Хамгийн өндөр төлбөртэй сургууль & Хайлаастын эцсийн дунд сургууль
Sky lounge, Өлзий цайны газруудын үйл ажиллагааг өөлж гоочлох гээгүй. Монголчуудын амьдрал, баян хоосны ялгаа үдийн цай, хоолон дээрээс хэрхэн харагдаж байгааг л харуулахыг зорьж байсан. Тэгвэл өнөөдөр нэг жилийн 40 гаруй сая төгрөгийн төлбөртэй, элитүүдийн хүүхдүүдийн суралцдаг орчноос эгэл боргил амьдралтай бидний хүүхдүүд хэрхэн боловсрол эзэмшиж байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.
International school-ийн төлбөр 30 мянган доллар
Монголд жилийн 40 сая төгрөгийн төлбөртэй дунд сургууль байна гэвэл олон хүний нүд орой дээрээ гарах байх. Гарах байх гэж, ерөөсөө эрүү нь мултрах шахдаг юм. Гэхдээ тийм сургууль байна. Энэ намар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд хувийн дунд сургуулиудын үнэ төлбөрийн тухай мэдээлэл гарахад л Улаанбаатар хотын Олон улсын дунд сургууль-ийн төлбөрийг жилийн 40 сая гэдгийг хүмүүс мэдлээ. Манай улсад их, дээд сургуулийн төлбөр сайндаа л 2.5-3 сая төгрөгт багтдаг. Мастер хамгаалах гэж байгаа хүмүүс 3.5-4 сая төгрөг жилд төлдөг байх. 2800 орчим ам.доллар гэсэн үг. Гэтэл дунд сургуулийн төлбөр түүнээс даруй 10 дахин их байгаа нь хүмүүсийн сонирхлыг ихэд татсан нь тодорхой. Чухам ямар ид шидтэй, юу заадаг сургууль болохоороо тийм өндөр төлбөртэй байгааг нь сонирхохоор өчигдөр ISU буюу Улаанбаатар хотын Олон улсын дунд сургуулийг зорьсон юм.
Манай сурвалжлах хэсэг Нүхт-ийн замд байрлах тус сургууль дээр өглөөний 0810 цагт очиход хичээл аль хэдийнэ эхэлсэн байлаа. Сургуулийн хичээл эрт эхэлдэг болохоор эцэг, эхчүүд нь хүүхдээ 0800 цагаас өмнө сургуульд нь хүргэж өгөөд буцдаг тухай үүдний хаалгач өвгөн ярьж байсан. Мөн сургуулийн автобус ч явдаг юм билээ. Сургуулийг тойруулаад цагаан төмөр хашаа барьчихаж. Сургууль руу орох зам хаалттай, машинтай хүмүүс зөвшөөрөл авч ордог бололтой харагдсан. Манай сурвалжлах хэсэг үүдэнд нь очиж, хаалгач өвгөнд учраа хэлээд дотогш орлоо. Сургуулийн барилга нь хоёр давхар хэдий ч олон га талбайг эзэлсэн нүсэр том байр юм билээ. Сургууль дотор ороход л өөдөөс хаалттай бүс угтав. Яг л Төрийн ордон шиг. Үүдний танхим руу гадны хүн дураараа орохоос сэргийлж хаалт татсан байв. Сургууль дотор оров уу, үгүй юу My name s Gerel гэсэн бичиг хажуудаа тавьсан угтагч эмэгтэй ямар хэргээр явж байгааг шалгаалаа. Ирсэн зорилгоо хэлж, учраа тайлбарлавал утсаар хүн дуудахаар цааш одлоо. Саяхан тус сургуулийн 20 жилийн ой тохиосон бололтой. Үүдний хэсэгтээ бялуу хэлбэртэй, дээрээ 20-ийн тоотой цаасан урлал байрлуулсан харагдана. Мөн АНУ, Герман, Солонгос гээд 20 орчим орны далбааг байрлуулсан байв. Хажуугийн хананд тус сургуулийн хамт олны авсан өргөмжлөл, цомыг шилэн хоргонд хийж байрлуулжээ. Зүүн тийшээ явсан хонгилын үзүүрт сургуулийн гадна талын ногоон талбай, хүүхдүүдийн хөлбөмбөг тоглож байгаа нь харагдаад аятайхан гэж. Сургуулийн дотор тал тэр чигээрээ саруулхан, гадаад хүүхдүүд хааяа нэг явж, монгол багштай англиар яриад л. Өндөр төлбөртэй сургууль ийм байх нь арга ч үгүй биз дээ гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирж байна. Манай улсын сургуулиуд ийм байхаа байя гэхэд, ядаж талд нь хүрэхээр орчинтой бол хүүхдүүд урамтай суралцах байсан байх даа ч гэж бодох. Тийн зогсох зуур хар цамцтай, шавилхан биетэй эмэгтэй ирж, хаанаас, ямар зорилготой явааг маань асуув. Өндөр зэрэглэлийн хувийн сургууль ямар орчинтой байдаг, сургалтын хөтөлбөр нь ямар, анги танхимын тохижилтыг яаж хийж вэ гэдэгтэй танилцаж, бяцхан аялал хийх зорилготой яваагаа хэлэв. Аа бас, магтаж өгөх гэж байгаа гэдгээ ч хэлсэн юм байна. Гэтэл өнөөх эмэгтэй төлбөр мөнгөний талаар асууж байна билээ. Ямар ч төлбөр мөнгө авахгүй, хүүхдийн сурах орчныг хамгийн сайн бүрдүүлсэн сургууль ямар байдаг юм бэ гэдгийг харуулах гэж яваа хэмээн учраа хэлэхэд Манай сургуульд дандаа гадаадын элчин сайд, дипломатуудын хүүхэд сурдаг. Анхнаасаа тийм зорилгоор байгуулагдсан юм. Харин явцын дунд монгол хүмүүс хүүхдээ сургах санал тавьсан. Тэр дагуу цөөн тооны монгол хүүхэд сургадаг юм.
Тиймээс бид гадаад орнууд руу хандсан маркетинг хийдэг. Монголд сурталчилгаа хийж, сургуулиа танилцуулахыг нэг их зорьдоггүй. Манай сургуулийн төлбөр их өндөр. Гэтэл монголчуудын амьдрал ямар билээ дээ хэмээн учирлав. Бид ч зөвхөн сургуулийн орчин, тохижилттой танилцаж, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайг нь хараад, нийгэмд хүргэхийг зорьж байгаа. Улсын сургуулиуд санаа авч, талбайгаа ч болов гайгүй тохижуулаасай гэж хүсч байгаагаа хэллээ. Гэтэл Гадаа талбайн тохижилт ч гэсэн их өндөр өртгөөр бүтсэн. Нэг их сониноор гаргаад, нийгэмд хүргээд байх зүйл биш гэх зэргээр дээр дурьдсанаа ярив. Мөн сургуультай танилцах гэж байгаа бол урьдаас цаг авч, зөвшөөрөлтэй байж ордог гэдгийг ч хэлэв. Гэсэн ч бид бууж өгөлгүй, бяцхан аялал хийхийг зөвшөөрөөч хэмээн шалсны эцэст захирлаасаа асуухаар буцаж орлоо. Тэр зуур үүдний хэсэгт зогсч, сургуулийн тохижилт, дотоод зохион байгуулалтыг харж зогслоо. Цэвэрлэгч нар нь тусгай ялгах тэмдэгтэй хувцастай аж. Мөн англи хэлээр ярьдаг бололтой, хажуугаар зөрсөн гадаад багштай хэдэн үг солиод амжиж байгаа харагдсан. Хичээл ид орж байгаа болохоор хүүхдүүд гүйлдэхгүй, сургуулийн орчин нам гүм. Хааяа нэг бага ангийн хүүхэд, гадаад багш явахыг эс тооцвол. Сургуулийн коридорт бичсэн бүх зүйл англи хэлээр. Тэнд монгол хэлээр ярьж, хоорондоо харилцдаг хүн бараг байхгүй болов уу гэмээр анзаарагдсан юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа өнөөх эмэгтэй эргэж ирэв. Харамсалтай нь захирал хуралтай байгаа учир одоохондоо бидэнтэй уулзаж, сургуулиар аялал хийлгэж чадахгүй гэдгийг дуулгав. Гэвч тэрбээр өөрөө бага зэрэг мэдээлэл өгч, сургуулиа танилцууллаа.
Улаанбаатар хотын Олон Улсын Дунд Сургууль нь 1992 онд БСШУЯ-ны зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа эхэлсэн аж. 1990 оны дараа улс орон зах зээлийн харилцаанд шилжих үед манайд гадаадын олон улсын байгууллага, хүмүүс нэмэгдэн ажиллах болсон. Тиймээс тэдний хүүхдүүдийг сургах зорилгоор анх тус сургууль байгуулагдсан юм байна. Явцын дунд хүүхдээ дэвшилтэт сургалтын хөтөлбөрөөр англи хэл дээр сургах сонирхолтой монголчууд олширч, тус сургуулийнханд хүсэлт тавьснаар монгол хүүхдүүдийг элсүүлэн суралцуулах болжээ. Мэдээж төлбөр нь өндөр учир төлбөрийн чадвартай эцэг, эхчүүд л хүүхдээ тус сургуульд сургаж таарна. Энэ өндөр төлбөртэй, олон улсын сургууль хэний өмч вэ гэдгийг хүмүүс ихэд сонирхдог юм гэсэн. Хэрвээ Улаанбаатар ОУДС ашгийн бус байгууллага юм бол сургуулийн өмчлөгч нь хэн бэ гэдэг асуулт ч байнга гардаг гэсэн. Тэгвэл хэн нэгэн хувь хүн сургуулийг өмчилдөггүй аж. Хүүхдүүдээ ОУДС-д оруулсан эцэг эхчүүд Холбооны гишүүн болдог. Энэ Холбооноос жил бүрийн Ерөнхий хуралдаан дээр ОУДС-ийн Удирдах Зөвлөлийг сонгодог гэнэ. Удирдах Зөвлөл сургуулийн хэтийн зорилго, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж захирлыг томилдог юм байна. 2012-2013 оны хичээлийн жилийн байдлаар тус сургууль 12 орны 48 багш, 15 туслах багш байгаагаас 20 нь гадаадын их, дээд сургуулиудад магистрын зэрэг хамгаалсан байдаг аж.
Одоогийн байдлаар 26 орны 348 сурагч сургуулийн өмнөх бэлтгэл 12 дугаар ангид суралцаж байгаа гэнэ. Гэхдээ сурагчдын тоо байнга өөрчлөгддөг юм байна. Анги дүүргэлт нь манай улсын сургуулиудын дэргэд хоосон л гэсэн үг. Хамгийн ихдээ нэг ангид 24 хүүхэд суудаг гэж байгаа. Бага нь 16 гэсэн. Ийм орчинд хүүхэд муу сурна гэсэн ойлголт байхгүй дээ. Тус сургуульд 1997 оны арванхоёрдугаар сард БСШУЯ-аас Олон улсын дунд сургуулийн гэрчилгээ олгосон аж. Улмаар 2003 онд ОУДС нь Нью Енгландын сургууль ба коллежийн ассоциаци, Олон улсын сургуулиудын зөвлөлийн магадлан итгэмжлэлийг авч Олон Улсын Бакалавриатын байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг авчээ. Дэлхий дээр 130 гаруй орны 3000 гаруй сургууль IB (International Baccalaureate / Олон Улсын Бакалавриат) хөтөлбөрийг хэрэгжүүлдгийн нэг нь тус сургууль юм байна.
Сургалтын төлбөр 16-29 мянган ам.доллар
Сургалтын төлбөр ийм өндөр байгаа нь сургалтын хөтөлбөртэй холбоотой. ОУДС- нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр дээр үндэслэсэн хамгийн шилдэг боловсролыг сурагчдадаа эзэмшүүлэх зорилготой аж. Энэ зорилгоо биелүүлэх үүднээс 2002 оноос эхлэн Олон Улсын Бакалавриатын байгууллагын гурван хөтөлбөр болох бага ангийн хөтөлбөр, дунд ангийн хөтөлбөр, дипломын хөтөлбөрийг сурагчдадаа эзэмшүүлж эхэлжээ. Бүр тодотговол Олон улсын бакалавриатын байгууллагын (ОУББ / IBO) гурван хөтөлбөрийг гурвууланг нь хэрэгжүүлэх эрх авсан Монгол дахь цорын ганц олон улсын дунд сургууль ажээ. Тиймдээ ч төлбөр нь ийм өндөр байдаг аж. Олон улсын бакалавриатын бага ангийн хөтөлбөрт сургуулийн өмнөх наснаас тавдугаар анги хүртэл, 4-11 настай хүүхэд хамрагддаг, анги дотор болон гадаад орчинд хүүхдийн цогц чадамжийг хөгжүүлэхэд анхаардаг аж.
Энэ насны хүүхдүүдийн жилийн төлбөр 16 мянган ам.доллар. Харин дунд ангийн хөтөлбөрт 6-10 дугаар ангийн 11-16 насны сурагчид хамрагддаг бөгөөд таван жилийн хугацаатай аж. Төрөлх хэл, гадаад хэл, математик, шинжлэх ухаан, хүмүүнлэг, урлаг, дизайн технологи, биеийн тамир гэсэн уламжлалт найман хичээлээр сурагчдын сургалтын болон цогц чадамжийг өргөжүүлэн ур чадварыг нь хөгжүүлэхэд чиглэдэг байна. Сурагчдын үзүүлэлт ОУ-ын бакалавриатын стандартыг хангаж байгаа эсэхийг бататган хөндлөнгийн ОУ-ын бакалавриатын шалгагчдаар шалгуулдаг аж. Энэ насны хүүхдүүдийн жилийн төлбөр 22582 ам.доллар. Дипломын хөтөлбөр нь мэдээж 11-12 дугаар ангийнханд зориулагдсан. Энэ хөтөлбөр дэлхийн тэргүүлж буй их сургуулиудад танигдсан байдаг аж. 16-19 насны сурагчдыг цаашдаа их сургуульд амжилттай суралцахад болон амьдрал дээр амжилт гаргахад бэлтгэдэг хөтөлбөр юм байна. Дипломын хөтөлбөрийн шаардлагад бүрэн нийцэж чадаагүй сурагчдадаа ОУ-ын бакалавриатын сертификат олгодог аж. Тиймдээ ч төлбөр нь жилийн 30 мянган ам.доллар байдаг гэнэ.
Сургалтын төлбөр багш нарын цалин, сургалтын орчинд зориулагддаг
Тус сургуулийнхан өөрсдийгөө сургалтын төлбөрөөс мөнгө олдог бизнесийн байгууллага биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байсан. Бүх мөнгөө ОУДС-ийн барилга байгууламж, сургалтын хөтөлбөрт зарцуулдаг гэнэ. АНУ-ын Төрийн Департмент тус сургуулийг Монгол дахь олон улсын цорын ганц дунд сургууль гэж хүлээн зөвшөөрдөг учраас тус улсын Засгийн газраас зарим санхүүжилт авдаг юм байна. Тэр бүх орлогоороо англи хэлний чанартай сургалтыг хэрэгжүүлэхийн тулд Монголд ирж ажиллаж амьдрах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай мэргэжилтэн багш нарын зардалд зарцуулдаг аж. Мэдээж чадвартай гадаад багш нар ямар цалин авах нь тодорхой.
Дээрээс нь сурагчдын суралцах орчинг сайжруулж сургуулийн барилгыг шинээр барьж байгаа бөгөөд энэ барилгын ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд мөнгөө зориулдаг аж. Ерөөс сургуулийн орчин, гадаад тохижилтыг харахад л ямар их хөрөнгө оруулалт хийсэн нь мэдрэгдэж байсан. Ердөө хоёрхон шалтгаан дурьдахад л мөнгөө юунд зарцуулдаг нь мэдрэгдэж байгаа юм. Сургуультай цухасхан танилцаад гарч явахад хөлбөмбөгийн талбайд монгол, гадаад хүүхдүүд хөлбөмбөг тоглож, гадаад багш дасгалжуулж харагдав. 3-4 дөрөвдүгээр ангийн болов уу гэмээр 10 гаруй хүүхэд хөлбөмбөгийг дажгүй тоглож байгааг харахад ирээдүйд Монголын нэрийг гаргах тамирчин болох ч боломжтой юм шиг санагдсан. Манай улсын дунд сургуулиуд ядаж бүгд тэр зэргийн хөлбөмбөгийн талбайтай бол бид ойрын хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох ч юм бил үү, хэн мэдлээ.
Гэр хорооллынхны боловсрол гэж
Би үнэнчээр хөдөлмөрлөж, хүмүүст тустай үйлчилгээ эрхэлж, эх орондоо баялгийг бүтээж буй шинэ үеийн залуусыг дэмждэг. Мэдээж өөрсдийн хөдөлмөрлөж олсон мөнгөө юунд зарцуулж, хүүхдээ хаанаа сургах нь хүний эрх. Харин Чадаж байгаа бол арга байхгүй гэх афоризмээр дөрөөлөн өөрийн албан тушаал, ах, дүү, хамаатан садныхаа сүлжээг ашиглан зүй бусаар хөрөнгөжиж буй хүмүүст зэвүү, дургүй хоёр зэрэг хүрдэг юм.
Улмаар хэн нэгний хөлс, хөдөлмөрийг шулж, ард түмэн, татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, бусдын халаасыг тэмтэрч олсон бохир мөнгөөрөө эрх хүүхдүүдээ тансаглуулж, дэлхийд захиалгаар үйлдвэрлэгддэг машин унуулж, жилийн 42 сая төгрөгийн төлбөртэй дунд сургуульд сургаж байгаа тэднийг, тэдний дэндүү гэмээр эрх танхи хүүхдүүдийг хараад бүр ч бухимддаг.
Их, дээд сургуулиудын төлбөр 30-60 хувиар нэмэгдэх тухай мэдээлэл өнгөрсөн сард нийгмийг бүхэлд нь шоконд оруулсан. Аргагүй шүү дээ. Угаасаа нийгмийн 80 хувь нь ядуу гэх тодорхойлолтод хамаарах хүмүүс. Угаасаа үнийн хөөрөгдөл ядуусын нуруун дээр л дааж, давшгүй ачаа болж, тэдний амьдралд л нэрмээс болдог талаар эдийн засагчид болон бусад учир мэдэх хүмүүс ярьдаг. Харин нийгмийн 20 хувийг эзэлсэн задарсан баячуудын хувьд сургалтын төлбөр 30 хувиар нэмэгдэх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутам өсөх нь нэг их нөлөөлөхгүй. Баргийн зүйлд хотойхгүй баячууд учраас нийгэмд нүүрлэсэн зовлон гамшиг, үнийн хөөрөгдөл тэдэнд нялзахгүй. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр 60 хувиар нэмэгдвэл сургуулиас гарна гэж оюутан залуусын дийлэнх нь ярьж байсан юм. Жилийн 3-4 сая төгрөгийн төлбөрийг нь төлж дийлэхгүй учраас тэр. Түүнээс биш тэдгээр залуус ном сурахгүй мулгуудаа, бэлэнчлэх сэтгэлгээтэйдээ биш. Ердөө л алхам тутамд үнээр дарамтлах нийгмийн өмнө хүчин мөхөсдөж, өвдөг сөхөрч байгаагийн жишээ. Тиймээс ч жил бүрийн намар их, дээд сургуулиудын төлбөр хэдэн хувиар нэмэгдэх бол гэж эцэг, эхчүүд болон оюутан залуус эмээдэг. Багахан нэмэгдээсэй гэж ханцуйдаа залбирдаг гэвэл нэг их хилсдэхгүй. Харин салбарын сайдын мэдэгдэл их, дээд сургуулиудын том санаархалд цэг тавьсан юм. Энэ мэтчилэн нийслэлд хөдөлгөөн бүхэн хөлс, мөнгөөр хэмжигдэж, хүүхдээ дунд, сургууль, цэцэрлэгт сургахын тулд хүртэл төлбөр төлдөг. Орчин цагийн нийслэлийн юм бүхэн үнэтэй бөгөөд аяга уснаас эхлээд сургууль, цэцэрлэг хүртэл төлбөртэй. Тэр ч бүү хэл нийслэлээс сая төгрөгийн төлбөртэй дунд сургуулийг хайгаад, хайгаад олохгүй. Одоогийн байдлаар нийслэлд Орчлон, Элит зэрэг 250 гаруй хувийн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төлбөр нь мэдээж нэг сая төгрөгөөс хол давсан өндөр үнэтэй. Ямар ид, шидтэй сургууль гэхээрээ жилийн 42 сая төгрөгийн төлбөр шаарддаг юм бүү мэд. Ямартай ч үнэтэй нь чанартай гэх автомат ойлголтоор авч үзвэл тэнд ямар нэгэн ер бусын чанартай сургалт явагдаж, Нобелийн шагналтнууд, суут ухаантнууд төрдөг байх. Хэрэв энгийн л математикийн томьёо, хэл бичгийн дүрэм заадаг бол яасан ч 42 сая төгрөгийн төлбөр нэхэхгүй. Тэгэхээр энд гайхамшиг өрнөдөг болж таарах нь.
Мэдээж энэ сургуульд ийм хэмжээний төлбөр төлөх чадвартай нь сурдаг. Харин чадваргүйнүүд нь жирийн дунд сургуульд сурдаг. Гэхдээ хотын төвийн дунд сургуулиуд бас өөрсдийн гэсэн тогтсон тарифтай. Тухайлбал, I дүгээр дунд сургууль болон Орос III, за тэгээд хотын төвийн арай дөмөгхөн сургалттай, орчин нөхцөлтэй сургуулиуд бүгд өөрсдийн хэмжээнд тохирсон тарифтай. Гэхдээ мэдээж бүх сурагчдаасаа авахгүй. Харьяаллын бус гэх шалтгаанаар эцэг, эхчүүдээс хэдэн төгрөг салгачихаа тэд мэднэ. Харин хүүхдээ хотын төвийн сургууль руу зөөх боломжгүй, төлбөрийн чадваргүй иргэдийн хувьд хаяандаа байгаагаа бараадахаас өөр сонголтгүй. Багтаж ядсан их ачаалалтай ч гэсэн гэр хорооллын сургуулиуд сурагчдаа түлхдэггүй. Жилийн хэдэн сая төгрөг нэхэж, төлж чадахгүй бол баяртай гэж хаалгаа хаадаггүй. Зөвхөн сурч байгаа сургуулиасаа эхлээд Монголд баян, хоосны ялгаа газар авсныг илтгэнэ. Хүүхэд байхдаа Энэтхэг болон барууны кинон дээрээс үздэг байсан нийгмийн баян, хоосны ялгаа эдүгээгийн Монголд биеллээ олжээ. Үүний жишээ бол Зайсан толгойн аманд байрлах American school хийгээд Хайлаастын эцэст байрлах жирийн дунд сургууль хоёрын ялгаа юм.
Нэг сургууль, нэжгээд баар, караоке
Монголчууд бид өөрсдийгөө ядуу ард түмэн гэж ярьдаг. Харин жилийн 42 сая төгрөгийн үнэтэй сургуульд хүүхдээ сургаад, жил ирэх тусам хувийн дунд сургууль болон цэцэрлэгийн тоо нэмэгдэж байгаа гэхээр бас баяжаад ч байгаа юм шиг. Ёстой өнөөх жүжигчин Хүрлээгийн Эргэлзээ өгүүллэгт гардаг шиг л ард түмний амьдрал сайжраад ч байгаа юм шиг, эсрэгээрээ дордоод ч байгаа юм шиг. Ийм нэгэн эргэлзээг тайлахаар бид гэр хорооллын сургуулиудын бодит байдал ямар байгааг сурвалжлахаар их хотын захын дүүрэгт байрлах Хайлаастын 72 дугаар сургуулийг зорилоо. Хотын төвөөсөө хэдэн цагийн турш явж очих Хайлаастын эцэст байрлах 72 дугаар сургуулийн хувьд гэр хороололд олонтаа тохиох бусдаасаа нэг их ялгарах зүйлгүй. Өнгөрсөн онд тус сургууль өөрсдийн хүсэлтээр төвийн шугаманд холбогдсоноор сурагчдын хувьд хөхөө өвлийн хүйтэнд гадаа бие засах бэрхшээлээс ангижирчээ. Гэр хорооллын сургууль гэхэд боломжийнхоо хэрээр тохижуулсан нь үүднээс нь илт. Тэртээх социализмын үед баригдсан хуучирсан барилга, төмөр сараалжин хашаа, тоос, шороон дундах дүнсгэр дүр төрх. Харин хүүхдийн цангинасан инээд л сургууль гэдгийг нь илтгэх бөгөөд багш, сурагчдын хувьд сургуульдаа хайртай төдийгүй огт голдоггүй. Учир нь тэд баячуудын жаал шиг эрх танхи биш болохоор элдэв шаардлага тавьдаггүй төдийгүй цэвэр, дулаахан орчин байхад л хангалттай. Хайлаастын 72 дугаар сургуулийн анги, танхимын тохижилт, сургалтын бааз харьцангуй сайн юм билээ. Харин энэ сургуульд тулгамдсан нэг л бэрхшээл бий. Тэр нь хүүхдийн тоо. Учир нь Долоон буудал болон Хайлаастын орчимд ганцхан 72 дугаар сургууль байдаг аж. Бүхэл бүтэн 5-6 хорооны дунд нэг л сургууль байгаа нь харамсалтай. Тэр ч бүү хэл Чингэлтэйн эцэст байрлах Зүрх уулын зуслангаас 5-6 буудал алхах нь алхаж, автобусанд суух нь сууж ирдэг тухай тус сургуулийн сургалтын менежер Б.Өнөржаргал ярьж байсан юм.
Тэрбээр Манай сургууль 1400 хүүхдийн суудалтай. Харамсалтай нь одоогийн байдлаар 2000 гаруй сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн байрыг өргөтгөдөггүй юм аа гэхэд ядаж Зүрх уулын зуслан орчимд нэг сургууль шинээр барих зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхгүй бол манай сургуулийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Ер нь хөдөөгөөс хотыг зорьсон хүмүүс гэр хороололд л ирдэг. Ялангуяа хотын захын хорооллуудад газар аваад гэр, байшингаа бариад суурьшдаг. Гэтэл үүний цаана цэцэрлэг сургуулийн асуудал тулгамдаад байна. Тухайлбал, Долоон буудал, Хайлааст, Чингэлтэйн хүүхдүүдийн дунд ганцхан манай сургууль байна. Сургуульд сурах гээд 5-6 буудлын цаанаас алхаад ирж байгаа хүүхдийг ямар авахгүй гэлтэй нь биш. Авахаас өөр аргагүй шүү дээ. Нүд ирмэхийн зуур энд, тэндгүй баар, зочид буудал баригддаг хэрнээ цэцэрлэг, сургуульд яагаад газар олдохгүй байгаад нь гайхаж байна. Сургуулийн хүрэлцээ л маш хүнд байна даа. Түүнээс биш манай сургуулийн тохижилт, материаллаг баазын хувьд хотын төвийнхөөс огт дутахгүй. Бид аль болох нөхцөл боломжиндоо тулгуурлаад хүүхдүүдийг элсүүлж л байна. Тэр ч бүү хэл коридороо хүртэл анги, танхим болгоод сургалтаа явуулж байна хэмээн ярьсан юм. Энэ сургуулийн нэг ангид 35-45 хүүхэд сурдаг бөгөөд сургуулийнхаа коридорыг хүртэл анги болгон ашиглажээ.
Гэр хорооллын эгэл, боргил амьдралтай өхөөрдөм жаалууд сургуулийн хашаагаар гүйлдэж, тоглоно. Зургаан настай бяцхан хүү, ангийнхаа охиныг гэзэгдэн уйлуулж, нэгнийхээ мөхөөлдөс, алимнаас хуваалцах нь өхөөрдөм. Тус сургуулиас гараад Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийг зорив. Хайлаастын аманд байх автобусны буудал дээр такси хүлээн зогсох зуур нэгэн хошин гэмээр зүйл анзаарагдсан юм. Тодруулбал, Хайлаастын эцсийн автобусны зогсоолд гурван зочид буудал, хоёр караоке баар, нэжгээд цайны газар, pub гэсэн хаягтай цэнгээний газрууд байв. Харин энэ хавьд ердөө ганцхан сургууль, хоёр цэцэрлэг байдаг. 72 дугаар сургуулиас гараад Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийг зорилоо. Тус сургуулийн хувьд өнөөх л хүүхдийн тоо хэтэрсэн гэх зовлонг ярьж байв. 72 дугаар сургуулийг бодвол тохижилтын хувьд тун хангалтгүй санагдсан. Аль 1980-аад оны үед баригдсан сургуулийн барилга хэдийнэ хуучирч муудсан нь үүднээсээ илт. Дээр үеийн модон хаалга, хагарч цуурсан хана, таазтай тус сургуулийн анги танхим нь 1990-ээд оны сурагчдын эдэлж байсан модон сандал ширээ, бор самбартай юм билээ. Хотын төвийн сургуулийн багш нар хэдийн шохойтой зууралдахаа больсон бөгөөд бараг онлайнаар хичээлээ зааж, даалгавраа шалгадаг болсон. Гэтэл Чингэлтэй дүүргийн тус сургуулийн багш нар тэртээх бор самбар дээр шохойгоор бичиж, 35-40 хүүхдэд хичээлээ ойлгуулах гэж зүдэрч буй. Ер нь гэр хорооллын сургуулиудын хувьд дөнгөж өнгөрсөн жил модон жорлонгоосоо салж, интернэтэд холбогдсон байна. Энэ нь манай сайд нарын гавьяа биш Азийн хөгжлийн банкныхны тус аж.
Тодруулбал, өнгөрсөн онд гэр хорооллын бүх сургуулийн 00-ыг төвийн шугамтай холбосон бөгөөд Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн байна. Харин сургуулиудын ихэнх нь интернэт танхимтай болж, компьютертай болсон аж. Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн хувьд 1200 хүүхдийн суудалтай боловч 1970 сурагчтай аж. Тэд өргөтгөл бага сургууль бариад ч ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд хуучирч муудсан барилгаа шинэчлэх хүсэлтэй байгаагаа ч сургалтын менежер нь биднээр дамжуулан уламжилсан юм. Бид 37 дугаар сургуулиас гараад Долоон буудалд байрлах 49 дүгээр сургуулиар оров. Тус сургуулийн хувьд нийт 1400 хүүхдийн суудалтай ч 1800 гаруй сурагчтай гэнэ. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэрээр эвдэрснээ засч, унаснаа босгох маягаар л сургуулийнхаа байр болон анги танхимаа засч байгаа аж. Сурагчдын хувьд Манай сургууль уг нь гоё. Гэхдээ цонх, хаалгыг нь солиод, жаахан томруулчихвал бүр ч гоё болно доо гэж байсан юм. Бид замаараа Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулиар мөн ороод гарав. Биднийг очиход тус сургуулийн өдрийн ээлжний сурагчид хичээлдээ орохоор сургуулийнхаа гадаа шуугилдан зогсч байв. Алив, хүүхдүүд ээ нэг эгнээнд ороорой. Томоотой байна шүү, багшийнхаа үгэнд ороорой гэх мэтчилэн багш нар нь хүүхдүүдээ томоотой байлгах гэж хэрэндээ л хичээх аж. Энэ мэтчилэн гэр хорооллын сургуулиар нэг өдөр явахад нийтлэг дүр төрх нь нэг иймэрхүү. Миний хувьд ч ялгаагүй гэр хорооллын сургуулийг л төгссөн. Гэхдээ дунд сургуулиа төгсөөд даруй 10-аад жил өнгөрөхөд юу ч өөрчлөгдөөгүй байгаа нь харамсалтай. Бидний үед байсан өнөөх л бор самбар, элэгдэж хуучирсан LOҮERHЛЭЭР тамгалуулсан модон ширээ, харин гадаах л 00 өөрчлөгджээ. Дээрх сурагчдад хэрэв сурах саруул танхим, томхон сургууль бариад өгчихвөл өвлийн хүйтэн, шөнийн харанхуйд автобус хүлээж, гэмт хэргийн золиос болж, хэдэн км-ийн тэртээх гэртээ хүрэх гэж зүдрэхгүй. Тэдэнд Орос, Хятад сургалттай хувийн сургуулиудын эрх жаалууд шиг тусгай шаардлага хэрэггүй, харин чанартай сургалт, тохилог анги танхим байхад л хангалттай. Хэрээсээ хэтэрсэн хүнд ачааг үүрсэн гэр хорооллынхон нөхцөл боломжиндоо тааруулан ажиллаж л байна. Тэд хүүхдийн тоо хэтэрлээ гээд бяцхан үрсийг цааш түлхсэнгүй, жилийн хэдэн арван сая төгрөгийн төлбөр нэхэж, хаалгаа хаасангүй, сурагчид нь сургуулиа голсонгүй. Байгаа, байгаадаа сэтгэл хангалуун, аз жаргалтай. Гэхдээ л тэдэнд эрдмийн саруул танхим, цэвэр тохилог сургууль хэрэгтэй л байна даа.
Н.Пунцагболд
Х.Өнөржаргал