Эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд…

амьдарцгаана. Гараг ертөнц гэдэг хүмүүн бидний хувьд барьж багцаалшгүй агуу юм. Гэвч буруу зөвгүй бусниулж сүйтгэхэд эх дэлхий гэдэг дэндүү эмзэг зөөлөн юм даа.

Та хэн юм бэ? Бид хэн юм бэ? Та өөрийнхөө хувьд хэн байлаа ч гэсэн эх дэлхийн эгэл нэгэн иргэн. Бас монгол хүн. Түүх, соёл, заншил, омогшил бүхнээ цусаараа тээж яваа монгол хүн. Өдгөө бид газраас ундрах их мөнгөний чимээ чагнан сууцгаана. Хүлээсэн, горьдсон, хувааж хувь хишиг хүртсэн ийм л цаг үед бид амьдарч буй. Болохгүй нь юу байхав дээ. Мөнгө хэрэггүй хувь хүн, улс орон тэрбайтугай адгуус амьтан ч гэж алга. /Ядаж л тэжээвэр амьтдадаа өгөх хоол хэрэгтэй биз дээ./

Гэвч 100 жилийн дараа бид юутай үлдэх вэ? Тэр их цаасаар бид өөрсдөдөө юуг худалдаж авч чадах юм бэ? Хорин нэгэн мянга шигээ тараагаад, идээд, өмсөөд, шоудаад л дуусгах уу? Ээдрээтэй олон асуулт ар араасаа ургана. Тэгвэл та өнөөдөр юуны төлөө амьдарч явна вэ? Гэгээрэл, даяанчлал гэх мэт ахуйгаас ангид зүйл л биш бол үр хүүхдийнхээ төлөө гэсэн хариулт дээр л унах болов уу.

Таны хүүхэд, хүүхдийн тань хүүхэд өөрөөр хэлбэл бидний ирээдүй юутай үлдэх вэ? Хэн байх вэ?. Зуун жил гэдэг холын хол юм шиг санагдах ч хүний нэгэн насны л амьдрал шүү дээ. Таны хоёр үеийг ч дуусгаж амжихгүй. Тиймээс л өнөөдөр бодоцгооё. Алга хүртэл ар өвөртэй байдаг шиг энэ бол буруу, буцаагаад булъя гэх гэсэнгүй. Уул уурхайгаас орж ирэх мөнгийг тогвортой хөгжилд зориулъя л гэх гэсэн юм. Энэ бол бичигч миний бодол биш Монголд үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж буй 188 улс орныг эгнээндээ нэгтгэн идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн Монгол дахь салбарын зорилгуудын нэгээхэн нь.

Дараагийн асуулт, Хайр хаанаас төрдөг юм бэ? Хүмүүн гэдэг танин мэдсэнээ л хайрладаг араншинтай юм шиг… Дэргэдүүр нь бурхан өнгөрсөн ч бид таньж мэдээгүй бол эс хайрлах. Хажуу хаалганд нь хувилгаан амьдарсан ч таньж мэдээгүй бол эс бишрэх. Тиймээс өөрийн чинь төлөө өвдөг, тохойгоо элээдэг ижийнхээ өгөөмөр агуу бүхнийг дэндүү сайн мэддэгтээ хайр энэрэлийн сэтгэл биднээс харамгүй урсдаг бус уу. Энэ мэдээжийн зүйрлэлээр юу хэлэхийг хүсэв гэхээр аливааг таньж мэдээгүй цагтаа түүнд хайрыг үл өгдөг байна хүмүүс бид. Байгаль, эх дэлхийгээ хайрлая хэмээн хэчнээн чангаар хашгирч, хэдэн тонноор уриа лоозон хэвлэцгээсэн ч эх дэлхийгээ энэрэх сэтгэлийг суулгаж эс дөнгөсөн юм биз биш…

Эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд… Энэ бол Үндэсний Газарзүйн нийгэмлэгийн дэлхий даяарх олон төслүүдийнх нь нэг National Geographic сэтгүүлийн монгол хувилбарын уриа үг. Энэ бол бичигч миний өмнө өгүүлэн ядсан танин мэдсэнээрээ хайрлаж чадна гэсэн санаа.

Дахиад асууя 100 жилийн дараа бид юутай үлдэх вэ? Энгийн нэгэн иргэн минийхээр бол эх дэлхий маань унаган төрхөөрөө, эх орон маань нүд унагам сайхнаараа, үр хүүхэд минь тархиндаа боловсролтой зүрхэндээ хайрлан энэрэх сэтгэлтэй, хүн байгаасай л гэж хүснэ. Мэдээж хөдөөдөө байгальтай, хотдоо хөгжилтэй, зүрхэндээ Монголтой байгаасай гэж хүсэлгүй л яахав. Таныг ч гэсэн үүнээс нэг их юм хүсэхгүй болов уу гэж найдаж байна. Хөгжил гэж юу юм бэ? Хамгийн энгийнээр хүүхэд… Үр хүүхдээ боловсруулаагүй байж улс орон гэж ярих нь хөл нүцгэн уулыг давж, усыг гатална гэсэнтэй л адил сэтгэгдэнэ.

Би л лав дэмжиж байна… Та яах гэж байна…?

Уншлаа, ойлголоо, таньж мэдлээ. Таалагдлаа. Би л лав дэмжиж байна. Уншъя, танин мэдье, хайрлая. Мэдлэг гэж юу юм бэ? Минийхээр шинэ зүйл. Мэдээлэл гэж юу юм бэ? Минийхээр нотолгоотой баримт. Энэ бүхэн National Geographic -т байна. Хамгийн гол нь уншсанаараа би эх дэлхийгээ судлах-танин мэдэх-хайрлах-хамтрах энэ үйлст нэгдэж чадаж байна. Миний үзэх дуртай Титаник хөлөг онгоцны хайгуул, орхигдсон хот Мачу Пикчу, Фараон Тутанхамоны булш, Жак ив Кустогийн далайн гүний судалгаа, динозаврууд, хойд, өмнөд туйлын аялал гээд шинэ сонирхолтой нээлтүүдэд би өнөөдрөөс өөрийнхөө өчүүхэн хувь нэмрийг өргөж чадах нь ээ. Томоор яривал би дэлхийн шинжлэх ухаан, боловсролд хандив оруулах нь. Хүсэл, зоригондоо томоохон судалгаа барин авсан ч өрөөнөөсөө гаргаж хүчрэхгүй яваа тэр монгол судлаачид, хийсэн бүтээлээ дэлхийд дэлгэхийг мөрөөдөж суугаа тэр залуу эрдэмтэнд би хувь хандив оруулах нь. Тиймээ, энэ миний маш ихээр хүсч байсан хийгээд өнөөдөр хамгийн амархан хийж чадах бяцхан үйлс маань боллоо.

Түүгээр ч зогсохгүй хүүхэдтэйгээ хамт шинжлэх ухаанаар сэлэх-ийг би хүсч байна. Англи, монгол, хятад, орос элдэв өнгийн үсэг, тоогоор бөмбөгдүүлж дөжирч гүйцсэн миний ирээдүйд ганцхан зүйл л дутаад байлаа. Дээр гэрэлтэх оддын нүд, агаарт өлгөөстэй нар, сар, далайд сэлэх загасны яриа, цэцэг ургамал, духан дээрээ антентай бяцхан амьтдын түг түмэн нууцууд… Энэ бүхэн National Geographic Kids-т бий. Энэ миний ирээдүйнхээ бяцхан зүрхэнд нь шингээхийг хүссэн хайр, цэнгэг тархинд нь оруулахыг хүссэн цэнэг байнам.

Эх дэлхийгээ танин мэдэж хайрласан агуу нээлтүүд бас ололтууд, 124 жилийн арвин их туршлагад би итгэж байна. Ирээдүйдээ би итгэж байна.

А.Мөнхжин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button