Ч.Бат-Эрдэнэ Миний хувьд өөрийгөө таних хэрэгтэй байна
оюутныхаа амралтаар эх орондоо ирээд байгаа билээ. Энэ хугацаандаа тэрээр зүгээр суусангүй дуучин П.Идэржавхлангийн Аавыгаа санахаар, Д.Намсрайноровын Сэвлэг шиг… бүүвэй шиг.. тоглолтуудыг зохион байгуулсан юм. Түүнээс гадна хэд хэдэн залуу дуучдын уран бүтээл дээр ажиллаж заавар зөвлөгөө өгөөд байна. Түүнтэй хором хөөрөлдлөө.
-Та Удирдлагын академид сурч байсан. Одоо гадагшаа явж сурч байна?
– Ирланд улсад менежментийн чиглэлээр сурч байгаа.Амралтаараа ирээд байна. Өглөөний 9.00 цагаас 17.00 цаг хүртэл хичээллэдэг болохоор нэлээд ядрах юм. Энэ сарын 17-нд Ирланд руу буцна. Мөн энэ ондоо багтаж сургуулиа дүүргэнэ. Үнэндээ монголд уран бүтээлээ хийгээд явах тэнд номын дуу сонсох хоёр асар ялгаатай байдаг юм байна. Бас тэнд байхад монголд баяр ёслол болохоор сэтгэл их хөдөлнө өө.
-Ард түмний хайртай дуучин маань улс төр, менежмент хөөгөөд уран бүтээлээ орхичих вий дээ гэсэн хардлага үзэгчдийн дунд байгаа. Энэ тал дээр?
-Үгүй ээ. Уран бүтээлээ орхино гэж юу байхав. Монголын соёл урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг соёлын тухай хуулиндаа, соёлын бодлогодоо тусгасан байдаг. Энэ үйлсэд зүтгэе гэж бодож байна. Үүний тулд өөрөөсөө гадна өрөөлийг танихыг би хувьдаа менежмент гэж ойлгоод байгаа. Одоохондоо уран бүтээл хийх зав ч гарахгүй байна. Миний хувьд монголын соёл урлагийн салбарт менежмент асар дутагдалтай энэ цаг үед зөв менежмент, зөв удирдлагыг бий болгохыг зорьж явдаг хүний нэг. Тиймээс урлагийн ирээдүйд санаа зовнисон хэсэг хүмүүстэй хамтарч соёл урлагийн менежерт зориулсан удирдахуйн лавлах ном гаргасан.
Тэр ном маань соёл урлагийн бүх шатныхны гарын авлага болоод байгаа бөгөөд цаашид 19 цуврал гаргана гэж бодож байгаа. Яваандаа бүх дууны урлаг бүгд нийтийн дуун дээр нийлнэ гэдгийг би гарцаагүй мэдэж байна. Яагаад гэвэл нийтийн дуу монгол ардын дууны үргэлжлэл. Одоо судалгаагүйгээр уран бүтээл хийдэг цаг өнгөрсөн. Бүх зүйлд нарийн судалгаа, шинжилгээ шаардагддаг болсон.
-Нутагтаа ирээд сайхан тоглолт хийхээр төлөвлөж байгаа юу?
-Энэ талаар бодож байна. Гэхдээ одоогоор төлөвлөсөн зүйл алга. Би 2010 онд шинэ цомог гаргасан. Тэр цомгийн маань дуунуудыг фенүүд маань сонсч байгаа байх.
-Та бас удирдлагын академид сурсан. Яваандаа улс төрд орох бодол байна уу?
-Аливаа зүйлийг мэдэх хэрэгтэй. Миний хувьд өөрийгөө олох хэрэгтэй, таних хэрэгтэй байна. Жаахан юм уншчих юмсан, сонсчих юмсан гэсэн бодолтой байна даа. Цаашид төлөвлөсөн зүйл бий.
-Одоо найр улирлын цаг. Нутагтаа ирээд буй хугацаандаа энд тэнд арга хэмжээнд уригдаж дуулж байна уу?
-Үгүй ээ. Найр наадам гэхээсээ дүү нартаа туслаад явж байна. Одоогоор СТА дүү Д.Намсрайноровынхоо тоглолтыг аятайхан зохион байгуулчихъя л гэж бодож байна. Амрах гэж ирж байгаа болохоор нутагтаа сайхан алжаалаа тайлах нь чухал байна. Хамгийн гол нь өөрийнхөө чадаж байгаа зүйлээр дүү нартаа туслаад явж байгаа.
-Таныг хараад байхад улс төр менежментийн чиглэлээр сураад урлагаасаа холдоод байх шиг. Ер нь хэд хүртлээ дуулна гэж боддог вэ?
-Чадахаасаа чадахгүйгээ хүртэл дуулна гэж боддог. Бусдаас илүүрхээд байх юм алга. Бусдын адил л амьдарч явна.
-Хүүхдүүд тань ямар сургуульд сурч байгаа вэ?
Тус тусынхаа сургуульд сурч байна. Амьдрал баян байна. Бат-Эрдэнэ ямар явна вэ гэдэг нь харагдах байлгүй дээ.
-Дуучин Э.Оюумаатай ойрд уулзсан уу?
-Тус тусдаа уран бүтээлээ хийгээд л явж байгаа. Уучлаарай энэ талаар яримааргүй байна.
Д.Нэргүй