Хахуульд өгөх таван сая төгрөг байгаагүйгээс 8-12 жилийн ял сонссон гэнэ

энэ байдал өөрчлөгдөнө хэмээн итгэдэг ч нөхцөл байдал өөрчлөгдөх нь битгий хэл гомдол, цөхрөл, айдас, түгшүүр бий болж, шударга үнэний салхи салхилахаа болиод байна хэмээн тэд хэлж байна. Байсхийгээд л тийм нэртэй өмгөөлөгч тэгж хахууль авсан, нөгөө талд эрс үйлчилсэн хэмээх гомдол тасрахгүй үргэлжилсээр. Хэнтий аймгийн Сум дундын шүүхэд болсон нэгэн шүүх хурал дээр улаан цагаандаа гарсан үйлдэл болжээ. Нэг гэрийн хоёр буюу н.Оюунсайхан н.Одонгэрэл нар нь 20 шахам бод мал хулгайлсан хэрэгт холбогдон анхан шатны шүүх хурлаас 8-12 жилийн ял аваад байгаа аж. Уг хэргийн шийдвэрлэлт хэрхэн өрнөсөн болоод хэргийн талаар уг хэргийг өмгөөлсөн өмгөөлөгч Ч.Энхээ ийн ярьж байна.

-Хэргийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

– Энэ хэрэг нь малын хулгайн хэрэг. Хэнтий аймагт малын хулгай хамгийн ихээр гардаг ч хэргийн илрүүлэлт маш бага байдаг. 20 шахам бод мал хулгайлсан хэрэгт нэг гэрийн хоёр буюу Оюунсайхан, Одонгэрэл нар холбогдсон юм. Харин хэргийн шийдвэрлэлт илт нэг талыг барьсан, гэмгүй иргэнийг хилс хэрэгт гүтгэх аргачлалаар явагдлаа. Үүний нэг илрэл нь анхан шатны шүүх хурал дөнгөж эхэлмэгцээ л ялын тогтоол уншиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шүүх хурал эхлээгүй байхад шүүхээс сэжигтнүүдийг шийтгэх болсон гэдгээ эхлээд мэдэгдсэн. Хуулиараа бол шүүх хурал эхлэх үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-ийн нэг дэх заалтанд шүүх хуралдааныг даргалагч нь шүүгдэгчийн талаарх мэдээллийг тодруулна гэж заасан байдаг. Гэтэл хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхгүйгээр хурлыг эхэлж шүүхийн шийдвэрийг урьдчилж гаргасан байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг эхлээгүй байхад шүүгч нар шийтгэх тогтоолыг хэлээд төлбөрийн чадвар асууж эхэлсэн. Үүний зэрэгцээ О нарыг мал хулгайлсан гэдгийг албан ёсоор баталсан нэг ч нотлох баримт, гэрч байхгүй байсан.

-О нар ямар ажил хийдэг хүмүүс юм бэ? Яагаад хэрэгт холбогдох болсон юм бол?

-Тэд махны ченж хийдэг иргэд. Хэнтий аймгаас мал худалдан авч арьс махыг нь Улаанбаатар хот руу нийлүүлдэг байсан юм. Махны ченж учраас махаа зөөх портер машинтай. Гэтэл малын хулгай гарсан нэг цэгт машины мөр гарсан байснаас үндэслэн иргэн О нар байж болзошгүй гэж үзэж эрүү үүсгэсэн байгаа юм. Хамгийн хачирхалтай нь хулгайн газраас илэрсэн машины мөр О нарын портер машины дугуйны хээтэй таараагүй. Тэднийг хулгайч байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлснээр урьд урьдын илрээгүй олон хэргүүдийг ямар ч нотолгоогүйгээр тэдэнд

тохож эхэлсэн.

-О нарыг гэм буруугүй гэж үзэх ямар шалтгаан байгаа юм бэ?

-Шүүгдэгч нар гэм буруутай нь нотлогдоогүй. Хэргийг үүсгэхдээ махны ченж хийж байгаа учраас хулгайн мах бэлтгэж байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлснээр олон хэрэг гаргаж ирэн тэдэнд тохсон. Тухайлбал, шүүгдэгч хоёр иргэний Улаанбаатар хот руу ачиж явсан малын мах болон Хэнтий аймагт хулгайд алдагдсан малын зүс хоорондоо таарсан нэг ч тохиолдол байхгүй. Хэргийг шалгах явцад эргэлзээтэй маш олон асуудал гарсан. Тухайлбал, шүүгдэж байгаа хоёр хүний нэг нь бичиг үсэг мэдэхгүй хүн байсан. Гэтэл бичиг үсэг мэдэхгүй хүнийг өмгөөлөгчгүйгээр байцааж гарын үсэг зуруулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд хүнд болон ноцтой гэмт хэрэгт холбогдогч нь заавал өмгөөлөгч авна, өмгөөлөгчөө байлцуулж мэдүүлэг дээр гарын үсэг зуруулна гэж заасан байгаа. Бас хэргийг үйлдсэн гэх гэрч ганц ч байхгүй. Яллах дүгнэлт нь бүгд таамаг төдий зүйлээс үүдсэн.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч О нь 2009 оны наймдугаар сарын 11-нд иргэн Хишигжаргалын 2 үхрийг хулгайлсан гэж яллах дүгнэлтэнд зурсан. Гэтэл О нь хэрэг гарах үеэр Хэнтий аймгийн Мөрөн суманд байсан нь тогтоогдсон. Мөн О нар Хэнтий аймгийн Галшар сумаас тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Батболдын хоёр үхрийг хулгайлсан гэж байгаа. Гэтэл энэ үед О нар Дорнод аймагт ар гэрийн гачигдлаар явж байсан гэх мэт хилс хэрэг гэдэг нь наад захын баримтаас харагдаж байгаа.

Мөн малаа алдсан нэг иргэн малынхаа мөрөөр явж байгаад нэг ташуур олсон байдаг. Тэр хүний ут ташуур нь малын хулгайч нар мал хөөж яваад гээсэн ташуур гэж таамагласан. Гэтэл ташуурыг Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэс нотлох баримт болгон хурааж авсан. Прокурорт хэргийг шилжүүлэхэд ташуур нотлох баримтаар ашиглагдаж байсан. Гэтэл прокурор байцаагчийг загнасан байна. Юу гэж загнасан гэхээр машинтай хүн хулгай хийсэн байхад ташуур авчирч толгой эргүүлэхээ боль хэмээжээ. Үүнээс хойш ташуур алга болсон. Өөрөөр хэлбэл өөрийнх нь бүрдүүлж байгаа хэрэгт нотлох баримт нь тохирохгүй байсан учраас нотлох баримтыг үгүй хийсэн гэсэн үг.

-Нотлох баримт бүрэн бус байхад яагаад ялласан юм бол?

-Манай шүүхийн шатанд нэг харгис зүйл бий болчихсон байна. Энэ нь процентлох гэсэн нэр томьёо. Энэ нь яахыг хэлж байна гэхээр тухайн хүний гэм буруу нь 50 хувь хүрсэн л бол шийтгээд бай гэсэн мөрдлөг бий болсон. Үлдэж байгаа 50 хувьд нь эргэлзээтэй асуудал байлаа гэхэд тэр эргэлзээг тайлах шаардлагагүй гэж үзэж байна. Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулинд 99 хувийн баримт нотолгоо байгаад нэг хувийн эргэлзээ байвал тэр эргэлзээг тайлж байж яллах дүгнэлт үйлдэх ёстой гэж заасан байдаг. Учир нь хүний хувь заяаг шийдэх гэж байгаа зүйл учраас тэр юм. 50-иас дээш хувийн магадлалыг цагдаа бүрдүүлдэг. Хэргийн материалыг бүрдүүлж буй цагдаа иргэнийг хэрэгтэн болгохыг хүссэн баримтыг л дандаа цуглуулдаг.

-Хэргийг мөрдөж байсан цагдаа гийн ажилтан хахуулийн мөнгө нэхэж, түүнийг нь өгөөгүйгээс болж ялласан гэж та түрүүн хэлж байсан.

-Шүүгдэгч нарын хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайтай тэмцэх тасгийн дарга Батжаргал мөрдөж байсан. Гэтэл хэргийг мөрдөх явцдаа Батжаргал шүүгдэгчдийг тодорхой хэмжээний мөнгө өгөхийг санал болгосон байгаа юм. Харин шүүгдэгч нар мөнгө өгөхөөс татгалзсан учраас шүүгч шаралхсандаа ял тулгасан.

-Хахуульд хэдэн төгрөг нэхсэн юм бол?

-Эхний ээлжинд хоёр сая төгрөг авсан. Харин дараагаар нь нэмж таван сая төгрөг нэхсэн байгаа. Харин таван сая төгрөгийн хахууль өгөх мөнгө О нарт байгаагүй учраас өгөхгүй хэмээн хэлж үүнээс үүдэн ял авсан байна. Иргэн О нарын өмгөөлөгчийн хувьд хэргийг би эхнээс нь дуустал нэг нэгэнгүй нягталсан. Би түрүүн хэлсэн нотлох ямар ч баримт, гэрчгүй. Угаасаа мөрдөн байцаагч нь мөнгө олох гэсэн башир арга байсан. Иргэн О нар малын хулгайч биш ч гэсэн хилс хэрэгт унахгүйн тулд нэхээд байсан таван сая төгрөгийг нь өгсөн бол энэ хэрэг эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэмээн дараагийн гэмгүй нэгнийг хохирооно. Эсвэл өөр нэгэнд энэ хэргийг тулгаж дахиад магадгүй 10 сая төгрөгийн ч хахууль авах байсан юм билүү?

-Өмнө нь хоёр сая төгрөг өгсөн гэнээ. Үүнийг хуулийнхан мэдсэн үү? Авлига авсан цагдаад арга хэмжээ авсан уу?

-Авлига авсан цагдааг нотлох баримтаар илчилсэн. Харин Хэнтий аймгийн Цагдаагийн газраас авлига авсан цагдаад ямар арга хэмжээ авсан бэ гэхээр Малын хулгайтай тэмцэх тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Батжаргалын цолыг нэг шатаар бууруулж, өөрийн хүсэлтийнх нь дагуу цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлтийг нь харгалзан ёсоор болгосон байгаа. Өөрөөр хэлбэл авлига авсан цагдаа буюу эрүүгийн хүнд гэмт хэрэгтэнг тэтгэвэрт нь гаргаж толгойг нь илж шийтгэдэг болсон байна.

-Шүүгдэгч нарын ар гэр нь ямархуу хүмүүс вэ? Одоогоор хэдэн айлын хэд орчим мал хулгайлсан хэрэгт холбогдоод байгаа вэ?

-О нар нь нэг гэрийн хоёр буюу эхнэр нөхөр хоёр. Бага насны хоёр хүүхэдтэй. Анхан шатны шүүхээс эхнэрт нь найм, нөхөрт нь 12 жилийн ял оноогоод байна. Анхан шатны шүүхээс ийн ялласан учраас дараагийн шатны шүүх хурлууд зөв зарчмаар явагдана гэдэг эргэлзээтэй. Тэдэнд тохсон хэргүүд нэмэгдсээр байгаад нийтдээ 16 айлын мал хулгайлсан тодорхойлоод байгаа. Үүнд нэг айлын гурав, зарим тохиолдолд 20 гээд тооцох юм бол маш их хэмжээний тоо гарна.

-Та одоогийн байдлаар хэд орчим хэрэг дээр өмгөөлөл үзүүлсэн, үүнээс хэд нь шударга бус байдлаар шийдэгдсэн бэ?

-Яг миний хувьд 2000 орчим хэрэг дээр ажилласан. Үүнээс 20 орчим хувь нь яг ийм байдлаар нөгөө талд ялагддаг.

-Эзэнгүй хэргийг хэн нэгэнд тохож байгаа нь цаанаа ямар нэгэн учиртай гэж та хэлэх гээд байна уу?

-Цагдаагийнхан тэр хүнийг буруугүй байж болох баримтуудыг бүгдийг нь устгаж, харин буруутан болгох талын баримтыг цуглуулж эхэлдэг. Эзэнгүй хэрэг хүлээлгэх шалтгаан нь хэрэг илрүүлснээр нь цагдаа нарын албан тушаал ахих цалин пүнлүү нь нэмэгдэх боломжийг нь олгодог. Тийм учраас өөрийнхөө мөрдөж буй хэрэгт хэн нэгнийг олохын тулд буруугүй хүнд тохоод шүүх рүү явуулах нь маш их байна. Цагдаагийнхан ерөнхийдөө ажлаа хийж чадахаа байсныг энэ мэт үйлдэл харуулсаар байна.

Шүүхийн үйл ажиллагаа ийм болсон гэдгийг Монгол даяар мэдэх болоод байна. Хүний хувь заяаг шийдэх гэж байгаа ийм тохиолдолд ийм хайнга өрөөсгөл, хахууль өгөөгүй гэдэгт хонзогнон гүтгэж хүн хэлмэгдүүлж боломгүй. Өнөөдөр шүүх байгууллага гэлтгүй цагдаагийн байгууллага авлигад идэгдэн гэмгүй xүнийг гэмд унаган мөнгө нэхэж, өгөхгүй бол ял тулгадаг болсон нэг жишээг энэ явдал харууллаа.

С.Мөнх-Од

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button