Олуулаа нэгдсэн монополь наймаачдыг яах вэ
Жирийн нүүрс зардаг нөхөр байсан ч бусадтайгаа хэл амаа нийлүүлж чадвал бүс нутагтаа л монополь болсонтой ялгаагүй. Top нүүрсийг 5000 төгрөгөөр зарсан ч миний дур. Бусад нь бүгд адилхан үнэ хэлж байгаа юм чинь. Хүн мөнгөө харамлаад хөлдөж үхдэггүй л байхгүй юу. Кг махыг бусдаасаа 500 төгрөгөөр хямд зарсан нэгнийгээ бусад нь зодож алах шахсан жишээ бий.
Зөрчвөл энэ мэтчилэн эрүү шүүлт хүлээж байдаг Нийт наймаачдын эрх ашиг нэгний эрх ашгаас илүү гэсэн хууль үйлчилж байхад зөрчих хүн гарч ирэх үү. Жижиг наймаачид энэ зэргийн муу санаатай болчихсон байхад аж ахуйн нэгжүүд яах нь ойлгомжтой шүү дээ.
Хуульд зах зээлийн 40-өөс дээш хувийг хянадаг бол монополь гэж үздэг. Гэтэл энэ мэтчилэнгээр нэг нь эхлүүлж, нөгөө нь дагадаг монополь тогтсон салбар олон байна. Сэтгүүлчдэд нэг ийм зовлон байдаг юм. Дэлхийн зах зээл дээр тийм, ийм бараа, түүхий эдийн үнэ нэмэгдлээ гэж тэр бүр бичиж болдоггүй. Тэр бүү хэл нэмэгдэж магадгүй гэж мэдээлэхээсээ ч айдаг хэдэн бараа бүтээгдэхүүн бий. Жишээ нь улаанбуудай, шатахуун. Нийгэмд нэг л мессэж шидэхэд аж ахуйн нэгж, наймаачид иймэрхүү агшныг уучлан өнгөрөөнө гэж бараг үгүй дээ. Үнэ нэмэгдсэн улаанбуудай 48-хан цагийн дотор үйлдвэрт очиж гурил болоод мянга мянган км зам туулж Монголд ирээд хэрэглэгчийн гар дээр очих нь тэр. Дэлхийн зах зээл дээр үнэ нэмэгдсэн газрын тос 24 цагийн дотор шатахуун болж орж ирээд л хэрэглэгчийн гарт оччихож байгаа юм шүү дээ. Иймэрхүү ид шид-ийг зөвхөн Монголд л үзэж болно. Хууль хяналт сул, худалдаачин, хууль сахиулагч хоёр нь нэг халаастай болж хувирсан манайх шиг улсад л ийм ид шид байдаг гэнэ лээ. Хоёр жилийн өмнө, ОХУ-д гал түймэр гарч, улаанбуудайн экспортоо хориглосон тухай мэдээлэл гарсны маргааш л нийслэлд гурил ховордсон. Зах зээлийн хуулиа дагаад үнэ нь ч нэмэгдсэн нь мэдээж. Энэ гаж үзэгдэл сая архи, тамхин дээр давтагдах шив.
Засгийн газар 20 хувиас дээш спиртийн агууламжтай архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварыг нэмэх шийдвэр гаргаж хууль нь гарч амжаагүй байхад үнэ нь нэмэгдсэн. Тамхи бүр нүдний гэм болж үндэсний үйлдвэрийн тамхи олдохоо больсон билээ. Энэ бүхнийг нуршсан нь ШӨХТГ Зах зээл дээр давуу байдалтай байгаа 36 аж ахуйн нэгжийн жагсаалт-ыг гаргасантай холбоотой юм. О.Магнайг даргаар очсоны дараа тус байгууллагыг хангалттай эрх мэдэлтэй юм гэсэн итгэл иргэдэд төрсөн билээ. Гэтэл дээрх аж ахуйн нэгжүүдийн жагсаалт интернэт сайтуудаас алга болжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар өөрсдөө вэб сайттай байсан бол ингэхгүй байсан болов уу. ШӨХТГ-ын хяналт тавьж ажиллах ёстой дээрх компаниуд нь ус, цахилгаан дулаан гэх мэт зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, зарим зүй ёсны монополь эрхтэй аж ахуйн нэгжүүд байна. Тиймээс дээр дурьдсан шиг олноороо нийлж үнэ тогтоодог шударга бус өрсөлдөөнийг зохицуулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй болов уу. Учир нь жижиг наймаачид иргэдийн амьдралд хамгийн их нөлөөлж, өдөр тутмын амьдралынх нь судсыг атгаж байдаг юм шүү.
Х.Батсайхан