Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд 400 мянган жолооч хамрагдсан
холбогдох албаныхан мэдэгдсэн. Энэ талаар Албан журмын даатгагчдын холбооны даатгалын сангийн хэлтсийн дарга З.Бадамаас тодрууллаа.
-Энэ сарын 1-ээс хойш Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй хэчнээн жолооч замын хөдөлгөөн оролцож, хэдэн жолоочид хариуцлага тооцсон бэ?
-Замын цагдаагийн газраас энэ сарын 1-нээс хойш хөдөлгөөн оролцож байгаа жолооч нарт хяналт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт даатгал хийлгээгүй замын хөдөлгөөнд оролцож байсан нэг ч жолооч байсангүй. Уг даатгалын тухай хууль нь анх 2011 оны аравдугаар сарын 6-нд батлагдаад, нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэд ч энэ жил идэвхитэй хамрагдсан байна.
-Нийт хэчнээн жолооч уг даатгалд хамрагдахаас хэд нь хамрагдаад байгаа вэ?
-Манайхаас хариуцлагын албан журмын даатгалыг баталгаажуулах 400 мянган наалт тараагаад үндсэндээ дуусч байгаа. Тиймээс бид одоогийн байдлаар авто тээврийн оношлогоонд орсон 360 мянган тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд бүрэн хамрагдсан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар 400 мянган жолооч, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсан байна гэсэн үг.
-Хариуцлагын даатгалд жолооч нар бүрэн даатгуулж дууссан гэсэн үг үү?
-Ер нь Улсын хэмжээнд 486 мянга гаруй тээврийн хэрэгсэл байна гэсэн статистик тоо байдаг. Гэхдээ тээврийн хэрэгслээ унадаггүй, засварт байгаа, эсвэл задлаад зарчихсан байж улсын бүртгэлээс хасуулаагүй зэрэг олон шалтгаантай тээврийн хэрэгслүүд байдаг. Тиймээс нийтдээ байвал зохих тээврийн хэрэгслийн тоог яг нарийн гаргах хэцүү байдаг учир жолоочид даатгалд бүрэн хамрагдаж дууссан гэж ойлгож болохгүй. Нийт байвал зохих тээврийн хэрэгслээс 10-20 хувь нь даатгалд хамрагдаагүй үлдсэн байх магадлалтай. Тиймээс эдгээр хүмүүс даатгалд хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцвол тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд журамлаж, төлбөр авна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140 мянган төгрөгөөр торгох болно гэдгийг дахин анхааруулмаар байна. Жолоочийн хариуцлагын даатгал хийх эрхтэй 15 компани байгаа. Ямар нэгэн харьяалал хамаарахгүй ажил, гэртээ аль ойр даатгалын компанид очиж даатгуулж болно.
-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдахад хэдэн төгрөгийн суурь хураамж төлдөг юм бэ?
-Тээврийн хэрэгслийн ангиллаас хамаараад даатгалын хураамж янз бүр байгаа. Тухайлбал, А ангилалд хамаарагдах мотоцикл, мопед зэргийг даатгуулахад 12 мянган төгрөг, В ангиллын тээврийн хэрэгсэл буюу суудлын авто машин 33 мянган төгрөг, С ангиллын тээврийн хэрэгслүүд буюу ачааны авто машин 42 мянган төгрөг, хүнд даацын машин механизм 53 мянган төгрөгийн суурь хураамж төлнө. Гэхдээ уг суурь хураамж өөрчлөгдөх боломжтой. Тухайлбал, эрсдэл их, багатай газраас хамаарч хураамж буурч болно. Мөн өмнө нь даатгалтай байх хугацаандаа асуудал гаргаж байсан тооноос хамаарч хураамж өсч, буурч болно гэх зэрэг хураамжийг өсгөж, бууруулах есөн итгэлцэл байдаг.
Ж.Отгонмягмар