Нэр дэвшүүлэх нам авна

Тэгэхдээ гайтай намууд Монголын бүхий л мөнгөтэй, мэдлэгтэй, хэлтэй амтай, өлсч, өвдөж чаддаг хүмүүсийг сонгож аваад, УИХ-ын сонгуульд өрсөлдүүлчихэж байгаа байхгүй юу. Түүнээс нь болж одоо орон нутгийн сонгуульд жижиг намаас нэр дэвших хүн олдохгүй болчихоод байна. Хоёр том нам яах вэ, угаас хүн хүч сайтай. Дүүрэг, аймаг үү хэл сум, хороонд хүртэл нэр дэвшүүлчих хүнтэй шүү дээ. Гэтэл МАХН, ИЗНН-аас авахуулаад жижиг намуудад аймагт нэр дэвшүүлэх хүн олдохгүй хэцүү байгаа нь миний санааг зовоож байна. Ямар сайндаа л цахим мэдээллийн хэрэгслүүд болон сониноор нэр дэвших хүн авна гэсэн утгатай зар явуулж байх вэ дээ, хөөрхийс минь.

Нэг ёсондоо ажлын зар гэсэн үг гэж ойлгоод байна. Бодвол их өндөр цалинтай байх. Барилгын туслах ажилд авна. Өдрийн 25 мянган төгрөгийн цалинтай гэсэн ажлын зар хаа сайгүй гарч байна. Учир нь барилга дээр туслах хийж зовлогоо зовоочихоод, өдөртөө 25-хан мянган төгрөгийн цалин авахыг хүсч байгаа хүн цөөн байна гэх юм. Гэтэл өнөөдөр Нэр дэвшигч ажилд авна гэсэн зар дээрхээс дутахгүй их гарч байна. Уг нь өдрийн хэдэн төгрөгийн цалин өгөхийг нь хэлчихвэл барилга дээр туслах хийж байгаа залуус хуйлраад ирж магадгүй л байх. Миний хувьд Нэр дэвшүүлэх нам худалдаж авна гэсэн зар өгмөөр байна. Гэхдээ аймаг, дүүрэгт өрсөлдөнө гэж томроод ч яах вэ. Харин сум, хороонд бол хангалттай өрсөлдөх хэмжээний мэдлэг, боловсролтой хүн. Тэгээд ч сум, хороонд танилтай. Хотод амьдардаг хэдий ч төрөлх сумандаа бол рейтинг өндөртэй хүн. Тэр дундаа төрсөн баг хавийнхаа сонгогчдын саналыг 100 хувь авч чадна. Амьдарч байгаа хорооныхоо бол 1-3 гудамжны иргэдийн судсыг барьчихсан нэгэн. Дээрээс нь надад нэр дэвшүүлэх олон хүн байгаа. Суманд ч, хороонд ч тэр ялгаагүй.

Нийгмийн идэвхи сайтай хөгшин, залуу хүмүүс олон байна. Гагцхүү нэр дэвших нам байхгүй болчихоод байгаа юм. Шинээр нам байгуулна гэхээр бүртгүүлэх, нэр авах энэ тэр гээд бөөн ажилтай. Тэгэхээр аль нэг намын сум, хороонд байгаа салбарыг худалдаж авах хэрэгтэй байгаа юм. Эсвэл гэрээгээр нэр дэвшч болж байна. Хэрвээ би ялбал яах вэ гэдэг дээр тохиролцож, гэрээ хийж болох юм. Нэг их сүртэй намын бодлого хэрэгжүүлээд, томчуудтай тулаад байж чадахгүй ч мэдээлэл олох, хов зөөх, шантаажлах, жагсах, өлсөх тал дээр найдвартай ажиллаж чадна. Хороо, сумын зарим иргэдийн тархийг угааж, хааяа нэг жагсч, уриа лоозон барьж зогсох ажлыг насаараа хийсэн туршлагатай. Энэ бүхнийг бодолцож намаа зарах, гэрээгээр нэр дэвшүүлэх нам байвал холбоо барина биз. Та бүхнийг хүндэтгэсэн сумтөрч.

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button