Хүүхдийн мөнгийг дараа сард нөхөн олгохгүй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд өчигдөр хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулах талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон арилжааны 13 банкны удирдлагууд оролцсон юм.

Энэ сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд дээрх 13 банкинд 628 298 хүүхэд данс нээлгэсэн байна. Эдгээр хүүхдүүдийн мөнгө энэ сарын 20-ноос орж эхэлнэ. Харин үлдсэн хүүхдүүдийн дансыг аравдугаар сарын 15-нд амжиж нээлгэхгүй бол дараа сард нөхөж авах боломжгүй хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцолж байсан юм.

Хүүхдийн хөгжлийг дэмжих энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар Голомт, Хаан, Хас, Хадгаламж, Худалдаа хөгжлийн банк, Капитал, Капитрон, Кредит, Чингис хаан, Эрэл, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэсэн 13 арилжааны банк саналаа ирүүлсэн байна. Хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг хялбаршуулж, иргэдэд хүндрэл багатай үйлчлэх зорилгоор мөнгө авах дансаа аль ч банкинд нээлгэх боломжийг бүрдүүлж өгсөн билээ. Энэхүү мөнгийг олгохдоо банкууд үйлчилгээний хураамжгүйгээр үйлчлэх бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж буй банкийг Хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллагаар өргөмжлөх юм байна.

Хүүхдийн мөнгө олгох санхүүжилтийг УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэж, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Харин яамнаас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журмыг боловсруулан баталжээ.

Б.Одончимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button