С.Бямбасүрэн Замын хөдөлгөөнийг бууруулах ажилд жолооч нар туслах хэрэгтэй
Энэ талаар ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн хошууч С.Бямбасүрэнгээс тодрууллаа.
-Улсын дугаараа сольж, өөр дугаартайгаар хөдөлгөөнд оролцсон зөрчил хэр их гарч байна вэ?
-Автомашины дугаараа сольж зүүсэн хэд хэдэн зөрчил гарсан. Найз нөхөд, хамаатан садныхаа автомашины дугаарыг жолооч нар бие биенээсээ гуйж авсан байдаг. Мөн хөдөлгөөнд оролцох ёсгүй өдрөө оролцож, цагдаа нараас зугтсан тохиолдол ч гарлаа.
-Дугаар сольсон жолоочид ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хуульд заасны дагуу торгох болон автомашиныг нь журамлах арга хэмжээ авна. Хэрэв энэ зөрчлөө давтан гаргавал автомашин жолоодох эрхийг нь түр түдгэлзүүлдэг. ЗЦГ-ын архивт жолооч нарын бүх мэдээлэл хадгалагдаж байгаа. Зөвхөн дугаар солих гэлтгүй тэмдэг, заалт зөрчсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон гэх мэт бүх зөрчлийн мэдээлэл нь бий.
-Өөрийн автомашины улсын дугаарыг бусдад ашиглуулсан хүнд ямар хариуцлага тооцдог вэ?
-Бусдад өөрийн автомашиныхаа улсын дугаарыг ашиглуулсан хүнд мөн л торгууль ногдуулах болон автомашиныг нь журамлах арга хэмжээ авдаг. Жолооч нарт хандаж хэлэхэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ нийт ард иргэдийн төлөө хийж буй ажил. Та бүхэн энэхүү ажилд гар бие оролцон бидэнд тусалж улсын дугаараа солих, замын цагдаагаас зугтах зэрэг хүндрэлтэй асуудал битгий гаргаач ээ. Зөрчил гаргаад баригдахад та бүхэнд л хүндрэл үүснэ гэдгийг хэлмээр байна.
Ч.Болд