Улаанбаатар хотын аюулгүй байдлын талаар хэлэлцлээ

Симпозиумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонсгосон юм. Ерөнхийлөгч илгээлтдээ Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын эмх замбараагүй бодлого, шийдвэрийг таслан зогсоож, албан тушаалтны үзэмжээр биш шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэшсэн төлөвлөлтийн үндсэн дээр шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг тэр тогтолцоонд шилжихээс Улаанбаатар хотын аюулгүй байдлын асуудлыг эхлэх ёстой. Эмх замбараагүй баригдсан барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чанар, замын хөдөлгөөний түгжрэл, ногоон байгууламжийн хомсдол, агаарын бохирдол, ундны усны асуудал гээд том хотуудад тохиолддог нийтлэг бэрхшээл манайд ч байна. Эдгээр бэрхшээлийг хэрхэн даван туулж шийдвэрлэж байгаа талаар Азийн орнуудын төлөөлөгчид та бүхнээс сурч мэдэх зүйл их байгаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль-ийг санаачлан батлуулан хэрэгжүүлж, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх Үндэсний хороог байгуулан ажиллуулж эхэлсэн нь зохих үр дүнд хүрч байгаа хэдий ч хийх ажил их байна.

Манай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж хот, суурин газар өргөжин тэлж, хүн амын төвлөрөл ихээхэн нэмэгдэж буй энэхүү цаг үед зохион байгуулагдаж байгаа Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал Олон улсын симпозиумын үйл ажиллагаанд оролцогч эрдэмтэн, мэргэд та бүхнээс гаргасан санал, санаачилга, зөвлөмж Монгол Улсын болон Азийн томоохон хотуудын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн дурьджээ.

Үүний дараа Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл симпозиумыг нээж, үндсэн итгэлдээ орсон юм. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор, профессор Б.Дамдинсүрэн Их хотын амар тайван, аюулгүй байдалд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг, Японы Шинжлэх ухаан, технологийн төвийн Стратеги судлалын хүрээлэнгийн доктор Ёшифуми Ясуока Хотын дэд бүтцийг динамик загварчлал ба симуляцын платформд нэгтгэн оруулах нь, Японы зочин профессор Ясуёоши Ичихаши Фукушимагийн Дайчи атомын цахилгаан станцад гарсан осол ба эрчим хүч, хүрээлэн буй орчны талаархи Япон улсын хэтийн бодлого гэсэн үндсэн илтгэлүүдийг тавьсан.

Мөн өнөөдөр болох салбар хуралдаануудаар Уур амьсгалын өөрчлөлт дэх хот суурин газрын үерийн эрсдэлийн менежмент, Эрсдэлийн үнэлгээ, Даацыг хүчитгэх технологийн хөгжил ба нэвтрүүлэх арга зам, Гамшгийн эрсдэл ба сэргээн босголт, Хотын дэд бүтцийн системийн төлөвлөлт ба хөгжлийн асуудал, Газар зүйн мэдээллийн технологийг нэвтрүүлэх нь, Тогтвортой технологийн хөгжил ба ашиглалт гэсэн илтгэлүүдийг гадаадын эрдэмтэд тавьж хэлэлцүүлэх юм. Симпозиумд Австрали, Армен, Бангладеш, БНХАУ, БНСУ, Вьетнам, Непал, Индонез, ОХУ, Сингапур, Шриланк, Тайланд, Филиппин, Энэтхэг, Япон гэсэн 15 орны 51 эрдэмтэн, монголын эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Э.Туул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button