем сонгодог чиглэлээ ололгүй, нэлээд холуур төөрч яваа бололтой.