Ямар ч бүлгийн цустай хүн донор болдог
үр дагаварын талаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн донор элсүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн албаны дарга Ц.Тунгалагтамиртай ярилцлаа.
-Донор гэж хэн бэ. Цусны донорын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Дэлхий даяар цус, цусныхаа бүрэлдэхүүн хэсгийг бэлэглэж байгаа бүх хүнийг донор гэж нэрлэж байгаа. Донорыг цусаа яаж бэлэглэж байна вэ гэдгээр нь ангилдаг. Төлбөртэй буюу мэргэжлийн донор, цус, цусныхаа бүрэлдэхүүн хэсгээ өгсний төлөө мөнгө эсвэл түүнийг орлох ямар нэгэн зүйлийг авна. Мөн төрөл төрөгсөд, гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь өвдөхөд түүнд зориулж цусаа бэлэглэж болно. Эдгээрээс гадна ямар ч мөнгө авахгүйгээр сайн дураараа, авлагагүйгээр цусаа бэлэглэж байгаа хүнийг сайн дурын авлагагүй донор гэдэг.
Гэхдээ ДЭМБ-аас зөвхөн 100 хувь сайн дурын, авлагагүй донороос цус цуглуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг хүргүүлээд байгаа.
Төлбөртэй болон төрөл, төрөгсдийн донорын аль аль нь эрсдэлтэй. Учир нь төлбөртэй буюу мөнгөний төлөө цусаа өгч байгаа хүн хэзээ ч үнэнээ хэлдэггүй. Өөрөөр хэлбэл, өвчнөө нуун дарагдуулдаг, эсвэл эрсдэл бүхий зан үйлтэй байх магадлалтай. Тухайлбал, биеэ үнэлэгч, мансууруулах бодис хэрэглэдэг байх тохиолдол ч бий. Хамгийн гол тэд үнэнээ хэлдэггүй учраас эрсдэл, аюулыг дагуулдаг гэж үздэг.
Төрөл төрөгсдийн донор ч гэсэн бас л төлбөртэй донор болоод явчихдаг.
-Манай улс сайн дурын донорын хэлбэрт бүрэн шилжсэн үү?
-1994 оноос хойш, авлагагүй донорын хэлбэрт шилжсэн. Гэхдээ 100 хувь болж чадаагүй байна. Нийт донорын 95-96 орчим хувь нь сайн дураараа цусаа бэлэглэдэг бол үлдсэн хэсэг нь төрөл төрөгсдийн донор байна. Бид цусны нөөц хомс үед төрөл төрөгсдийг нь цусаа өгөхийг зөвлөдөг. Тухайн өвчтөний найз нөхөд, төрөл төрөгсөд, ажлын хамт олон, ар гэрийнхэн нь түүнд цусаа өгдөг тогтолцоо байна.
-Цусны донорт ямар нэгэн шалгуур тавьдаг уу?
-17-60 насны ямар ч бүлгийн цустай эрүүл хүн цусаа өгч болно. Манайханд зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай хүн донор, бусад нь донор биш гэсэн буруу ойлголт байдаг. Ямар ч бүлгийн цустай хүн донор болж болно. Яагаад гэвэл тухайн бүлгийн цустай хүнд нь сэлбэдэг.
-Шарласан хүмүүс цусаа өгч болдоггүй гэсэн яриа байдаг?
-Бид А буюу бохирын шараар өвдсөн хүмүүсийн цусыг авдаг. Харин элэгний нян, вирус тээгчээс цус авч болохгүй.
-Доноруудыг цусны шинжилгээнд хэрхэн хамруулдаг вэ?
-Цусаа өгөх бүрт нь шинжилгээ авч, вирус, бактери болон цусны бүлэг, цус багадалтыг үзэж, дараа нь халдвар илрүүлэх шинжилгээ авдаг. Гэхдээ бид хэзээ ч шинжилгээг сурталчилдаггүй. Яагаад гэвэл хүмүүс шинжилгээнд дурлаж цус өгдөг байх ёсгүй.
-Цусаа бэлэглэхийн ач тус нь юу вэ?
-Цусыг ашиг тус горьдож өгдөг юм биш. Хүний эрүүл мэнд сайн сайхны төлөө өгдөг. Харин дусал цусны үнэ цэнэ гэж байна. Хүмүүс Дусал цусны үнэ цэнэ юу вэ, цусаа өгсний ач тус юу вэ гэж их асуудаг.
Дусал цусны үнэ цэнийг эмчээс биш төрөхийн хүндрэлээр цус алдсан ээжийн хүүхдээ амлуулах хүслээс, түлэгдчихээд яахаа мэдэхгүй уйлж суугаа хүүхдийн нулимсны дуслаас, эмнэлгийн орон дээр хавдартай ээжийгээ сахиад сууж байгаа залуугийн эхийгээ нэг өдөр ч гэсэн амьдруулчих юмсан гэсэн хүслээс асуу гэдэг. Эцсийн эцэст цусыг ийм л хүмүүс хэрэглэдэг. Тэгэхээр энэ хүмүүсийг эрүүл саруул амьдруулахын төлөө эрүүл хүмүүс нь яагаад тусалж болохгүй гэж. Цус өгнө гэдэг бол дээд зэргийн буян. Хүн нэг удаа цусаа өгөхөд дор хаяж гурван хүний амь авардаг. Цусаа өгнө гэдэг бол хүнд буян бодож хийдэг ажил.
-Нэг байгууллага хэчнээн хүнтэй байж явуулын багийг урьж болох вэ?
-Явуулын багийн гол зорилго донор дээрээ зорьж очих. Хүн бүр ажилтай, төрөлтэй, зав чөлөөгүй байхад байгууллагаараа Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд ирж цусаа өгөх хэцүү. Тэгэхээр манайх байгууллагуудын хүсэлтийн дагуу их, дээд сургууль, яам, Тамгын газар, аж ахуйн нэгжүүдэд очиж цус авдаг.
Гэхдээ тухайн байгууллага 60-аас дээш донортой байх ёстой. Нэг байгууллага 100 хүнтэй байлаа гэхэд бүгд донор байна гэж байхгүй.
-Яагаад?
Цусны донор болохгүй байх олон шалтгаан бий. Дотор нь түр хориглох, бүрмөсөн хориглох гэж ангилдаг. Түр хориглох гэдэг нь нойргүй хоносон, архи, дарс уучихсан ч юм уу тухайн цаг үед цусаа өгөх боломжгүй тохиолдлыг хэлдэг. Харин сүрьеэгээр өвдсөн, элэгний B, C вирустэй бол бүрмөсөн хориглоно.
Эцэст нь хэлэхэд цус өгөхөд хүний биед муу зүйл ерөөсөө байдаггүй. Хүний бие 36-72 цагийн дотор хэвийн байдалдаа орчихдог юм шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.