МҮАН ирэх сонгуульд хэрхэн оролцох бол
Учир нь намын нөхөр Ц.Цолмон нь эвсэж их хуралд сонгогдоод дараа нь намаа орхих шийдвэр гаргаад байгаа. Өөр олон ч хүн МҮАН-аас урвуулж МАХН-д оруулна хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр МҮАН хүчгүй болж, МАХН томорч эхлэх нь тодорхой болж байна. Энэ нь л намын даргыг нуувчнаасаа гаргахад хүргэсэн байх. Эзэн нь нарсанд суугаа гэхэд МАХН өөр намаас хүн элсүүлэх замаар орон нутагт дажгүй сайхан сурталчилгаа хийгээд авч байна.
Уг нь М.Энхсайханы хийсэн хамгийн зөв сонголт бол МАХН, Н.Энхбаярыг сонгосон явдал. Үгүй бол МҮАН үнэн дээ цаасан дээр нэртэй л нам болж хувирах байсан. Мэдээж хоёр Энх-ийн зорилго сонирхол нь нэгдэж байсан учраас эвсэл байгуулагдахдаа хүчтэй байсан хэрэг. Үүний хүчинд ч УИХ-д арван суудлыг бөглөх болсон. Харин арван суудлаа яаж хуваах вэ гэдгээс эхлээд шударга ёс эсвэл хагаралдаж эхлэх нь тэр. Мэдээж МҮАН, МАХН-тай нэгдэхдээ л эцсийн зорилго нь албан тушаал байсан шүү дээ.
Ямар сайндаа Н.Энхбаярыг баривчлагдаад явах үед М.Энхсайхан Шударга ёс-ыг толгойлж, сонгуулийн тулаанд орно. Тэгээд М.Энхсайхан томоохон албан тушаалд томилогдох нь дээ гэж харж байхав. Гэтэл манай хүн Дархан нэр дэвшиж унаад, дараа нь сангийн сайдад нэр сонсогдоод юу ч үгүй ганзага хоосон үлдсэн. Тиймээс л хорсон гашуудах даа эсвлийг задраана гээд байгаа ч байж болох юм. Гэвч МАХН-гүй МҮАН ямар ч хүчгүй гэдгийг дээр дурьдсан даа.
Гэхдээ Шударга ёс эвсэл сүүлийн үед дотроо түнжин тааруухан байгаа. Үүнээс шалтгаалаад хоёр нам салан тусгаарлах гэж байна гэх яриа ч гарсан байна магадгүй. Тиймээс салан тусгаарлах чимээнээр Ц.Цолмон орон нутгийн сонгуулиас өмнө хаяж одсон ч байж болох юм. Гэхдээ М.Энхсайхан АН-ыг орхих үед Ц.Цолмон дагаж байсныг тодхон санаж байна. Учир нь Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл бараг уйлах шахам …бусад нь болно. Цолмоон чи арай ч дээ … гээд хэлж байсан саяхан мэт л санагдаж байгаа болохоор. Харин Ц.Цолмон хариуд нь АН миний тэмүүлж байснаас огт өөр замаар яваад, мэдэхгүй дуу дуулаад байгаа учир би гарлаа гэж байсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө МҮАН-ын дарга даа яг ийм үг хэлээд орхиод явлаа шүү дээ. Энэ нь УИХ-д МАХН нь зургаан гишүүнтэй болж, МҮАН-аас илүү болж Шударга ёс эвсэлд эзлэх эрх мэдлийн хэмжээг тодруулж өгч байна.
Сүүлийн үед сонин юм их сонсогдох боллоо. Учир нь Орон нутгийн сонгуулиар МҮАН аль хамаагүй намтай эвсч оролцоно гэх утга бүхий үгс сонсогдоод байна шүү дээ. Дорнодод Шударга ёс эвсэл орох бол, Говь-Алтайд МАХН, МАН-тай эвсэж, Хэнтийд АН-МҮАН-тай эвсэнэ ч гэх шиг. Мөн ч дураараа юм болж байгаа шүү. Харин МҮАН, М.Энхсайхан эрхэм юу бодож суугаа бол. Орон нутгийн сонгуульд ямартай ч эвсэл бүтэн орох бололтой, харин дараа нь бялуугаа МАХН-ынхан хэрхэн хуваана гэх бол. М.Энхсайхан дарга энэ талаар МАХН-тай тохиролцоонд хүрсэн болов уу.
Л.ТАМИР
Оллоо.мн