ГОК-д горилогсод
нөхөрт энэ албыг өгчихвөл намд бас надад хэрэгтэй бол гэсэн зарчмаар албан тушаалын бялуу хуваалт үргэлжилж байна. Энэ ч түүний хийсэн томилгоонуудаас ерөнхийдөө анзаарагдаж буй. Сүүлийн долоо хоногт энд тэнд хийсэн болон хийлгэсэн тохиролцоонд суурилсан томилгоонуудаас харвал Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн, Худалдан авах ажиллагааны газрын даргаас гадна Улсын ерөнхий аудитор зэрэг улс орны хувьд амин чухал салбаруудыг толгойлж, засгийн бодлого хэрэгжүүлэн намын даалгавар биелүүлэх онцгой эрхтнүүдийг томилж орхилоо.
Өглөө бүр л шахам халлаа, томиллоо гэх гэнэтийн бэлгээр ард түмэнтэйгээ мэнд мэдэх болсон Н.Алтанхуяг ба түүний нөхдөд өдгөө гар хүрээгүй газар тун цөөн үлдээд байгаа. Тэдгээрийн нэг нь төрийн эрх мэдлийг гартаа авсан намын саалийн үнээгээр нэрлэгддэг бичигдээгүй хуультай уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр. Тэр ч утгаараа сонгуульд ялж засаг барих эрх авсан АН энэ үйлдвэрт өөрийн хүнээ тавих учиртай. Тийм болохоор төрд ч, даргад ч хаялгатай Эрдэнэт-ийн тамга атган их мөнгөний эзэн суух горьдлого тээсэн горилогсод Н.Алтанхуяг даргыг царайчлан гүйлдэж байгаа сурагтай. АН-ын фракц бүлэглэлүүд ч өөр өөрийн хүнийг нэр дэвшүүлж дотроо марафон өрнүүлж буй гэнэ. Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн захирал болох магадлал өндөртэй хүмүүсийн жагсаалтад УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Ц.Сэдванчиг нараас гадна Эрдэнэс МГЛ-ын захирал Б.Энэбиш нарын нэр дуулдав.
Эх сурвалжийн өгүүлснээр Төрийн өмчийн хороо болон Уул уурхайн яамыг атгаж байгаа фракцууд мөн Алтан гадас угшилтай нөхдийн нэгд энэ удаа боломж олдох магадлал өндөр гэнэ. Дээр нэр дурдсан эрхмүүдээс гадна Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын тун ойрын хүн буюу түүнийг ГОК-ын даргаар ажиллаж байхад дэд нь байсан Ч.Бямбаа гэх нөхрийн нэр бас дуулдсан. Тэрбээр Д.Дорлигжавд ч, АН-д ч байгуулсан гавьяа арвинтай нэгэн биз. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн дэдээр ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө залилсан гэх таагүй хэл аманд орооцолдож байсан. Дараа нь нам биш нутаг харгалздаг Увсын фракцынхны дунд хагарал үүсгэж амжсан Алтан дорнод Монгол-той ч холбогдоод ч амжсан.
Гэхдээ түүний талаар зарим эх сурвалж Эрдэнэт үйлдвэрийг биш Эрдэнэт хотыг онилсон гэлцэж байна билээ. Тэдний үгээр бол Ч.Бямбаа орон нутгийн сонгуульд өрсөлдөж Орхон аймгийн Засаг даргад нэр дэвших гэж буй юм байх. Тэгэхээр Д.Дорлигжавын буюу Увсын фракцын энэ нөхөр яаж ч байсан Эрдэнэт хавиар албан тушаал горилох нь тодорхой болоод буй юм. Тэгвэл тус үйлдвэрийн дарга болох магадлал өндөртэйд тооцогдож буй УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг тойрон нисч буй бор шувуу-нууд юу шулганаж байгааг дуулгая. Хэдийгээр зарим эх сурвалж түүнийг УИХ-ын сонгуулиар ялагдаж хариуцлага алдсан тул энэ суудлыг өгөхгүй гэж буй ч өөр нэг нь Уг нь Д.Одхүүг Худалдан авах ажиллагааны газрын дарга болгохоор тохирсон байсан. Гэтэл гэнэт өгнө гээд байсан албан тушаалдаа хэн ч мэдэхгүй нэгнийг томилчихлоо. Д.Одхүү намдаа үнэнч, УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд 50 саяыг шууд төлсөн. Тэгэхээр албан тушаалын бялуунаас хувь хүртэх эрхтэй.
Эрдэнэт үйлдвэрийн даргын суудлыг түүнд амласан байж болох талтай хэмээсэн. Түүний хувьд МоАХ-нд харяалагддаг байсан бөгөөд сүүлд төө зайгүй найз З.Энхболдыгоо даган Шонхор фракцид орсон юм. Тиймээс УИХ-ын дарга гэж том татаастай Д.Одхүүд Эрдэнэт-ийн захирлын суудал нэг их хол харагдахгүй байж болох талтай. Болохгүй бол З.Энхболдтой хамт хаалга эвдэж байсан түүхээ тодорхой сануулна даа гэсэн чаңга хатуу бодол цээжнийхээ мухарт шидчихсэн яваа биз ээ.
Харин Ц.Сэдванчигийн тухайд түүнийг зүтгүүлж буй хүн нь Уул уурхайн сайд Д.Ганхуягийг гэнэ. Учир нь тэр хоёр тун ойр дотно. Наран улсад хамт сурч байсан, бас Говь гэж нэг овогтой улс учраас ийн зүтгэх бас зүтгүүлэх учир холбогдол нь тодорхой юм байна. Тэгээд ч энэ эрхэмд Эрдэнэт-ийг өгчихсөн байхад нааш цааш налж унаад байхгүй тулхтай, эдийн засагчийн хувьд ч бусдад залилуулаад байхааргүй гэх юм билээ.
ГОК-ын захирал гэсэн албан тушаалын амттай бялууны том хэрчмийг энэ удаа Алтан гадас авах магадлалтай гэх хүн олон таарав.
Тавантолгой-н захирал, Ерөнхий сайдын ангийн анд Б.Энэбишийг энэ албанд томилох нь тодорхой болсон гэх. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Эрдэнэс МПГ-ыг өөрийн хүнээр дүүргэсэн Б.Энэбиш Эрдэнэт үйлдвэрийн захирал болж түүнийг даган нүүх айл ч нэжгээд гарч таарах бололтой. Гэхдээ дээрх эрхмүүдэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд шавар болохгүй бол шүү дээ. Учир нь Х.Баттулга сайд Үйлдвэрийн асуудлаа би шийднэ, өөрийн хүнээ ГОК-ын даргаар тавина. Яагаад гэвэл Батлан хамгаалахын сайдаар манай хүнийг томилох гэж байсныг болиулж өөр фракцид өгсөн. Иймээс энэ суудалд манай МоАХ-оос томил гэсэн шаардлага тавьсан тухай дуулдсан бөгөөд магадгүй түүний мэдлийн хүн энэ суудалд заларч болох юм. Эцэст нь дуулгахад Эрдэнэт үйлдвэр нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг. Энэ ч утгаараа дарга томилох асуудлыг хамтын хурлаар шийддэг бөгөөд энэ хурал нь ном журмаараа явбал ирэх оны эхээр болох юм гэсэн. Гэхдээ манай тал хүсэлт гаргаж асуудал тавибал наашлуулж болох эрх зүйн үндэс ч бий юм билээ.
Л.ОЮУНГЭРЭЛ