Газрыг давуу эрхийн татвартай болгоё
Үүнийг таслан зогсоох гэхээсээ илүү татварын аргаар цэгцэлж болмоор санагдана. Орон сууцны хорооллуудын явган зам харьцангуй боломжийн хэмжээнд байна гэж үзэж болохоор байгаа. Харин гэр хорооллын хувьд асуудал хүнд байна. Тодруулбал тэднээс хашаагаа сунгасан иргэдийн олонх нь газрын кретив буюу хамгийн ашигтай байрлал болох төв замын ойролцоо амьдран суух ба үүнийгээ тэд давуу тал болгон ашигладаг. Гэтэл уулын энгэр ба оройд байгаа айл өрхүүдэд ийм боломж байхгүй. Иймд ашигтай байрлалд буй аж ахуй эрхлэгч өрхүүдэд нэн түрүүн хотын нөхцөлд тохирсон давуу байдлын татвар тогтоож болохгүй гэж үү. Учир нь эдгээр иргэд амьдрал ахуйн хувьд боломжтой дэлгүүр, засварын газар, дугуй засвар, нийтийн байр, унаа машинтай байх нь элбэг. Ийм айлууд нийслэлийн нийт гэр хорооллын өрхийн 30 хувийг эзэлдэг гэсэн судалгаа байдаг.
Тэр ч байтугай замын хашлагыг намсгах юмуу сэтлэн машин унаагаараа нүүрс түлээ хот руу өдөр, шөнөгүй зөөн оруулж зарж борлуулан олны өмчийг өөрийн мэт ашиглан зам тээврийн хөдөлгөөнд ч эрсдэл учруулж буйгаа ч ойлгохгүй байгаа нь хачирхалтай. Нийтийн эзэмшлийн зам талбайн явган хүний замын өргөн 1.5-3 м байх стандарттай ч түүнийг үл хайхран авто зам руу нь 1 м хүрэхтэй үгүйтэй болтол нь нарийсгаж хашаагаа сунгасан байх нь жирийн үзэгдэл болжээ. Энэ нь эргээд иргэдэд тэр дундаа бага насны хүүхдүүдэд өндөр эрсдэл дагуулж байдгийг огт тоохгүй байгаа юм. Эсвэл явган замыг эзлэн түрэмгийлсэн тэдгээр өрхүүдийн хашааг буцаан татуулж өвөл бүр үүсэх хальтиргаа гулгааг өөрсдөөр нь арилгуулах захирамж тогтоолыг нийслэл дүүргүүдийн удирдлагын зүгээс гаргасан ч болохгүй гэх газаргүй.
Ингэхгүй бол мөстөж хальтиргаа үүссэн энэ нарийн замаас зугатсан иргэдийг авто замын хашлага дотуур явахад хүргэж байгаа энэ үйлдлээс учрах хор хохирлыг хэнтэй тооцох вэ. Энд онцлоход Зурагтын хуучин эцсээс Гандангийн уулзвар хүртэлх авто замын баруун талын явган замыг авч үзмээр санагдана. Учир нь газрын тогтоц урагшаа налуу. Баянхошуу, Зурагтын шинэ эцсээс машинууд өндөр хурдтай ирдэг. МҮОНТ-ийн хойно уг замын хажууд 2000 гаруй сурагчтай 46-р сургууль оршино. Энэ ч утгаараа шийдэхгүй орхиж боломжгүй асуудал бөгөөд нийслэлийн иргэн бүр иймэрхүү асуудал дээр нэгийг бодох цаг болсон.
Е.Чинбат