Тариаланчдад урамшуулал олгосон нь үр дүнгээ өгсөн үү гэдгийг анхаарч ажиллана
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдын ажлыг аваад удаагүй байна. Төрөөс үзүүлж байгаа дэмжлэг, урамшууллыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих талаар бүхий л байж болох дэмжлэгийг үзүүлсэн. Урамшууллыг маш их өгсөн. Энэ нь өөрөө хэр үр дүнтэй байна гэдэг асуудал дээр гишүүд их санаа зовниж байна. Яах аргагүй энэ салбарт хамгийн их ажлын байр бий болгодог дээрээс нь хүнсний болоод ер нь үндэсний аюулгүй байдал энэ талаасаа энэ салбарт дэмжлэг байх нь зайлшгүй чухал. Хамгийн гол нь зарцуулж байгаа хөрөнгө мөнгөнд хяналт тавих, үp дүнтэй байх, зөв зохистой байх, төлөвлөлтийн дагуу байх, хяналттай байх, эзэндээ хүрдэг байх, бодитой дэмжлэг болдог байх тал дээр онцгой анхаарахыг байнгын хорооны гишүүд хэлж байна. Энэ чиглэлээр бид бас нэлээд анхаарч ажиллана.
-ХАА-н бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад экспортлох боломжтой болсон нь урамшуулал олгож эхэлсний үр дүн гэж үзэх нь бий. Гэхдээ урамшуулал сөрөг үр дагавар үзүүлж байгааг ч шүүмжилдэг?
-Ялангуяа газар тариалан, ургац хураалт гээд үндсэндээ бол улаанбуудай, төмсөөр 100 хувь өөрсдийгөө хангадаг боллоо шүү дээ. Урамшууллаа дагаад тариаланчид маань хэтэрхий ихээр энэ чиглэл рүү хошуурах, түүнийг нь бид хадгалах сав, тээвэрлэх, хадгалалтын горим, үндэсний үйлдвэрүүдийн хүчин чадал, илүү гарсныгаа гадаад руу экспортлох зэрэг энэ бүх зүйлээ уялдаатайгаар зохицуулахгүй бол төлөвлөлтгүйгээс болоод их хэмжээний ургац авах, түүнийгээ хадгалж чадахгүй муутгах, үүнийгээ дагаад хөрөнгө мөнгө салхинд хийсэх хандлага гарч байгаа юм.
-Өмнө явж байсан зүйлээс өөрчлөлт гарсан нь юу юм бол. Ерөнхийдөө Шинэчлэлийн Засгийн газар реформ гэж яриад байгаа шүү дээ. Хийгдэх шинэчлэл нь юу байх юм. Хөрөнгийг зүгээр төсөвт суулгадаг. Гэтэл тэр хөрөнгө зарцуулагдаж байна уу, үгүй юу гэдэг асуудал дээр ямар ч хяналт байхгүй байна. Зарцуулж байгааг нь хянасны дараа ямар нэгэн хариуцлага тооцох талаар яригдах уу?
-Бид хариуцлагын асуудлыг ярина. Одоогийн байдлаар дүгнэлтүүд хийгдэж байна. Дээрээс нь төлөвлөлтгүйгээр зарцуулдаг асуудлыг цэглэе. Маш сайн төлөвлөлттэй, уялдаатай, зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд нийцүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал ямар байгаа юм, хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм,хувиараа хүмүүс хэдий хэмжээтэйг хэрэглэж чадах юм, илүү хураачихвал экспортлох худалдах ямар боломж байгаа юм. Дэлхий нийтийн үнэ бүс нутгийн хэмжээнд ямар байгаа. Бүс нутагт ч мөн адил их хэмжээний ургац аваад байх юм бол авах, хийх, хадгалах газар байхгүй учраас бид жаахан тоормос авах шаардлагатай болж байна. Ийм тохиолдолд магадгүй урамшуулал нь энэ аяныг хөгжүүлэхэд нь хэрэгтэй байсан бол нэгэнт төлөвшин хөгжиж байгаа бол урамшуулалдаа хүртэл бодлоготой, уян хатан хандах, цаашид урамшуулаад байх хэрэг байна уу, үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй. Өөр бусад салбарт дэмжлэг хэрэгтэй байгаа эсэхийг судална. Мөн тариалангийн гэдэг шиг ноосны урамшуулал гэж байна. Ноосыг урамшуулаад ноосны ямар үйлдвэрүүд байна, яаж хөгжиж байгаа, энэ бүгд дээр дүгнэлт хийгээд цаашдын бодлогоо боловсруулж байна.
Б.Тогтох