Эмнэлгийн барилгад онцгой стандарт мөрдөх ёстой

зөвлөгөөнөөр хэлэлцсэн олон асуудлын нэг нь эмнэлгийн барилгын стандартын тухай байсан юм. Урьд өмнө төдийлөн хөндөгдөж байгаагүй эл асуудлыг салбарын хэмжээнд зайлшгүй ярьж хэлэлцэх, улмаар төрийн анхааралд хүргэх шаардлага бийг онцолсон нь ч учиртай аж. Уул уурхайн баялгаас улсын төсөвт хөрөнгө мөнгө чамгүй орж ирж буйн ачаар эмнэлгийн салбарт бүтээн байгуулалтын ажил урьд жилүүдийг бодвол чамлахааргүй өрнөх болсон. Гэвч барьж буй барилга нь эмнэлгийн стандартад төдийлөн нийцдэггүйгээс өрөө тасалгааных нь зориулалтыг өөрчлөх гэхчилэн барьж босгосноосоо эс асуудал үүсэх тохиолдол ч нэг биш гарсан гэнэ.

Хамгийн том жишээ нь Хан-Уул дүүрэгт барьж буй шинэ төрөхийн барилга. 300 ортой эл эмнэлгийн хувьд Монголдоо л хамгийн том төрөх болох юм. Зарах хөрөнгө нь ч их. Бараг 20 тэрбум төгрөг залгин байж босно гэж буй ч эхлэхээсээ л мордохын хазгай болсон. Газар олдохгүйн зовлонг гэтэлж арайхийж шаваа тавьсан ч дулааны шугам хоолой гэхчилэн дэд бүтцийн асуудал нь хүндрэлтэй болоод өдгөө бүр хэдийд бид шинэ төрөх газартай болохыг бурхан л мэдэх болсон гэдэг.

Гэхдээ асуудлын гол нь үүнд байгаа юм биш. Барьж буй барилгад эмнэлгийн гэж онцолсон стандартад тохироогүй зүйл дэндүү гэмээр олон гэдгийг мэргэжлийн хүмүүс шинэ төрөхийн зураг төсөл цаасан дээр буусан өдрөөс шахам л ярьж хэлсэн. Өрөөний стандарт хэмжээ буруу, зохион байгуулалт муутай, ашиглагдахгүй талбай ихтэй тааруухан зураг болсон. Эмэгтэйчүүдийн үзлэг явуулах өрөөний стандарт хэмжээ 18 ам метр байх ёстой атал 14-өөр хийсэн. Хонгил нь гэхэд үзлэг, эмчилгээ хийх өрөөнөөсөө өргөн гэхчилэн зөрчилтэй зүйл олон бий гэдэг. Энэ барилгын зураг төслийг монголчууд биш ОХУ-ын Буриад улсын Дархан строй нэртэй компанид хийсэн байдаг. Уг нь эмнэлгийн барилгын зургийг хүн бүр хийгээд байдаггүй нарийн стандарттай гэнэ. Манайд ч энэ чиглэлээр мэргэшсэн архитектор цөөн.

Тийм байтал гадны бас ажлын ямар ч туршлагагүй компаниар өндөр үнэ төлж ийм алдаатай зураг хийлгэснийг олон хүн шүүмжилдэг. Тэдний нэг архитектор Д.Цогт Би эмнэлгийн барилгын зураг төсөл дээр ажиллаж байсан мэргэжлийн хүний хувьд тэр зурагтай танилцсан. Өрөөний стандарт хэмжээ буруу, зохион байгуулалт муутай, ашиглагдахгүй талбай ихтэй. 10 том мэс заслын өрөө байх юм билээ. Гэтэл тэдгээрийг бүрэн дүүрнээр нь хэзээ ч ашиглахгүй. Тэгсэн мөртлөө хагалгаанаас гарч ирээд эмч суугаад өвчний түүх биччих өрөө тасалгааг төлөвлөөгүй. Тэгэхээр хагалгааны гэсэн тэр олон өрөөнийхөө аль нэгийг нь эмчийн өрөө болгох байх л даа. Сул талбай ихтэй болохоор ашиглалтын зардал өндөр гарна. Ингэхээр тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч нарын хангамжийн асуудал хоцрогдох байх. Түүнээс гадна цэвэр, бохир усны ямар ч шугамгүй. Зургаас харж байхад дөрөвдүгээр давхарт нь л гэхэд сауны өрөө гаргасан байх юм. Үнэндээ бол манайд эмнэлгийн зураг төсөл хийдэг мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаагийн илрэл хэмээн ярьсан.

Мөн эмнэлгийн барилгын онцлогийн талаар ЭМЯ- ны Барилга захиалагчийн албаны дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа Эрүүл мэндийн салбарын хувьд тухайн эмнэлгийн онцлогийг нарийвчлан судалж, олон улсын стандартын шаардлага хангасан архитектор болон инженерийн хангамжийн төлөвлөлтийг хийхийг биднээс цаг үе гарцаагүй шаардаж байна. Монгол орны хэмжээнд олон улсын шаардлага хангасан эмнэлэг гэвэл хувийн хэвшлийн тоотой хэдэн эмнэлгээс өөр бараг байхгүй болов уу гэж бодож байна. Би архитектор хүний хувьд эмнэлгийн барилгын төлөвлөлтийн нормыг өөрчилж шинэчлэх талаар судалгааны ажил хийж эхлээд байгаа хэмээн дурдсан байна билээ.

Мэргэжлийн хүний ярьснаас үзэхэд эмнэлгийн барилгын зураг төслийг архитекторч болгон хийчихдэг гарын доорх ажил биш бололтой. Тэгээд ч эмнэлэг бол нийтийн байр биш учраас илүү мэргэшсэн байдлаар хандах ёстойг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал улсын зөвлөлгөөнд оролцсон хүмүүс онцолж байсан юм. Аливаа зүйл тэр дундаа эрүүл мэндийн салбарт илүү нарийн стандарт мөрдөх ёстой гэдэг шаардлага байшин барилгад ч хамаатай. Үүний тулд архитекторуудыг сургахдаа эмнэлгийн барилгын зураг төслөөр мэргэшүүлэн бэлтгэхэд ч анхаарах учиртай юм байна.

Н.Гэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button