Монголчуудын ирэх жилийн идэшний хэмжээ
Гайхамшигт хууль гэж нэрлэдэг. Уг нь гайхуулаад байх хууль биш. Гэнэт баяжсан олон орнуудад байдаг л нэг хууль. Харин гадныхны гайхамшигтай гэж нэрлэсэн учир нь Монгол төрийн гаж араншингаас болсон хэрэг. Сүүлийн хэдэн жил монголчууд өмнө нь хэзээ ч байгаагүй эдийн засгийн таатай нөхцөлтэй золгосон. Гэвч хүн амын 40 шахам хувь нь ядуу байгаа тухай Ерөнхий сайд асан С.Батболд МАН-ын их хурлын индэр дээрээс зарласан. Хэргийн учир Засгийн газар нь олсныхоо хэрээр мөнгөтэй ус, цас шиг харьцдаг болсон. Мөнгийг ус, цаснаас ялгаатай зарах зарчмыг Төсвийн тогтвортой байдлын хуульд суулгаж өгсөн. Энэ хуулиар бол төсвийн орлогыг тэнцвэржүүлэн тооцно. Өөрөөр хэлбэл зүүдэндээ орсон их мөнгөөр төсөв зохиохгүй. Баталгаатай олох орлогоор л төсөв хэмжигдэнэ. Төсвийн ихэнхийг бүрдүүлдэг уул уурхайн орлогыг багаар тооцож, өндөр болсон тохиолдолд илүүдлийг Тогтворжуулалтын санд хадгална.
Далд мөнгийг илрүүлнэ
Засгийн газар ямар ч их орлого олсон, байнга ядуугаа гайхуулсаар ирсэн. Ямаанд өгдөг мөнгө хүүхдэд олдохгүй үе олон байсан. Тулам дүүрэн мөнгөтэй боловч хүүхдээс гурван мянган төгрөг харамлаж байсан түүх саяхных. Энэ нь мөнгөгүйдээ биш. Сэтгэлгүйдээ байсан гэнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоосон авдар хүлээж авчихаад хүүхэд бүрт хоёр мянга биш, 20 мянган төгрөг өгөх тухай зарласан. Галзуурав уу гэтэл үгүй гэнэ. Хичээвэл 40 мянган төгрөг ч өгөх бололцоо байгаа юм байна. Ганц хоёрхон газрыг ухаад үзэхэд л төсөвт 500 шахам тэрбум төгрөгийг нэмж орхино.
Хөдөөгийнхөн хөрөнгө босгож сурна
Ирэх жилээс хөдөөгийнхөн ихээхэн орлого олох боломжтой болно. Төсвийн тухай хуулиар тэднээс Засгийн газар хамгийн бага татвар авна. Харин илүү гарсан орлого хөдөөдөө үлдэнэ. Түүнийгээ хүүхэддээ, ямаандаа, хятадуудад, италичуудад өгөхөө хөдөөгийн дарга нар биш, иргэд шийднэ. Хөдөөгийн төсөв өнгөрсөн оноос гурав дахин нэмэгдэнэ. Энэ их мөнгийг чулуу болгож чадвал, хөдөөгийнхөн хотынхныг тэжээх шинэ үе эхэлнэ.
Хүүхдийн хоол хоёр дахин нэмэгдэж, эмзэг бүлэгт мөнгө биш хоол өгнө
Хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөөд зогсохгүй, үдийн цай, цэцэрлэгийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг хоёр дахин нэмнэ. Амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой хүүхдүүдийн дээрх зардлыг 100 хувь төр хариуцна. Нийгмийн эмзэг хэсэгт өмнө нь мөнгөн хэлбэрээр олгодог мөнгөн тэтгэмжийг зогсоож хоол, хүнсний хөтөлбөрт хамрагдуулна. Ингэснээр тэтгэмжийн мөнгө архинд явдаг гэсэн хардлага төгсгөл болж, үндэсний, эрүүл хүнсний үйлдвэрлэлээ дэмжих таатай нөхцөл бүрдэнэ.
Дампуурсан хүний хөгжлийн санг хол дээр нь босгоно
Хүний хөгжил сангаас иргэн бүрт хавтгайрсан халамж олгосон нь инфляцийг гааруулж, бараа, үйлчилгээний үнийг хөөрөгджээ. Хүний хөгжил санд авч ашигласан урьдчилгаа мөнгийг ойрын 2-3 жилд барагдуулна. Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийг боловсруулахдаа нэмж өр тавихгүй, төсвийг ашигтай төлөвлөнө. Зарлагыг хязгаарлаж, өрийг эн тэргүүнд барагдуулна.
Татвараас чөлөөлөгдсөн мөнгийг сэргээнэ
Төсөв бүрдүүлэхтэй холбогдон өмнө нь хэрэгсэхгүй болгосон татварыг сэргээнэ. Үүнд нэмүү өртгийн албан татвар, хил гаалийн татварын хөнгөлөлтүүд хамрагдана.
Х.БАТТӨГС