Нүүдлийн жижиг хэвлэлээс орчин цагийн хэвлэх хүртэл…
бүтээж ирсэн оюун соёлын нандин өв уламжлалтай ард түмэн. Богд хаант улсын Засгийн газар олноо өргөгдсөний анхдугаар он буюу 1911 оны аравдугаар сард үндэснийхээ хэлээр ном хэвлэл барлаж байх шийдвэр гаргаж, мөн оны арванхоёрдугаар сарын 31-нд Гадаад яамнаа хорголжин барын хэвлэх үйлдвэрийн эхлэлийг тавьснаар шинэ цагийн ном хэвлэх үйлдвэрийн эх суурь тавигджээ.
Эдүгээ 100 жилийн нүүрийг үзээд байна. Ийнхүү эх сууриа тавьсан нүүдлийн жижиг хэвлэлийн газар хэвлэлийн машин, уйгаржин монгол бичгийн төмөр хэвийн үсгийг Орос улсад захиалж, гар ажиллагаатай ганц машин, дөрвөөс таван ажилчинтай анх үйл ажиллагаагаа эхэлж Оюунтүлхүүр, Орчлон ертөнцийн байдал зэрэг багашаархан ном товхимол, Нийслэл хүрээний сонин бичиг, Шинэ толь хэмээх сэтгүүл, Монгол үсгийн цагаан толгой зэргийг хэвлэж эхэлсэн байна. Тухайн үед хаант Орос улсаас Нийслэл хүрээнд нүүдлийн жижиг хэвлэлийн газрыг анх байгуулсан. Хэвлэлийн газрыг Орос, Монгол хэвлэлийн хороо буюу консулын хэвлэл гэж нэрийдэж. Монгол хэвлэлийн хороотой ойр холбоотой ажиллаж байжээ. Энэ үед Богд хаан гар хэвлэлийн жижиг машин, чулуун бар бүхий бас нэг жижиг хэвлэлийн газрыг Шанзодбын яамны дэргэд байгуулсан байна. Эдгээр хэвлэлийн газрууд тухайн үеийн Монгол Улсын ном хэвлэлийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байсан ажээ.
1921 оны эхээр ЗХУ-ын тусламжтайгаар Эрхүү хотод нүүдлийн жижиг хэвлэлийн газар байгуулан ажиллуулж Богд хаант Монгол Улсын үед Гадаад яамны мэдэлд ажиллаж байсан хэвлэлийн машин хэрэгсэл, мөн Шанзодбын яамны дэргэд ажиллаж байсан хэвлэлийн машин, техник хэрэгслийг авч, Эрхүүгээс авчирсан нүүдлийн хэвлэлийн газартайгаа нэгтгэн Монгол хэвлэлийн хороо нэртэйгээр байгуулжээ.
1936 оны тавдугаар сард МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн IX хурлын тогтоолоор Хэвлэлийн хороог Хэвлэлийн газар болгож улсын хэмжээний хэвлэх зүйлийг төвлөрүүлэн тэгшитгэн хянах үүрэг хүлээлгэсэн байна. 1936-1937 онд ЗХУ- д хэвлэлийн төрөл бүрийн машин захиалсан бөгөөд эдгээр нь Монголын хэвлэлийн үйлдвэрт эрс хувьсгал хийжээ.
БНАГУ-ын тусламжаар 1960 онд барьсан сүүлийн үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон гүн хэвлэлийн үйлдвэр ашиглалтад орсон нь хэвлэлийн үйлдвэрийн түүхэнд шинэ хуудас нээжээ. Үүнтэй зэрэгцэн сонины үйлдвэрийн барилга ч ашиглалтад орсон. 1990-ээд оныг хүртэл Монголын ном хэвлэлийн үйл ажиллагааг дангаар эрхлэн гүйцэтгэж байсан хэвлэх үйлдвэрт их жанжин Д.Сүхбаатар, түүний багш Жамьян гүн, нэрт зураач Марзан Шарав нарын халааг авсан Монголын үе үеийн тэргүүлэх сэхээтэн, ажилтнууд ажиллаж байсан юм. Д.Сүхбаатар автономитын цэргээс халагдаад Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажиллаж түүх шастир өрөх ажилд гарамгай оролцсоны учир айлтгалын бичгээр шагнуулж байсан баримт архивт бий. Үйлдвэрийг 1948 онд Сүхбаатарын нэрэмжит болгожээ.
Г.Ганболд