Дүүрэг, хороодын засаг дарга нарыг сонгох цаг хаяанд ирлээ

Энэ жилийн орон нутгийн сонгууль урьд урьдын жилүүдийнхээс онцлогтой бас нэр дэвших сонирхол давамгайлсан өрсөлдөөнтэй байна. Намуудаас дүүрэгт нэр дэвшиж буй хүмүүсийн нэрс өчигдрийн байдлаар албан ёсоор тодорчихсон. АН өнгөрсөн сонгуулиар Нийслэлийн иргэдийн хуралд олонх болсон тул хотын дарга Э.Бат-Үүлээр ахлуулсан баг Нийслэлд олон шинэ өөрчлөлтийг авчирч байна. Сэтгэл байвал автомашины түгжрэлийг мөнгө хэмнэсэн энгийн аргаар бууруулах боломжтойг батлан харуулахын зэрэгцээ зөвшөөрөлгүй орон сууц, барилгад хяналт тавиад эхэллээ.

Хотоос хийж буй ажил урагштай иргэддээ наалдацтай яваа ч Улаанбаатар хотыг хот шиг хөгжүүлэхийн тулд дүүрэг, хорооны Засаг дарга нартайгаа гар нийлж байж иргэндээ хүрсэн төрийн үйлчилгээ явуулах боломжтой. Хотын дарга Э.Бат- Үүл Нийслэлээс сонгогдсон төлөөлөгч нартайгаа олон шинэчлэлт өөрчлөлтийг дагуулсан бүтээн байгуулалт хийж буй ч одоогийн байгаа МАН-ын Засаг дарга нар гөжүүдлээд хоноцын сэтгэлээр хандаад төрийн албыг хэвийн явуулахгүй гэдийгээд байгаа нь өнөөдрийн бодит байдал юм. Тиймээс АН орон нутгийн энэ удаагийн сонгуульд дүүргүүдэд заавал ялалт байгуулж байж нэгэн баг болсноор хотын шинэ хөгжлийг тодорхойлох нь тодорхой боллоо. Орон нутгийн энэ сонгуульд АН ч гэлтгүй МАН болон бусад намууд тун ач холбогдол өгч оролцоно. Тэр дундаа хотыг сүүлийн 20 жил удирдаж ирсэн МАН ямар ч үнэ цэнээр хамаагүй дүүргийг гартаа авах гэсэн сонирхол ил байна. Үнэндээ хот сүүлийн 20 жил хөгжив үү. Эсвэл төрийн албан хаагч, хурган дарга нарын хүнд суртал, авлига, замбараагүй газар олголт, зөвшөөрөлгүй барилгуудад дарагдав уу.

Дөрвөн жилдээ нэг удаа болдог орон нутгийн сонгууль болгоноор иргэд бид МАН-д 20 жилийн турш итгэл хүлээлгэж ирсэн нь үнэн. Энэ намын аппарат боловсон хүчинд хотыг удирдах эрхийг шилжүүлснээр амьдрал хэрхэн сайжрав, хот хэрхэн хөгжив гэдгийг энэ удаагийн сонголтоороо ард түмэн МАН-д дүнгээ нэг мөр тавина. Орон нутгийн сонгуулиар АН, МАН-ын хоорондох өрсөлдөөн болно гэж олон нийт харж байгаа. МАХН-МҮАН Шударга ёс эвсэл, ИЗНН гэх мэт намууд орон нутагт гэсэн судалгаа гарчихсан байна. Тэгэхээр сонгогч олон МАН-өнгөрсөн 20 жил, АН- ирэх 4 жил гэсэн сонголтыг хийх нь. Урьд урьдынхаас орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нам гэлтгүй иргэд өөрсдөө ач холбогдол өгч идэвхтэй оролцож буй нь орон нутаг бие даасан үйл ажиллагаагаар өөрөө хөгжлөө тодорхойлох ирээдүй зам байгааг хаа хаанаа мэдэрч эхэлснийх.

УИХ-ын сонгуулиас яагаад чухал вэ гэвэл иргэн таны өдөр тутмын амьдралд дүүрэг, хорооны Засаг дарга, төрийн албан хаагч нарын гаргаж буй шийдвэр, үйлчилгээ нөлөөлж байдагт юм. Өнөөдөр дүүргийн төсвийн зарцуулалт хэзээ ч нээлттэй байж ирсэнгүй. Татвар төлөгч бидний мөнгө дүүрэг, хороод руу урсан ордог хэрнээ ямар зарцуулалтаар шийдэгдэж байгааг бид мэддэггүй. Дүүрэг, хороо төсвөө яагаад ил болгох сонирхолгүй байдгийг авлига, нугалаа гаргах гэсэн хүнд сурталтай холбон тайлбарлаж болохоор.

Дор хаяж нэг өрх айл сардаа хогны мөнгө, орон сууц, дулаан, усны мөнгө төлдөг ч хот хоггүй, СӨХ тохь тухтай байж чадаж байгаа бил үү. Улсын төсвийн мөнгийг иргэн бид бүрэн хянах боломжгүй ч дүүрэг, хороодоос хийж буй ажилд хяналт тавих боломж бол бий.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button