Себастьян Феттель хоёр дараалж түрүүллээ
Их хурд-ын сүүлийн хагасын гараанууд Азийн орнуудад үргэлжилж байгаа бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон Японы гараа олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөв.
1963 оноос эхтэй тус тэмцээний байрлал тогтоох уралдаанд сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга Ред Булл багийн нэгдүгээр нисэгч Германы Себастьян Феттель тэргүүлсэн. Тэрбээр шигшээ уралдаанд ч шилдэг нь байж 128.562 секундын амжилтаар торгон жолоогоо өргүүлж, сүүлийн хоёр гараанд түрүүллээ.
Мөн немц эр Наран улсад гурав дахь удаагаа түрүүлснээр домогт тамирчин Михаэль Шумахерын ард бичигдлээ. Шуминатор Японы гараанд зургаан удаа түрүүлснээр дээд амжилтыг эзэмшдэг юм. Тус гарааны аман хүзүүнд энэ жилийн ДАШТ-д тун тааруухан уралдаж буй Феррари багийн бразил нисэгч, Фелипе Масса тэргүүлэгчээс 20.6 секундын алдагдалтай орж, энэ жил анх удаа шагналын тавцанд гишгэжээ.
Энэхүү гараанд эзэн орны тамирчин Заубер багийн нисэгч Камүй Кобаяши гуравдугаар байрт орж, нутаг нэгтнүүүдээ баярлууллаа. Тус гараанд ДАШТ-ийг нийлбэр дүнгээр тэргүүлж буй Фернандо Алонсо машинд нь эвдрэл гарснаар уралдааныг дундаас нь орхисон.