30 тэрбум их мөнгө үү

20 ажилтантай жижиг компани байлаа гэж бодоход овоо хэдэн жил цалин мөнгөө тавиад, эргэлтийн хөрөнгөө шийдээд байж чадна. Магадгүй улсын хэмжээнд ч их мөнгө байж болох. Зөв зохистой ашиглаад, цэцэрлэг, сургууль баривал зарим нэг дүүргийн асуудлыг шийдэж болох байх. Харин аль хэдийнэ гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад хүрэлцэх хэмжээний мөнгө мөн үү гэдэг нь эргэлзээтэй. За эргэлзээд байх ч юу байх вэ дээ. Хаанаа ч хүрэхгүй гэдэг нь тодорхой юм чинь. Тэгвэл өнөөдөр нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнээс гаргах зорилго өвөртлөн тэмцэж байгаа Цэвэр агаар сангийнханд жилдээ 30 тэрбум төгрөг өгч байна.

Тэгсэн хэр нь УИХ-ын гишүүд, жирийн иргэд хүртлээ Утаа алга болсонгүй, улсаас 30 тэрбум төгрөг өгөөд байхад үр дүн хаана байна хэмээн цээжээ дэлдэж байна. Энгийнээр зүйрлэж хэлбэл, унадаг дугуйтай хүнийг таван цагийн дотор 500 км зам туулсангүй гэж зэмлэж байгаатай ялгаагүй ойлголт болчихоод байгаа юм. Энгийн баримт дурьдаж, нотлох гээд үзье. 2010 онд статистикийн газрын гаргасан судалгаагаар нийслэлийн гэр хороололд 180 мянган айл амьдарч, утаа үйлдвэрлэж байна гэсэн тоо гарсан. Тэд нийслэлийн агаарыг бохирдуулаад байгаа утааны 60 хувийг гаргаж байгаа. Үүнээс нэг гаргалгаа гарч ирнэ. Утааны 60 хувийг үйлдвэрлэж байгаа гэр хороолол дайралт хийж, бут цохивол агаарын бохирдол 60 хувь багасна гэсэн гаргалгаа. Тиймээс Цэвэр агаар сангийн арми өнгөрсөн жил өөрт оногдсон 30 тэрбумынхаа 50 хувийг буюу 15 тэрбумыг гэр хорооллын 70 мянган айлыг төслийн зуухаар хангах ажилд зориулсан. Ажил ч бүтэмжтэй байж, 70 мянган зуух тараагаад байгаа. Гэхдээ л цаана нь дахиад 110 мянган айл пийшиндээ нүүрсээ түлж, утаагаа үйлдвэрлэсээр байгаа гэдгийг мартаж болохгүй. Харин үлдсэн 15 тэрбум төгрөгийнхөө 10-ыг нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй газруудыг төвийн халаалт, усны шугамд холбох ажилд зарцуулжээ. Түүнээс гадна агаарын бохирдлын 20 хувийг үйлдвэрлэж байгаа автомашины утааг багасгах ажилд ердөө тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Энэ мэтээр бүтэн жилд байгаа төсвөө ашиглаж, зүтгээд тун бага үр дүнд хүрсэн. Ердөө л 30-хан тэрбум төгрөгийн төсөвтэй учраас тэр шүү дээ.

Гэтэл гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдол хэвээрээ байсаар л. Яах вэ, агаар дахь хорт бодисууд тодорхой хэмжээгээр буурсан судалгаа бий. Мэдээж чадахынхаа хэрээр ажилласан хойно утааны хэмжээ ч бага болов хувиар буурсан нь тодорхой. Унадаг дугуйтай хүн чадлынхаа хэрээр зам туулсантай л адил. Хэдийгээр утаа багахан хувиар буурсан ч хүний эрүүл мэндэд аюул тарах гамшгийн хэмжээнд байсаар байна. Агаарын бохирдол хэрээс хэтэрснээс болж монголчууд эрүүл мэнддээ жилд 450 сая ам.доллар зарцуулж байна гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байна. Төгрөгөөр тооцвол хамгийн багадаа 600 сая төгрөг гэсэн үг. Өнөөх агаарын бохирдолттой хийж байгаа төсвөөс даруй 20 дахин их мөнгө зарцуулагдаж байгаа юм. Инээдэмтэй санагдаж байгаа биз дээ. Нөгөө харамч хүн хоёр дахин их төлдөг гэдэг энэ. Цаашид жилдээ 30 тэрбум төгрөгийн төсвөөр утаатай тэмцэнэ гэвэл ойрын 3-4 жилд бид утааг гамшгийн хэмжээнээс багасгаж чадахгүй шинжтэй болох нь.

Яагаад гэвэл, 2012-2013 оны халаалтын жилд яг өмнөх жилийнх шиг зарчмаар ажиллана шүү дээ. Төсвийнхөө 50 хувийг 70 мянган зуух тараахад зарцуулна. 10 тэрбумыг нь гэр хорооллыг төвийн шугамтай холбоход, нэг тэрбумыг машинд гэх зэргээр. Энэ мэтээр ухнатаж байх зуур гэр хорооллын айлууд даруй 20 мянгаар нэмэгдчихлээ. Статистикийн газрын гаргасан судалгаагаар жилд 8-9 мянган өрх нийслэлд шилжиж ирж, гэр хорооллыг тэлж байгаа юм билээ. Нөгөө талаар ганцхан тэрбумаар машины утаатай тэмцэж байх зуур автомашины тоо жилийн давтамжтай нэмэгдэнэ. Машины тоо нэмэгдэхийн хэрээр утаатай хийх тэмцлийн үр дүн олон хувиар буурч эхлэх нь тодорхой. Гэр хорооллыг төвийн шугамд холбох ажилд 10 тэрбумыг зарцуулж байгаа, Дэнжийн 1000 орчмыг холбож байгаа нь ирээдүйгээ харсан ажил, үр дүнд хүрнэ гэж харах хүмүүс олон байгаа байх. Тэгж бодож байгаа нь түмэн зөв. Гэхдээ гэр хорооллыг төвийн шугамд холбоод, айлуудын хашаан дотор шугамыг оруулж өгтөл лай ч байна, зай ч байна. Дээрээс нь Ү цахилгаан станц баригдаж дуусч байж бид хашаандаа хаус барьж, дулааны шугамд холбогдоод, нүүрс түлэхгүй амар сайхан жаргах учиртай. Тэр болтол хэдэн жилийн хугацаа байгаа нь сонирхолтой. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжээд, гэр хорооллын айлуудын ихэнх нь дулаан байранд орчихвол утаа ор мөргүй алга болж, нийслэлчүүд бид гялайх тухай бүүр түүр сураг сонсогдоод удсан. Бас л хэзээ ажил хэрэг болж, тэр тансаг байруудыг нь худалдаж авах чадвартай хүн хэр олон байх нь ч бас сонирхолтой байна. Ингээд бодохоор их бүхэн хэтийн асуудал болчихоод байгаа юм.

Бидэнд дээр дурьдсан сайхан бүтээн байгуулалтууд дуусч, утааг ор тас мартах цаг ирэхээс өмнө агаарын бохирдлоос ядаж 50 хувь ангижрах шаардлага байна. Тэгэхийн тулд Цэвэр агаар сангийн төсвийг нэммээр байгаа юм. Өнөөдрийн энэ төсөв үнэхээр бага байна. Гэтэл манай төр засаг ядуу өрхийн тэтгэмжинд 41.2 тэрбум, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 42 тэрбум, УИХ-ын гишүүдэд орон сууц авч өгөхөд зориулж 30 тэрбум төгрөг зарцуулж байна. За яахав, хүндээ хандсан хөрөнгө оруулалт гээд дэмжээд өнгөрье. Харин дүүргүүдэд хөшөө барихад зориулж нэг жилд 10 тэрбум төгрөг, ямаанд зориулж 30 тэрбумыг зарцуулжээ. Бидэнд нэн түрүүнд тулгамдаад байгаа асуудал агаарын бохирдол болохоос хөшөө биш шүү дээ. Хөшөөгүй байлаа гээд хэний ч бие өвдөж, жилдээ 600 тэрбум төгрөгөөр эм, тариа худалдаж авахгүй. Ямаанд нэг жилдээ мөнгө өгөхгүй байлаа гээд бүгд амиа хорлохгүй. Яагаад хөшөө барихад 10 тэрбум төгрөг зарцуулчихаад гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахад 30-хан тэрбум төгрөг төсөвлөөд байна вэ.

Хэрвээ энэ хөрөнгө оруулалт ядаж 70 тэрбум байсан бол хамгийн эхний ээлжинд авч хэрэгжүүлж байгаа төслийн зуухны ажлаа ганцхан жилд шийдчих байлаа. 2-3 жил дамнуулах ямар ч хэрэг байхгүй. Гэр хорооллын 200 мянган өрх бүгд бүрэн шаталттай зуух авчихвал агаарын бохирдол 50 хувиар буурна гэсэн тооцоо бий. Нөгөө талаар иргэдийн халааснаас гарч, нүүрс худалдаж байгаа хүмүүсийн цүнхэнд орж байгаа мөнгө 50 хувь буурна. Агаарын бохирдол 50 хувь буурвал, эрүүл мэнддээ зарцуулж байгаа мөнгө ч 50 хувь буурна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын цаана энэ мэт нарийн учир нуугдаж байгаа гэдгийг эрх баригчид ч, иргэд ч ухаарах цаг болсон байна.

Н.Болд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button