Цэргийн албыг эрдмийн алба болгоно
Мэргэжлийн сургалтын төвтэй дүйцэхүйц сургалтын алба болгож дайчид халагдахдаа тусгай мэргэжилтэй, хадгаламжтай болоод харих нөхцөл боломжоор хангана гэдгийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ Эх орондоо байхдаа монголчууд өөрсдийнхөө үнэлэмжийг сайн мэддэггүй. Харин олон улсын үйл ажиллагаанд оролдоод олон орны дайчидтай хамтран ажиллаад ирэхээрээ өөрсдийнх нь ур чадвар хэнээс ч дутахгүйг мэдэрч толгой дээгүүр, нүдэндээ галтай, хийморьлог золбоолог болоод ирдэг.
Дэлхийн халуун цэгийн орнуудад алба хааж байгаа монгол дайчид байрны гадаа дэлбэрэлт болоход шууд буугаа бариад босдог. Үүнийг нь гаднын цэргийн өндөр тушаалтнууд үнэлж Монгол цэрэг манаанд гарсан үед хамгийн тайван унтдаг гэж хэлдэг гэсэн юм. Цэргийн албыг эрдмийн алба болгож, зөвхөн цэргийн хэргээс гадна энгийн амьдралд хэрэгтэй олон төрлийн мэргэжил эзэмшүүлэх зорилтыг шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэн ажиллахаар болсныг мөн мэдэгдсэн юм.