Эвсэл задарвал жагсаалтаар сонгогдсон гишүүдийг эргүүлж татъя

Уг нь намын нэрээр Парламентад сонгогдсон гишүүн өөр намд элсвэл УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хууль байдаг. Харин Ц.Цолмон хэвлэлд Би МҮАН гэхээсээ илүү Шударга ёс эвслийн нэрээр сонгогдсон гэж ярилцлага өгчээ. Түүний хэлж байгаагаар бол МАХН-МҮАН-аас жагсаалтаар УИХ-д сууж буй бүх эрхмүүд Шударга ёс эвслийн нэрээр сонгуульд орж ирсэн юм байна.

Тэгэхээр эвсэл задарвал бүгд л эргүүлэн татагдах ёстой болох нь ээ дээ. Иргэд хоёр намыг нэгдсэн учраас л саналаа өгч, итгэлээ хүлээлгэсэн. МҮАН, эсвэл МАХН дангаараа орсон бол хэрхэх байсныг одоо тооцоолох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Би МҮАН гэхээсээ Шударга ёс эвслийн нэрээр сонгогдсон гэж Ц.Цолмонгийн хэлж байгаа үнэн. Тийм ч учраас эвслээс жагсаалтаар орж ирсэн Ч.Улаан, Н.Батцэрэг, С.Нарангэрэл, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар бүгд эргүүлэн татагдах ёстой болох нь. Амин хувиа бодсондоо бусдынхаа хийж бүтээх их хүсэл тэмүүлэлд нь шаврын хаалт болж, болчимгүй мэдэгдэл хийн Мянган үхрийн эвэр доргиож байгаа энэ хүнийг ард түмний төлөө ажиллана гэж яаж итгэх вэ.

Өнөөдөр аль нэг намын нэрийг барьж ард түмний саналыг авч зөөлөн суудалд тухалчихаад ард түмний сонголтыг нэг хэрэглээд хаядаг амны цаас шиг хөсөр хаяж болохгүй гэдгийг эрх биш төр түшилцэж яваа эрхмүүд мэдэх нь лав. Ц.Цолмонгоос бусад нь. Өмнөх Парламентын гурван жил гаруй хугацаанд хэлэлцэж баталсан УИХ-ын сонгуульд энэ тухай зохицуулсан заалт байхгүй ч гэлээ ийм сонголт хийж буй эрхмүүд дээрх шийдвэрийн өмнө бэлэн байх улс төрийн соёл ёс зүйтэй байх нь юу юунаас илүү чухал. Түүнээс ард түмний төлөөлөл гэдэг бол хэн олон намд элсч, урваж чадах вэ гэсэн уралдаан биш.

МАХН, МҮАН сонгуулийн өмнө Улс төрийн ямар ч нөхцөл байдал үүссэн салж сарнихгүй хэмээн андгай тангараг өргөн улс төр хийж, заяаныхаа ханийг олсон залуу хосууд шиг хүзүү сээрээ холбосоор УИХ-ын сонгуульд оролцож чамлахааргүй амжилт үзүүлсэн. УИХ, Орон нутаг, цаашлаад Ерөнхийлөгчийн сон­гуульд хүртэл хамтарч оролцоно гэж байсан Шударга ёс эвслийг байгуулсан намуудын атгалцсан гар хэр чанга байсан бэ гэдэг нь орон нутгийн сонгууль хаяанд тулаад байгаа энэ өдрүүдэд харагдаад байх шиг. Өөрөөр хэлбэл, тэд үнэхээр шу­дарга ёс, ард түмний төлөө эвссэн намууд уу, шударга хэмээх гоё үгний ард ашиг сонирхлын төлөө амбицтай нөхөр нэг ширхэг байжээ. Хамгийн харамсалтай нь, тэрбээр өөрийг нь дагах хүмүүс байгаа гэж хэлсэн явдал. Түүний үг, үйлдэл нийгэмд нэлээд нөлөө үзүүлсэн. Гэхдээ өөрөө МАХН-д орсон нь биш, дагах хүмүүс олон байгаа гэсэн тэр үг л илүү гайхшруулсан юм. Түмэн олон бүү хэл намын нөхөд нь хүртэл шоконд орж буйгаа хэвлэл мэдээллээр удаа дараа илэрхийлсэн байна билээ. Ц.Цолмон маш олон намд орж байсан гэдгийг мэддэг болохоор тийм хүн дахиад байгаа гэдэгт итгэхгүй байгаа нь тэр. МАХН бол түүний сонгосон зургаа дахь улс төрийн хүчин аж.

Ийм сонголт хийх болсон шалтгаан нь ердөө л хоёр намаа нэгтгэхийн төлөө өөрөөсөө эхэлж буй оролдлого гэх. Гэвч үнэндээ хэн нэгний шахаанд орсон байх магадлал өндөр. Өмнө нь байсан намуудаасаа ҮШН-ын Ц.Цолмон гэдгээрээ олонд танигдаж бүхэл бүтэн улс төрийн нам толгойлж явсан түүний энэхүү сонголт өнгөрсөн хугацаанд өөрийнх нь болоод намынх нь төлөвшил ямар төвшинд байж ирсэн бэ гэдгийг харууллаа хэмээн ярих хүн олон байхад хэн нэгний ятгалгаар ийм сонголт хийсэн байх гэж таамаглах хүмүүс ч олон байна. Аль нь ч байсан гэсэн ямартай ч Ц.Цолмон эвсэл дотроо бууриа сэлгэлээ. Түүний энэхүү сонголт улс төрийн карьерын хувьд эхлэл, төгсгөл болохыг цаг хугацаа харуулах нь лавтай. Ц.Шинэбаяраас авахуулаад өмнөх Парламентад хэд, хэдэн нам сэлгэсэн нөхдүүдийн улс төрийн карьер яаж төгссөн тухай гашуун туршлагууд олон байгаа гэдгийг ч энд сануулахад илүүдэхгүй биз.

Шударга ёс эвслээс намын жагсаалтаар нэр дэвшч ялалт байгуулсан түүнд тойрогт хүч үзэж, сэлэм эргүүлсэн нөхдөөс илүү энэ сонголтыг хийхэд хялбар байсан ч байж болох юм. Тэр тойрогт нэр дэвшч өрсөлдөөгүй. УИХ-ын гишүүн болж ард түмнийг төлөөлөх эрх ямар үнээр олддогийг мэдэх­гүй. Тиймээс тэрбээр ард олны итгэлийг хялбар олдсон олзтой эндүүрээд байгаа бололтой. Зорилгоо мэдэхгүй их сургуульд орчихоод хоёрдугаар курсээсээ ангиа солиулж болчимгүй алхам хийдэг оюутан байсан бол арай өөрөөр харахсан. Даанч энэ хоёрын хооронд алд дэлэм ялгаа бий.

Б.Саран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button