Х.Тэмүүжин Эмнэлгийн газрыг аварч үлдсэн танд талархаж байна

Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг эхлээд хэлэлцэх байсан ч сүүлийн үед хэвлэл мэдээллээр гараад байгаа Төрийн албан хаагчдын эмнэлгийн талаархи асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан хуучин Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж ажилчдынхаа дунд суугаад гомдол мэдүүллээ. Тэрбээр, 1990 оноос хойш ганц эмнэлэг шиг эмнэлэг барих гэхээр УИХ, Засгийн газар яагаад зууралдаад байгаа юм бэ. Газрыг нь булаалдаад байх юм. УИХ-ын ордон барих гэвэл ордны арын цэцэрлэг байна. Наян хувь нь хэрэггүй ногоо болсон тэр цэцэрлэгийг нурааж барь. Зүүн талд ч газар байна. Би энэ эмнэлгийн газрыг өгөлгүй авч үлдэж чадсан. Төрийн тусгай албан хаагч­дын эмнэлэг байлгахгүй гэж байгаа юм бол ЭМЯ-нд шилжүүлээд төрөх эмнэлэг болгочих. Яагаад эмнэлгийг устгаж оффис болгох гээд байгаа юм бэ. Эмнэлэг 100 гаруй мянган хүнд, түүний дотор төрийн тусгай албаны 30 гаруй мянган хүнд үйлчилнэ гэдгийг хэллээ. Хууль зүйн шинэ сайд Х.Тэмүүжин, Ц.Нямдорж гишүүний асуултад хариулт өгсөн бөгөөд эрсдэлтэй үүрэг гүйцэтгэгч албан хаагчид эмнэлгийн үйлчилгээ чухал.

Гэхдээ төрийн тусгай ал­бан хаагчдын ихэнхийг цэргийн госпиталь хүлээж авдаг. Нэгтгээд цогцолбор болговол зүгээр юм биш үү. Манай яаманд харьяалж байгаа бүх албан хаагчийг хэвтүүлээд эмчлэх чадвартай том хэмжээний байгууламж Госпитал дээр баригдаж байгаа. Мон­гол Улс баян чинээлэг биш болохоор улс орны эрх ашгийн үүднээс хоёр газар том эмнэлэгтэй байх шаардлагагүй. Эмнэлгийн газрыг авч үлдсэн танд талархаж байна. Гэхдээ энэ эмнэлэгт эгэл иргэдийн орон зай хэрэгтэй байна гэсэн хариулт өгсөн юм.

Түүнчлэн, манайд хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаах, цахим гэмт хэргүүдтэй тэмцэж чадахгүй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Үүнийг хийхийн тулд оффис, дэд бүтцийг шийдэх цаг болсон гэв. Харин энэ асуудалтай холбогдуулан бусад гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын ги­шүүн О.Баасанхүү Эмнэлэг барих төсөв болон оффис барихад төсвийн зөрүү гарна. Үүнийг тооцох хэрэгтэй. Сонгдо эмнэлгээс хоёр дахин хүчин чадалтай эмнэлэгтэй бо­лох гэж байгаад саад болж болохгүй. Тэгэхээр 1.7 тэрбум төгрөгийг нь нэмээд эмнэлгээ дуусгачихмаар байна. Хотын төвд өөр газар бий. Ерөнхийлөгчийн өвлийн ордны дэргэд байна. Өвлийн ордны хашаанд 25 давхар байшин барьж байна. Ерөнхийлөгчийн толгой дээрээс хогоо шидэхэд бэлэн болчихсон газрыг авармаар байна. Тэндээ төрийн бүтцээ байгуул. Төрийн мэдлийн 8000 орчим газрын 6000-ыг нь хувийн хэвшлийнхэн хулгайлаад авчихаад байна гэсэн юм.

Гишүүдийн байр суурийг сонссоны дараа УИХ-ын дарга З.Энхболд Төрийн ордоны арын цэцэрлэгт өргөтгөл хийхгүй. Өөр газар судалж байгаа. Орон нутгийн сонгууль ойртсонтой холбоотойгоор янз бүрийн популист мэдэгдэл хийхгүй байх хэрэгтэй гэлээ. С.Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын гишүүд энэ асуудалтай холбог­дуулан өөрсдийн байр суурийг илэрхийлж ажлын хэсэг байгуулах санал оруулсан ч дэмжигдсэнгүй. Энэ асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Мэтгэлцээний дараа эхлээд хэлэлцэх байсан асуудлаа хэлэлцэж байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо. Мөн УИХ-д шинээр сонгогдсон ги­шүүд харьяалагдсан байнгын хорооныхоо эрхлэх ажлын хүрээнд хамаарах байгууллагуудын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцдаг уламжлалын дагуу Аж­лын хэсгүүд байгуулах асуудал байсан бөгөөд гишүүд салбар салбараар ажлын таван хэсэгт хуваагдахаар болж, ахлагч нараа баталсны дараа хэн нь аль хэсэгт орж ажиллахыг хүсч буй тухай саналаа өөрсдөө өгөхөөр болов.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button